Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дарханы ардчилагчид түүхэн ойгоо тэмдэглэв


1990 оны нэгдүгээр сарын 13-ны өглөө Дархан хотынхон ердийнхөөрөө л сэрж, ажилдаа гараад явж эхлэхэд хөл хөдөлгөөн хамгийн ихтэй газруудад “Дарханчууд аа нойрноос сэрцгээ” гэсэн ухуулах хуудас наачихсан байх нь тэр. МАХН-ын “Үнэн”, дарханы “Найрамдлын Дархан” сониноос өөрийг уншиж байгаагүй хүмүүст содон бууж, ардчиллыг уриалсан үг үсэг нь сонин, бас аймаар санагдаж байлаа.

Хүмүүс гайхаж, бас сонирхож байхад хотын удирдлага, намын дарга нар, цагдаагийнхныг дуудан түгшүүр зарлан бужигнаж, ёстой л дийлсэн нь дэлдийснээ зандчиж байв. Энэ үест мэдээж цагдаагийнхан бүхий л ухуулах хуудсыг хуулж аваад хэн бичив, ямар эсэргүү хаана байна хэмээн тагнаж, судалж эхлээд байлаа.

Харин үүнтэй зэрэгцээд  Дарханы зургийн товчооны дарга Ганболдын өрөөнд өөр долоон хүн цуглаж байсан нь  Жаргалсайхан, Төрбат, Гандаръя, Төмөрбат, Батсайхан, Ганболд нарын залуучууд байсан юм. Ингэж Дархан хотод МоАХ  байгуулах үндэс тавигдсан байна.

Ийм ч болохоор саяхны ням гарагт Дархан хотод МоАХ-ны салбар байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Ой тэмдэглэх нь баяр ёслол биш харин ч өнгөрсөн ирээдүйг холбох түүхэн товчоо байлаа. Ойн баярын ажиллагааг нээж Дархан-Уул аймгийн МоАХ-ны дарга М.Төмөртогоо хэлсэн үгэндээ “Ардчилал бол асаагаад орхидог мөнхийн хөдөлгүүр биш. Ардчилал бол үргэлж тордож, арчилж байх ёстой ариун нандин үйлс. Монгол орондоо илүү сайхан ирээдүй цогцлоохын тулд монголын ардчилагчид өнгөрсөн ирээдүй, өнөө, маргаашийг холбож ажиллаж амьдарч, тэмцэх ёстой” гэж тэмдэглэсэн юм.
Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Ардчилллын үнэт зүйл ба оюутан залуус” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулж илтгэл шалгаруулахад Дархан технологи дээд сургуулийн оюутан н.Батбилэг түрүү байр эзэлжээ. Баярын үеэр  Дарханы ардчиллын анхдагч­дад хүндэтгэл үзүүлэн дурсгалын медаль гар­дуул­­сан бол 25 залуу МоАХ-нд элсэн бат илэрхийлэхээ гардан авсан юм. Мөн ерөн­хий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мэдэх ардчилал” эсээ урал­даан зар­ласнаа дүгнэхэд Оюуны ирээдүй цогцол­бо­рын сурагч Л.Бүжмаа тэргүүн байр эзэлсэн байлаа.


Ардчилалтай холбогдсон олон хүн ажил амьдралаараа хохирсон

Дархан-Уул аймагт МоАХ байгуулагдсаны 25 жилийн ойн баярын үеэр аймгийн МоАХ-ны анхдагчийн нэг Дэмбэрэлийн Ганболдтой уулзаж ярилцлаа. Тэрээр баярын өдөр тохиож буй ч, өнөө хүртэл сэтгэл эмзэглэж явдаг нэгэн зүйлийнхээ тухай сэтгэлээ дэлгэн ярья гэсэн юм.

-Өөрөө ардчиллын үйл хэрэгтэй анх хэрхэн хол­богдсон юм бэ?
-1990 онд би Ус суваг ашиглалтын конторт маши­нистаар ажиллаж байлаа. Тэгээд л энд болсон анхны цуглааныг сонирхон оролцож бай­гаад Материал хангам­жийн Алтантогостой  уулзаж залуу техникчдийн станцад очсон. Тэндээс эхлээд л МоАХ-ны ажилд идэвхийлэн оролцож эхэлсэн.

-Тэгээд л өөрөө орол­цоод зогсохгүй бус­дыг уриалаад, зохион байгуулаад......
-Өө, тэгэлгүй яахав. Даш­жамцын Баттулгын үүрэг даалгавраар байгууллагадаа МоАХ-ны салбар зөвлөл байгуулах ажилд орсон. Манай байгууллага чинь тэр үед 180 ажилтантай байсан. Манай салбар зөвлөлд 34 хүн элсч байлаа шүү дээ. Тэгээд л салбар зөвлөлдөө “Цагийн аяс” нэртэй сурталчилгааны самбар ажиллуулж нийслэлд, Дарханд болж байгаа ардчил­сан хөдөлгөөний үйл явдлын талаар мэдээлдэг байсан даа.

-МоАХ-нд элслээ, жаг­саал цуглаанд оролцлоо гээд байгууллагаас хавчин дарамталдаг байв уу?
-1991 оны гуравдугаар сард манай салбар зөвлөл Болд  гэдэг хүнийг байгууллагын даргад нэр дэвшүүлэн дарга болгож байлаа. Тухайн үедээ бас л хүчтэй байсан хэрэг.  Гэхдээ л ажлаас халах, ардчиллынхныг хавчин гадуурхах явдал байсаар байсан. Бод л доо, 1996 онд УИХ-ын сонгуульд ардчилсан хүчин ялаад эргэж харахад манай байгууллагад гэхэд л ардчиллын анхдагчид, МоАХ-ны салбар зөвлөлийн өнөөх гишүүдийг чинь бараг бүгдийг нь ажлаас халаад зайлуулчихсан л байсан. Дараа нь 2000 онд МАХН ялж дахиад л ардчиллынхныг цэвэрлэсэн. Манай байгуул­лагад МАХН-ын хүн томилогдон ирж бүтцийн өөрчлөлт хийхэд би 2003 онд халагдсан даа. Тэгэхэд шинэ ирсэн даргад МАХН-аас бүр халах хүний жагсаалтыг гаргаад өгчихсөн, тэр нь бүгд л манай ардчилагчид байсан даа.

-Улс орон даяар л ийм байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Ер нь бид ардчилсан хувьсгалын энэ 25 жилд “Ардчилсан хувьсгал Монголд нэг ч цонх хагалаагүй өрнөсөн” гэж ярьсаар ирсэн. Миний эмзэглэж явдаг зүйл бол цонхноос илүүтэй маш олон хүн ажил амьдралаараа хохирсон явдал. Олон хүн аж­лаасаа халагдаж, хав­чигдаж МАН-ын эрх барьсан жилүү­дэд ажилгүй л явсан шүү дээ.
Хамгийн харамсалтай нь үзэл бодлоор намаар нь ялгаварлан халж зайлуулсан тэр хүмүүсийн дунд улс оронд хүчээ өгч хөдөлмөрлөж, зохих тэнцэх ажилдаа байсансан бол ихийг хийж бүтээх мэргэжил мэдлэгтэй чадварлаг олон хүн байсан. МАН /хуучны МАХН/-аас болоод тэр хүмүүсийн мэдлэг боловсрол, чадварыг улс орон ашиглаж чадаагүй.

-Жишээлэхэд...?
-Энэ жишээг хэлчихэд нөхөд маань нэг их дургүйцэхгүй гэж бодож байна. Социализмын үед Зөвлөлтийн барилгын трестэд орчуулагч хийдэг Пүрэвсүрэн гээд орос хэлтэй сайхан залуу байлаа. Тэр үед МоАХ-нд хандив өргөхөд дарайсан зуутын дэвсгэрт гаргаж ирээд л өгч байсан даа. Тэгээд л МоАХ-нд элссэний нь төлөө ажлаас нь халаад, ажилгүй болохоор авгай нь салаад... Одоо тэгээд хөөрхийг архичин л гэж ярьдаг болоод байна шүү дээ. Улс ч тэр хүний мэдлэг чадварыг нь ашиглаж чадаагүй, Пүрэвсүрэн ч амьдралаараа хохироод ийм болчихоод байна.Энэ бол ганц л жишээ. Ийм жишээ манай Дарханд, ер нь улс орон даяар ёстой хар мянга бий дээ. Цонх хагарсан  бол шиллэчих л байсан байх. Харин хүний амьдралын хохирлыг юугаар үнэлэх вэ...


Дарханы МоАХ-ны түүх туурвигч

Түүх туурвигч гэхээр өөрөө тэр үйл явдалд нь оролцож түүхээс бүтээлцсэн, эсвэл түүхийг нь судалж бичиглэгч хэмээн хоёр янзаар ойлгож болох. Харин Дархандаа, ардчиллынхан дундаа  Да-Бу хэмээн нэрийдсэн  Дотгоны Даваасамбуу гуайг аль алинаар нь ийн нэрлэхэд ёстой нүүр бардам гэж болно. Даваасамбуу  гуай тэртээ 1990 онд л МоАХ-той амьдралаа холбож, цагаан морин жилийн хавар Монголын хоёр дахь том хот болох Найрамдлын Дарханд өрнөсөн жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн, гудамж талбайд ухуулах хуудас наах, ажил хаялт зэргийг зохион байгуулахад идэвхийлэн оролцож явж.

Үүний зэрэгцээ түүний нэг сайн чанар нь түүхэн баримтуудыг хав даран хадгалдагаараа өнөө цагт жинхэнэ үнэд хүрч буй партизан.
Ийм ч болохоор түүнд Дархан хотод ардчилсан хувьсгал хэрхэн өрнөж эхэлсэн, ямар хурал цуглаан болж хэн хэн юу гэж хэлж байснаас эхлүүлээд, хэн дарга болж, юу бүтээсэн, өлсгөлөн, суулт, цуглаан жагсаалын протокол нь хүртэл бий. Энэ бүхнийгээ эмхэтгэн Да-Бу 2009 онд МоАХ-ны 20 жилийн ойгоор Дархан дахь ардчилсан хөдөлгөөний түүхийн товчоо болох “90 оны хавар” хэмээх номынхоо нэгдүгээр ботийг хэвлүүлсэн бол энэ жил 25 жилийн ойгоор “90 оны зун” хэмээх хоёрдугаар ботио хэвлүүлжээ. 

Даваасамбуу гуай номынхоо ор­шилд “Энэхүү номыг хэн нэг хүний захиалга, ямар нэгэн хүний таа­шаалд нийцүүлэх гэж эмхэтгэн най­­руул­сангүй. Түү­хэн бодит баримтыг бүрэн эхээр нь хэвлэлд тавьж одоо үеийнхэндээ үнэн түүх өгүүлэн, хойч үеийнхэндээ судалгааны материал болон түүхэн архив болгоход зориулав. Өөрийн хувийн архивыг түшиглэн журмын нөхдийн хувийн архивт байсан материал зургуудыг өөрсдийн нь зөвшөөрснөөр номдоо эмхэтгэн найруулж тавилаа” гэж өөрөө бичсэн нь бий.

Ардчиллын төлөө 25 жилийн амьдралаа зориулж, энэ түүхийг хойч үеийнхэндээ өртөөлөн хүргэхийн төлөө өнгөрсөн 25 жилийн өмнө  маягт хүснэгт дээр гараар бичсэн, герман бичгийн машинаар цохисон хуучин баримтуудын шарласан хуудас эргүүлэн сууж түүхэн баримтуудыг эмхэтгэн суугаа энэ сайхан эрхэмд Дархан хотод ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн МоАХ-ноос хоёр өрөө байр шагнал болгон өгсөн нь ёстой нүдээ олсон хэрэг хэмээн хэн хүнгүй хэлж байсан юм.


МоАХ-ны түүхэн үүргийг МАН тодорхой үнэллээ

Дархан-Уул аймагт Ардчилсан хөдөлгөөн үүсч өрнөсний 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.На­санбат оролцож МоАХ-ны үе үеийн ги­шүү­­дэд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр “25 жилийн тэртээ 1989 оны намар, 1990 оны хавраар Мон­голын нийгэм, ард түмний амьдралд томоо­хон өөрчлөлт хийсэн хүмүүс бол МоАХ-ны гишүүд байлаа. Дархан-Уул аймгийн үе үеийн хөгжил дэвшилд МоАХ-ны гишүүд ямагт манлайлан оролцож хувь нэмрээ оруулж ирсэн юм” гээд МАН-ын хүндэт дурсамжийг аймгийн МоАХ-нд гардуулан өгсөн юм.


 Дарханы МоАХ-ны тэмцлийн хуудаснаас.....


18 цаг хүртэл тэссэн ухуулах хуудас

1990 оны нэгдүгээр сарын 13-ны өглөөгүүр  Дархан хотын 20 газарт  “Дарханчууд аа нойрноос сэрцгээ” гэсэн ухуулах хуудас наасныг цагдаагийнхан 10:00 цаг гэхэд хуулж хурааж авсан  бол  үйлчилгээний хуучин төвд наасан ухуулах хуудас 18 цаг болтол тэсч, олон хүний хүртээл болсон байна.

Монголын хамгийн анхны ажил хаялт

Дарханы МоАХ-ны АТК-ын III  цувааны салбар зөвлөл зохион байгуулснаар 1990 оны дөрөвдүгээр сарын 17-нд МанЗ-ын III цувааны жолооч нар ажил хаялаа. Энэ тэмцлийг дэмжиж үйлдвэр аж ахуйн бусад газрууд ч ажил хаяхад бэлэн байгаагаа илэрхийлж байснаар эрх баригчдын хувьд урьд хожид үзэж дуулаагүй, нам төрийн эсрэг ажил мэт бодогдож байсан гэдэг.

Жагсагчид хотын даргыг дуудаж үг хэлүүлж байв

МоАХ-ноос хотын удирдлагуудад өгсөн шаардлагыг хүлээж аваагүй учир 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд Дархан хотод ардчилагчдын сүрт жагсаал боллоо. Жагсагчид Залуучууд театрын өмнө цуглаанаа эхлээд хотын захиргаа руу жагсаалаар явж хотын дарга Цэгмэдийг МаЗ машины тэвшин дээр гаргаад үг хэлүүлж байжээ.

Нөхдөө дэмжсэн суулт

Хөвсгөл аймагт МоАХ-ны  удирдлагуудыг эрх баригчид баривчлан хорьсныг эсэргүүцэж 1990 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс Дархан хотын МоАХ-ны гишүүд суугаа эсэргүүцэл зарласан байна. МоАХ-ны гишүүд Залуучуууд театрын өмнө суухад урьд нь тэмцлийн ийм арга байдгийг мэдэхгүй иргэд ихэд гайхаж сонирхож байсан гэдэг.

Суулт нь өлсгөлөн болж өргөжив

1990 оны тавдугаар сарын 2-нд Дарханы МоАХ-ны зохицуулах зөвлөл хуралдаж тэмцлийн суултаа өлсгөлөн болгохоор тохирсон байна. Ингээд Дарханчууд, Хөвсгөлийн үзэл бодол нэгт нөхдөө дэмжиж өлсгөлөн зарлалаа. Тавдугаар сарын 3-наас эхэлсэн өлсгөлөн 8-ны өдөр буухад нийт 16 хүн оролцсон байлаа.

Тэгш эрх сонин

Хотын МоАХ-ны зохицуулах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар өөрийн гэсэн сонинтой болох тухай асуудал хэлэлцээд “Тэгш эрх” гэж нэрлэхээр тогсон байна. Сонины зөвлөлд багш Д.Баярцогт, инженер М.Нямсүрэн, мэдээлэл зүйн товчооны Д.Ганбаатар нарыг оруулжээ. Хожим нь тус сонины эрхлэгчээр Д.Цэвэгмидийг баталж байжээ. 
      
Дарханы МоАХ-ны анхдугаар бага хурал

Дархан хотын Ардчилсан холбооны анхдугаар бага хурал 1990 оны гуравдугаар сарын 31-нд эмэгтэйчүүдийн ордонд болж салбар зөвлөлүүдийн төлөөлөл 100 гаруй гишүүн  оролцсон байна. Хурлаар Дархан хотод МоАХ байгуулагдснаас хойшхи хоёр сар агруй хугацааны ажлын тайланг хэлэлцэн дарханчуудад хандсан уриалга гаргажээ.

0 Сэтгэгдэл
МАН-ын томцуулаасаа илүү ухаантай юм гээч, хө
Дарханы анхдагчдад баяр хүргэе. Энэ Дарханы Засаг дарга чинь их ухаалаг, соёлтой залуу бна ш дээ.
МАН-ын томцуулаасаа илүү ухаантай юм гээч, хө
Хамгийн их уншсан