-Хүний эрх чөлөөг тунхаглах түүхэн хувьсгал хийсэн өдөр тохиож байна. Та энэ өдрийн талаар эргэн дурсахгүй юу?
-Тэртээ алсад хоцорсон 25 жилийн өмнөх ардчилсан хувьсгал, ардчилсан хөдөлгөөн өрнөж байх үед бид юуны төлөө зүтгэж байсан бэ гэдэг маань өнөөдөр харагдаж байна. Мэдээж хэрэг дарангуйлал, нэг намын тогтолцоог халж, хүнлэг энэрэнгүй, олон ургалч үзэл уралдсан тийм л зүйлийг хэн хүнгүй хүсч байсан. Дарангуйллыг халахын төлөө дарханы залуус сэтгэл зүрх, үзэл бодлоо нэгтгэн тэмцэж дархан хотдоо МоАХ-г үүсгэн байгуулж, жагсаал цуглаан зохион байгуулж, тэр ч байтугай суулт, өлсгөлөн зарлаж нийгмийн байгууллыг өөрчлөх алхам хийсэн. Нэг толгойтой буюу ардын намын зохиосон дүрэм, журмаар, тэдний дарамтад амьдрах дэглэмээс олон талт үзэл уралдсан нийгэм рүү шилжих хөдөлгөөн үүсэх үед чамгүй олон шахалт, хавчлагыг бид туулж байлаа. Хөдөлгөөн холбоо гээд яваа залуусыг ажлаас үг дуугүй шууд халчихна. Дарга нарын өрөөнд байнга шахуу дуудагдана гээд л олон юм байсан. Тухайн үеийг өнөөдөр эргээд бодоход бид зоригтой л байж дээ. Нэг намын ноёрхол тогтчихсон тийм үед зоригтой алхам хийгээгүй бол өнөөдөр Монгол Улс ямар ч байх байсан юм билээ. Бид хувьсгал хийж чадсан учраас хүн болгон өөрийн дуу хоолойг дарга, цэрэг хэнд ч хүргэж, шүүмжилж, алдаагаа засах боломж олгож байгаа. Ер нь, ардчилал бий болсноор олон сайн зүйл авчирсан. Өнөөдөр ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш 25 жил өнгөрч бид бүхэн, МоАХ-ны партизанууд, гишүүд маань түүхт ойн баяраа тэмдэглэж байна. Иймд нийт гишүүд, партизанууддаа баярын мэнд дэвшүүлье.
-Та АН-ын гишүүн болсон уу?
-Гишүүн нь гишүүн. Гэхдээ намын үйл ажиллагааг нэг их дэмжээд, оролцоод байдаггүй. Би 1990 оноос хойш буюу анхнаасаа л МоАХ-ны гишүүн, анхдагчдын нэг байсан түүгээрээ л бий. Хойшид ч холбооноосоо холдохгүй гэж боддог.
-МоАХ-г байгуулах үед чамгүй олон нугачаа туулсан байх?
-Миний хувьд найман жил Дархан-Уул аймгийн МоАХ-ны даргаар ажилласан. Энэ хугацаандаа ардчиллыг бэхжүүлэхийн төлөө чамгүй их зүйл хийсэн гэж боддог. Холбооны маань гишүүд, партизанууд дарханы ардчиллын жишгийг хамтын хүчээр тогтоосон гэхэд хилсдэхгүй байх. Ер нь, ардчилал гэдэг чинь хамтын санал бодлоор шийдвэр гаргаж, олны хүч, дэмжлэгээр бэхжиж, хөгждөг зүйл. Хэрвээ нэг хүний бодлоор явж, түүний гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээд байвал энэ чинь дарангуйлал, нэг хүнийг тахин шүтэх зарчим орчихно. Өөрөөр хэлбэл, ардчилал дампуурна гэсэн үг. Тиймээс Дарханы Ардчилсан холбоо хамтын шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлсээр ирсэн.
-Анхны суугаа тэмцэл Дарханд болж, өлсгөлөнд шилжиж байсан гэдэг?
-Тийм ээ. Тухайн үед ардчиллын төлөө тэмцэж явсан хүмүүс намын удирдлагад хандан бичиг хүргүүлж түүнийхээ хариуг авахаар Залуучууд төатрын өмнөх талбайд тайван суулт зарласан юм. Гэтэл тэрхүү бичгийн хариуг цаг хугацааанд өгөхгүй элдэв шалтаг тоочин хойшлуулж, бараг л хүлээн авах боломжгүй гэх маягийн зүйл ярьж эхлэх үед нь суултаа өлсгөлөн болгосон.
Уг нь, арав гаруй хүн өлсгөлөнд оролцохоор санал гаргасан ч найм нь л энэ үйл ажиллагаанд оролцож болно гэсэн эмнэлгийн дүгнэлт гаргасан юм. Эрүүл мэндийн шалтгаанаар зарим нь хасагдсан гэсэн үг. Эрхэм дээд хүмүүст өгсөн шаардлагын хариуг ирүүлэхгүй удааж, хүсэлт тавьсныг биелүүлэхгүй байснаас үүдэн тэмцлийн хурц хэлбэр нэлээд удсан юм. Энэ үед өлсгөлөнг зогсоохоор С.Зориг өөрийн биеэр хүрч ирээд учир байдлыг тайлбарлан, Улс төрийн товчоо татан буугдсан, бид санасан хүссэн зүйлдээ хүрч, олон намын тогтолцоот, хүний эрхийг дээдэлсэн нийгэмд шилжихээр болсон хэмээн буулгаж байлаа.
-Ардчилалд алдаа оноо их байсан. Маргаашийн тухайд ямар бодолтой явна?
-Бидэнд алдаатай, оноотой он жилүүд байсан. Гэхдээ алдахаасаа оносон зүйл нь их. Ардчиллын үнэт зүйлсээ хүндлэн дээдлэх, хайрлан хамгаалах ариун үйлсээсээ хэзээ ч ухраагүй. Амьралд алдах зүйл гардаг. Харин тэрхүү алдаагаа дахин давтахгүй байх нь л чухал. Ирээдүй болсон хүүхэд залууст ардчиллын талаар түүх, хэрхэн түүнийг арчилж, өшөө сайжруулан авч явах талаар зааж сургах хэрэгтэй.
Ардчилал гэдэг энэ эрхэм зүйлийг аль ч нам эвсэл хүлээн зөвшөөрч байгааг өнөөдөр харлаа. Ойн баярын арга хэмжээн дээр Дархан-Уул аймгийн МАН-ын дарга Насанбат хүрч ирээд мэндчилгээ дамжуулж, намын бүлгээс нь дурсамжийн зүйл гардуулсан. Энэ бол ардчиллыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд илүү сайхан маргаашийг итгэлтэйгээр төсөөлж байна даа.