Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Дөрвөн сая гаруй км замыг автобусаар туулсан гавьяат тээвэрчин


Дөрвөн сая гаруй км замыг автобусаар туулсан нэгэн эрхэмтэй уулзлаа. Тэр бол өнгөрсөн оны отгон гавьяатуудын нэг Ишдоржийн Рэнцэндорж. “Автобус-1” ОНӨҮГ-т 30 гаруй жил ажиллаж, нийслэлчүүдийг өглөө ажил, сургуульд нь, орой гэрт нь хүргэсэн энэ эрхэм өдгөө гавьяандаа суужээ.

Бидний яриа жолооч “мэргэжил”-ийг хэрхэн эзэмшсэн та­­лаар эхлэв. Рэнцэндорж гуай Ар­хангай аймгийн Өндөр-Улаан суманд төржээ. 1970 онд Улаанбаатарт хөл тавьсан тэ­­рээр гуравдугаар төрөх эмнэ­лэгт галчаар ажиллаж, нийслэлийн иргэн болжээ. Гэсэн ч түүний сэтгэлд жолооч болох мөрөөдлийн гал бадран ассаар л байлаа. Энэ галыг өрдсөн хүн бол түүний авга ах Сономдаш. Тухайн үеийн Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн жолоочоор 10 жил ажиллаад, Ю.Цэдэнбал, сүүлд Ж.Батмөнх даргын тэргийг 10 гаруй жил барьсан түүний авга ах дүү Т.Рэнцэндоржоо хаа нэг машиндаа суулгаад хотоор авч явна. Энэ талаараа тэрээр дурсахдаа “Сайд дарга нар чинь гоё машин унана. Чайка, 21, 24 гээд л. Ах маань хаяа намайг машиндаа суулгаад явна. Сайд дарга нар чинь жолоочтойгоо айлсан зусландаа гарна. Ахындаа ирсэн, хөдөөний бакал өмсч, дээлээ шууж бүсэлсэн жаал дарга нарын хүүхэдтэй тоглоод гүйдэг байлаа. Тэр үеэс л жолооч болох хүсэл, мөрөөдөл тээж эхэлсэн” хэмээн ярьсан юм. Түүний хүсэл мөрөөдлийн гал дүрэлзсэн тэр үед жолоочийг мэргэжил болгон эзэмшдэг байсан үе. Бүр 1-3 хүртэл зэрэглэл олгож, жолооч нар чадвараараа уралддаг байв.

Ингээд 1973 онд барилгын цэргийн 073 дугаар ангид цэргийн алба хаав. Гурван жилийн албаа хаагаад Найрамдлын районд слесариар нэг жил гаруй ажиллаад байв. Гэтэл Улс төрийн товчооноос Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах тухай тогтоол гаргажээ. Автобус баазууд өөрсдийн үндсэн жолоочийг бэлтгэх шаардлагатай болов.

Уг нь автобусны жолоог зэрэг өндөртэй жолооч л мушгидаг байсан цаг. Автобусны нэгдүгээр баазад жолоочийн курс нээгдэж, цэргийн алба хаасан залуусыг элсүүлсэн нь мань хүний хувьд сайхан боломж болж, басхүү сэтгэл дотор байсан хүслээ биелүүлэх цаг ирснийг илтгэсэн хэрэг.
Жолооч мэргэжлийг энгийн хэрэглээ болгосон өнөө үед “1.6 жил жолоочийн курст суугаад зургаан сар дагалдан жолооч хийгээд сая нэг жинхэнэ жолооч болсон юм даа” хэмээн ярихыг сонсох нь сонин. Дуртай зүйлээ хийж, түүнийгээ амьдралынхаа нэг хэсэг болгох хүмүүний амьдралын утга учир, хамгийн сайхан зүйл.

1977 онд Доржсүрэн захиралтай байгуулагдсан жолооны курст анх 260 хүн элссэн ч 240 хүн сургуулиа төгсөв. Тэдний нэг нь мэдээж Рэнцэндорж гуай байсан. Автобусны 65 дугаар гражид есөн ангитай байгуулагдсан курс, нэг анги нь засварчин, мөнгө хураагч нийлсэн хүмүүсийг сургаж бусдад нь жолооч нараа бэлтгэсэн аж. Ингэж л анх автобусны жолооч гэсэн хүнд хүчир бас бахдалтай, өөрт бол хүссэн мэргэжлээрээ ажилласан 30 жилийн нөр хөдөлмөрөө эхлүүлсэн хэрэг.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж, иргэдийн амьдралын хэвшлийн нэгээхэн хэсгийг нуруундаа үүрч байсан “Автобус 1” компани тухайн үед автобусаа Чехээс авч байв. 700 гаруй ажилтантай 300 гаруй автобус үйлчилгээнд гаргадаг өнөр айлын нэгэн бүл болж очсон Рэнцэндорж гуай зургаан сарын дагалдангийн ажлынхаа ард нэг гарч, өөрийн гэсэн автобустай түүнийгээ бие даан жолоодох эрхтэй болов. Энэ бол түүний санасан зорьсны эхлэл. Тэрээр өдгөө хамт курс төгссөн 240 гаруй хүнээс гурван гавьяат төрсөн гэдгийг бахархан ярих дуртай. Энэ нь ч түүнийг амьдралын замаар зөв алхаж буйг, 30 гаруй жилийнх нь хөдөлмөрийн амтыг мэдрүүлдэг аж.

Автобусны 65 дугаар гражид сургалтаа явуулж байсан жолоочийн курс хожмоо 10 гаруй төгсөлт хийсэн. Рэнцэндорж гуайг 1978 онд курсээ төгсөөд хоёр жил ажиллаад байтал 1980 оны төгсөлтийнхөн ажил дээр ирэв. Ингээд аль хэдийнээ хоёр жилийн ажлын туршлага хуримтлуулсан Рэнцэндоржид  Оюунбаатар нэртэй бор залуу шавь орж, түүнээс хойш тэд 28 жил ээлжийн жолоочоор гар нийлэн ажиллажээ. Өдгөө хоёулаа Гавьяат тээвэрчин цолоор энгэрээ мялаасан. Зургаан автобусны норм дуусгаж, дөрвөн сая гаруй км явж нийслэлийн иргэдэд үйлчилжээ. Дөрвөн сая км автобусаар нийслэлийн иргэдэд үйлчилсэн хэмээн тоймлон бичиж байгаа ч үүний цаана хэдэн хүнд үйлчилсэн бол гэдэг асуулт харван орж ирэх ч хэзээ ч хариултаа олохгүй мэт.

Түүний 30 жилийн хөдөлмөрийн бас нэгэн бахархал нь японы ард түмний тусламжаар ирсэн Ниссан Хино үйлдвэрийн зуун шинэ автобусны нэгийнх нь жолоог мушгих боломж олдсон явдал. Ингээд шавьтайгаа шинэхэн автобусаараа ээлж хийж явсаар 11 жилд нэг сая 100 км давхиулан түүхэн амжилтын эзэд болсон юм. Энэ талаараа тэрээр “Манай байгууллага тооцоо гаргаад 11 жилийн хөдөлмөр маань автобусныхаа үнийг хоёр дахин нугалж төлсөн гэсэн” хэмээн ярихад нүднээс нь бахархсан шинж илт харагдана. Гэхдээ тэрээр энэ амжилтынхаа ард өөрийгөө биш байгууллага хамт олноо магтаж сууна. “Хамтын хүчээр ямар их зүйл бүтээж, бий болгож болдгийн жишээ юм даа. Сайхан хамт олонтой байсны минь гавьяа” хэмээн ярих.

“Автобус жолоодсон 30 жилийн хугацаанд миний сурсан амьдралын ганц хэвшил бол цагийг яс баримтлах. Ганц хоёрхон минут байсан ч алдахгүйг хичээдэг зантай болсон” хэмээн тэр инээмсэглэнэ. Рэнцэндорж гуайг “Автобус 1” хэмээх их айлд анх хөл тавихтай зэрэгцээд Чингэлтэйн чиглэлийн шугамыг нээсэн аж. Курс төгссөн 12 залуу багштайгаа шинэ нээгдсэн шугамд өглөө таван цагаас гарч 15:00 цагт ээлж сольж энэ олон жил явахад Чингэлтэйн иргэдийнхээ буянаар алтан шар зам минь саадгүй байсан гэлээ.

Бидний яриа түүний төрсөн нутаг усны тухайд үргэлжлэн өрнөсөн. “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануйн хоёрдугаар бригад гэж байдаг. Тэнд нэг сайхан уул бий. Баянхайрхан гэж. Түүний энгэрийн Олон цохиотод би төрсөн” юм хэмээн ярихад хангай нутгийнхны танил дүр тодорно. “Ижий минь бий. Одоо 80 гарч байна. Аав минь бурхны оронд очсон ч намайг дээд тэнгэрээс харж л байгаа даа гэж үргэлж боддог учраас нэрээ хичээдэг. Ах нь хэдэн сайхан хөгшчүүл дээр өссөн хүн. Аав минь ах дүү тавуулаа. Тэр таван сайхан айл гэрийн хөгшчүүдийн өвөр түрийгээр дамжиж өссөн дөө” хэмээн яриад хоолой нь зангирах.

“Хөгшчүүдийн минь ивээл буян, сайхан ханийн минь өмөг түшиг, хэдэн хүүхдийн минь буян заяа үргэлж түшдэг гэж боддог юм, ах нь” хэмээн ярихтай нь зэрэгцээд хүний амьдралын алтан үе, залуу насны жигүүр болсон дурсамжаар нь аялуулах гэж хичээлээ. Эхнэртэйгээ анх хэзээ танилцсан бэ гээд асуучихав.
“1973 онд цэрэгт явсан гэж ах нь ярьсан даа. Би чинь бас түрүүч цолтой тасгийн дарга байлаа. 1500 цэрэгтэй том хороо байлаа, манай анги. Цэргүүдийн хувцас, цагаан хэрэгслийг хими цэвэрлэгээнд өгнө. Тэгж яваад л нэг том алаг нүдтэй охиныг хараад, танилцлаа. Ахыг нь цэргээс халагдаж байхад том охин маань төрсөн юм” хэмээн инээв. Хүний амьдрал эрээн бараан холилдож гэмээнэ илүү амттай болдог ч юм шиг. “Гэртээ хоёр төмөр ортой л нийлсэн. Түүнээс хойш хань минь надад таван сайхан хүүхэд төрүүлж өгсөн ч нэг хүүгээ бага байхад нь алдчихсан юм даа” хэмээн нулимсаа дотогш залгиад “Ах нь одоо есөн ач зээтэй өнөр болсон. Хүүхдүүд минь бүгд л дээд сургууль төгссөн. Хань бүлтэй болоод сайхан л амьдарч байна” гэж хэлээд тайтгарах энэ хүний амьдрал дэндүү амттай өрнөсөн гэмээр. Амьдрал сайхан. Амьдрах бүр сайхан гэдэг үгийг хэлээд нэг сайхан санаа алдмаар...

“Нийтийн тээврийг иргэдэд ая тухтай болгохын тулд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хангамж, нийгмийн байдлыг нь сайн шийдээд өгчих. Тэгвэл түүнийхээ хариуд санаа амар ажлаа хийж, хүний хүсэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж чадна. Орлогоороо зарлагаа нөхдөг өнөөгийн нөхцөлд нийтийн тээврийн үйлчилгээ бизнес болчихоод байна. Жолооч нарт орлогын төлөвлөгөө гаргаад өгчихөөр энэ чинь үйлчилгээ биш болчихож байна. Гэхдээ ирээдүйд нийтийн тээврийн үйлчилгээ сайжирна. Намайг анх энэ байгууллагад хөл тавьж байснаас одоо огт өөр болсон. Тэгэхээр цаашид ч улам сайжирна. Би итгэж байна” хэмээн ярьж суух ахын амьдрал шулуун дардан байсан юм биш. Тэрээр амьдралд гомдож бас баярлаж байсан.

Түүний сэтгэл дундуур хөврөх нэгэн яриаг сонсоод хариуцлага хүлээх чадваргүй “нийгэм” гэх нийтлэг нэршлээр хэн нэгнийг буруутган суусан. Түүнтэй хамт төгссөн курсийнхэн 1980 оноос эхлээд л улсын аварга болж эхэлж. Хэдийгээр улсын аваргын төлөвлөгөө нормоо биелүүлсэн ч гурван ч удаа буцаж. Учрыг асуувал намын гишүүн биш гэсэн шалтгаар хасагдсан байж. Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэхээс өөр барих зүйлгүй хойно хэнийгээ ч буруутгах вэ хэмээн бодоод МАХН-ын орлогч гишүүн болов. 1985 онд намын жинхэнэ гишүүн болоод байтал 10 хоногийн дараа л гурван өрөө байр өгөх шийд гарчихсан гэнэ. Энэ талаар “Хоёр, гурван удаа ажлын үзүүлэлт маань баатар болох нормыг биелүүлсэн учраас шагнаж байгаа нь тэр. Гэтэл хоёр хоногийн дараа байраа авах гээд очтол гурван өрөө байрыг минь хоёр болгоод хуучин байраар сольчихлоо. Хэнийгээ ч буруутгах билээ. Дараа намын хурал боллоо. Босоод л яахаараа залуу хүн шинэ байранд орж болдоггүй юм. Миний аав, ээж тэр байранд чинь орох эрхгүй юу гээд шүүмжилчихлээ. Тэгсэн буруутсан. Дээр үед байгууллагуудад танхимын эрхлэгч гээд намаас томилогдсон нэг хүн байсан юм. Тэр хүн наад хүн чинь Архангай аймгийн эсэргүүний үлдэгдэл гээд л хэлчихлээ. Тэгээд яахав, би хуучин байрандаа орсон. Одоо хүртэл бий” хэмээн ярьсан. 1990 оны ардчилсан хувьсгал гарахтай зэрэгцээд намаасаа гарчихсан тэрээр “Үнэн шударгаар хөдөлмөрлөсөн хүн хаа ч гараад л ирдэг юм. Хор шарыг нь малтах тусам дээш тэмүүлнэ. Чадлаараа л гарсан даа гэж боддог” хэмээн яриад бахархалтай инээмсэглэлээ.

Төрийн гурван Ерөнхийлөгчөөс шагнал гардсан нь түүний бас л нэг бахархал. 1997 онд Н.Багабанди Ерөнхийлөгчөөс Алтан гадас одон, 2007 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, өнгөрсөн оны сүүлээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс гавьяат тээвэрчин цол тэмдгээ гардсан юм.
“Элбэгээ Ерөнхийлөгч гавьяатын тэмдгийг минь зүүж өгөөд, “Танд баярлалаа” гэж хэлээд далан дээр гар тавихад халуу оргиод л явчихсан. Төр засаг түвшин байж гэмээнэ ард түмэн өөдөлнө. Төр хуулиа дагаж гэмээнэ ард түмэн төвшин байна гэж боддог доо ах нь” хэмээн ярих тэрээр 30 жил шугамын автобусны жолоо мушгихдаа хариуцлагаасаа буцсан удаа үгүй. “Ажлаа дуусгаад харих гэхэд автобусанд унтчихсан согтуу хүний гудамжинд орхиод явж болдоггүй. Хамгийн гол нь хүний амь шүү дээ” гэх үг нь үйл хэргийнх нь гэрч...

0 Сэтгэгдэл
Рэнцэндорж ахдаа амжилт смэйн жолооч оюунбат ахад бас амжилт хүсьє
бурхан жолооч таньд мөргөм үү өдий хүртэл дурсагдах таны алдар бадраг
mundag yumaa gehdee muugaa hun ***** yariaarai
bi say dohoj bna da
жоохон байхад чингэлтэйд батчулуун,рэнцэндорж,оюунбаатар гээд гоё ах нар байсан даа хүүхэд байхдаа урд нь зогсож явах сайхан, зам явахыг нь бүртгүүлэх гэж уралддагсан
Үнэхээр ажлын төлөө хамт олноо гэсэн сэтгэлтэй 2 гавьяат даа
Хамгийн их уншсан