Иргэд эрүүл мэндийн даатгалаас ямар хөнгөлөлт эдэлж болох талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн дарга Б.Баярболдтой ярилцлаа.
-Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж үйлчилгээ саяхан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар нэмэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өндөр өртөгтэй зарим мэс заслын үед хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг Эрүүл мэнд, спортын сайд 2014 оны сүүлээр шинэчлэн баталсан. Уг нь, нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой. Гэхдээ одоогоор гурван сайдын тушаал хараахан гарч батлагдаагүй. Өөрөөр хэлбэл, Сангийн, Эрүүл мэнд, спортын, ХАХНХ-ын сайдын хамтарсан ташаалаар протезын үнийг батлах ёстой юм. Өндөр өртөгтэй мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ-д хийдэг учраас тэдний хувьд энэ бол чухал жагсаалт.
-Гадаадад эмчлүүлэх иргэдэд хамаарах уу?
-Хамаарахгүй. Учир нь зөвхөн эх орондоо өндөр өртөгтэй зарим мэс заслын үед хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл протезын жагсаалт гэж заасан.
-Иргэд жил болгон л эрүүл мэндийн даатгал төлдөг ч өнөөг хүртэл даатгалын үр шимийг хүртээгүй байна гэж гомдоллох нь хэзээ татрах бол?
-Даатгуулагч дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хуульд заасны дагуу төлж байсан. Мөн энэ хугацаанд даатгалын сангаас эрүүл мэндийн ямар нэгэн тусламж үйлчилгээ авч байгаагүй бол даатгуулагчийг нэг удаа бүрэн үзлэгт хамрагдах эрхээр урамшуулж эхэлсэн. Урамшууллыг улсын хэмжээнд 80, нийслэлд 40 гаруй эрүүл мэндийн байгууллага үзүүлж байна. Даатгуулагч гурван төрлийн багцаас сонгож үйлчлүүлэх эрхтэй. Нэгдүгээрт, ерөнхий багц, хоёрт хавдрын, гуравдугаарт харшлын гэж бий. Даатгуулагчид манай www.endaatgal.mn цахим хуудсаар ороод урамшууллын эрх үүссэн эсэхээ регистрийн дугаараараа харах боломжтой. Мөн урамшууллын үйлчилгээ явуулж буй эмнэлгийн байршил, хаяг зэргийг харж болно.
-Даатгуулагч жишээ нь хувийн эмнэлэгт очоод хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?
-Хувийн эмнэлэг болон рашаан сувиллаас тусламж үйлчилгээ авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж байгаа санхүүжилтийн хэмжээнээс хөнгөлөлт эдлэх ёстой. Тухайлбал, даатгуулагчийн нийт төлбөр 300 мянган төгрөг байвал эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн хувийн эмнэлэгт ойролцоогоор 175 мянган төгрөг олгодог. Даатгуулагч өөрөө үлдсэнийг нь төлнө. Рашаан сувиллын хувьд нийт төлөх төлбөрөөсөө 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэртэй бол энэ хөнгөлөлтийг эдлэх эрхтэй. Мөн эмийн сан өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Улсын хэмжээнд 500 гаруй, нийслэлд 200 гаруй эмийн сантай гэрээ байгуулан ажилладаг.
-Хувийн эмнэлгүүд хүмүүсийн эрүүл мэндийн дэвтрийг ашиглаж нөхөн төлбөр авдаг. Тухайбал, эрэгтэй хүнийг эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гээд эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлбөр авсан байх жишээтэй. Үүнд танайхаас ямар хяналт тавьж байна вэ?
-Энэ асуудал дээр чанарын хэлтсийнхэн ажилладаг. Тус хэлтсийн мэргэжилтнүүд алдаатай асуудлыг илрүүлэн арга хэмжээ авдаг. Орон нутагт ч мөн адил нийгмийн даатгалын байгууллагын эрүүл мэндийн даатгалын албатай. Энд хяналтын байцаагч, эмч нар ажиллаад асуудалтай тохиолдлуудыг илрүүлээд санхүүжилтийг хасдаг.
-Ер нь даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас нийт хэдэн төрлийн тусламж үйлчилгээний хөнгөлөлт эдлэх эрхтэй юм бэ?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Үүнд, 0-16 насны хүүхэд, оюутан сурагчид, хугацаат цэргийн албан хаагчид бүр хоригдож буй хоригдлууд хүртэл хамрагдах ёстой. Даатгуулагч Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаараа нийт найман төрлийн үйлчилгээ авч байгаа. Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ энд улсын болон хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхдээ өвчнийхөө оношоос хамаараад даатгалын сангаас санхүүжилт авна. Дараагийнх нь өдрийн эмчилгээ.
Энэ нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Өдөр очоод эмчилгээгээ хийлгэх боломжтой. Мөн амбулатори, ямар нэг кабинетаар сардаа хоёр удаагийн үзлэг хийлгэхийг эрүүл мэндийн даатгалын сан хариуцдаг. Дараагийнх нь оношилгоо шинжилгээ. Даатгуулагч ямар нэгэн өвчний учир тухайн сардаа тухайн эмнэлгээр 55 мянган төгрөг хүртэл оношилгоо шинжилгээ хийлгэх эрхтэй. 55 мянган төгрөгөөс илүүг даатгуулагч өөрөө төлнө. Дараагийнх нь бидний нэрлэж заншснаар нөхөн сэргээх буюу рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд 110 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх ёстой. Түүнчлэн хөнгөвчлөх эмчилгээ, зайлшгүй шаардлагатай үеийн эмийн үнийн хөнгөлөлт эдлэх. Үүнд, даатгуулагч өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор нийт 136 олон улсын нэршлийн эмнээс 5-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авна. 2014 оны байдлаар нийгмийн даатгалын байгууллага улсын хэмжээнд 800 гаруй эрүүл мэндийн байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулан ажилласан. Үүнээс 200 гаруй байгууллага нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа юм.