Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу? СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА
Бид хүлээж тэвчихгүй нь!


Хүн өөрийнхөө амьдарч буй орчинд амархан зохицож, тэр хэрээрээ өөрийн сэтгэл санаа, үнэлэмж хандлага тогтсон байдаг. Тухайлбал,  гэр хорооллын жорлонг авч үзэхэд тэнд амьдардаг хүмүүс түүнийгээ ерөнхийдөө болж байна, насаараа хэрэглээд ирлээ, муудсан юм алга гэж үздэг хэсэг бий. Гэтэл орон сууцанд амьдардаг зарим нь түүнд бие засах нь битгий хэл шагайж ч чадахгүй байдаг. Хүний амьдрах орчны ийм эрс тэс зан байдал хоорондоо улам холдсоор.
Харин нөхцөл байдлыг тоо баримтаар хөрвүүлэн харахад тун удахгүй  гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж байгаа манай орны хувьд өнөөдөр 2.1 сая Монгол хүн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ахуй орчинд аж төрж байна. Үүнээс хүн амын нэлээдгүй хувь нь найдвартай ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар дутагдаж байгаа юм.

Ийм учраас “G” хорооллын “Ж” асуудал хөрс, орчны бохирдлын гол цөм буруутан хэмээн яригддаг. Харин ариун цэврийн байгууламж гэдгийн цаана хүний хувийн орон зай, нууцлал бий. Үүнтэй хамт “G” хорооллын “Ж” асуудал нууцлагдан үлдэж байна. Эдүүгээ энэ асуудал бол зөвхөн хувь хүний хэрэг биш, өрх, дүүрэг, засаг төр бүгдэд хамраах учиртай. Ингээд бид хүлээж тэвчихгүй байх 5 шалгааныг энд дэлгэн тавьж байна.

1.    Үр хүүхэд, нялхсаа бодохоор үүнийг тэвчих аргагүй:
Үндэсний статистикийн хорооны 2014 оны арваннэгдүгээр сарын мэдээллээс үзвэл  цусан суулгаар өвчлөгчдийн тоо өмнөх жилийнхээсээ  345 буюу 18.7 хувиар өсчээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаанаас үзвэл жилд гарч буй нийт халдварт өвчний 33 хувийг гэдэсний халдварт өвчин эзлэж байна. Үүнд вируст гепатит А, цусан суулга өвчин хамгийн их тархаж буй юм. Эдгээр  нь ахуйн нөхцөл байдал буюу ундны ус, ариун цэврийн байгууламжаас шууд хамаарч халдварладаг. Тэгэхээр уг нөхцөл байдлыг сайжруулснаар өвчлөлийг эрс бууруулах боломж бий.  Энгийн жишээгээр тайлбарлахад модон гишгүүртэй нүхэн жорлонгийн шал, тавцан бие засах үед байнга бохирддог. Энэ бохирыг нь гишгэн гэр лүүгээ орж тараадаг билээ. Иймд наад зах нь жорлон нь суултууртай, бүхээг нь битүүмжлэл сайтай, оройг нь торлож агааржуулалтын хоолой хийгээд өгвөл бохир тараах нөхцөлийг буруулсан сайжруулалт болох юм. 

2.    Охид эмэгтэйчүүдээ бодохоор үүнийг заавал хийх хэрэгтэй:
Ил гаргаж тэр бүр яриад байдаггүй л болохоос биш эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудалтай нүхэн жорлон холбогдож л таарна. Өнөөдөр гэр хорооллын утаанаас болж ураг амархан зулбах, эмэгтэйчүүд хүүхэд олохгүй байгаа, бохироос үүдэлтэй үрэвсэлт өвчин их гарч байгаа тухай яриа энгийн иргэдийн дунд байдаг. Гэтэл яг үнэндээ menstrual hygiene буюу охид эмэгтэйчүүдийн маань сардаа нэг удаа тулгамддаг ариун цэврийн асуудлыг гэр хорооллын ахуй нөхцөлд эрсдэлгүй шийдсэн нь үгүй. Энэ бол ариун цэврийн байгууламжтай хамтаар шийдэх бас л чухал сэдэв. Чухам ахуй нөхцөл, ариун цэврийн байгууламж тааруугаас охид эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэнд талаасаа ямар хохирол амсч буйг энэ нийтлэлээр батлах гэж зориогүй ч уг асуудлыг судалж, иргэдийн анхаарлыг хандуулах шаардлагатай байгаа юм.

3.    Ахуй амьдралын чанар,  нэр төрөө хичээдэг ямар ч гэр бүлийн анхаарах асуудал:
Амьдралын түвшинг барьж буй гар утас, унаж буй машинаар хэмжиж үзвэл харьцангуй сайн үзүүлэлт гарч болохоор байна. 2013 оны Нийгэмийн индикаторын түүвэр судалгааны дүнгээс харахад бараг 2 айлын нэг нь машинтай (45,2%), айл бүрд дор хаяж нэг хүн гар утас эзэмшиж (97%), телевиз үзэж (94,3%) байна. Үнэндээ гэр хороололд нэг хүнд ногдох цэвэр усны хэмжээ 8-12 литр байхад, улсын хэмжээнд сайжруулсан ариун цэврийн байгууламж шаардлагатай өрхийн эзлэх хувь 72,7% байна. Бидний амьдралыг эрүүл, аюулгүй, тохь тухай, бас дээрээс нь чанартай байлгахад ус, ариун цэврийн нөхцөл байдал хаанаа ч хүрэлцэхгүй доогуур байна. Гэр хорооллын иргэд амьдрах орчин, ус ариун цэврийн нөхцөлөө сайжруулах үндсэн эрхээ төр засгаас нэхэж шаардаж чаддаг байх, бас үүргээ сайтар ухамсарлаж ариун цэврийн нөхцөл бололцоогоо сайжруулахад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үнэндээ бид смарт утас, телевизээр авч байгаа хэт их мэдээллийн дарангуйлалдаа цаг зав, сэтгэл санаагаа зарцуулаад амьдралын бодит үнэн, нүүр тулсан асуудлаа шийдвэрлэхэд ухаан, хүчээ зориулахад учир дутагдалтай хандаж байна.
Хажууд торниж буй бяцхан үрс, өсөж өндийж буй сайхан охиноо, хайртай хань ижлээ хараад тэднийхээ төлөө өрхийн эзэд, эрэгтэйчүүд юу хийж чадах билээ. Энэ сайжруулалт өрхөөс эхлэх нь дамжиггүй. Харин хэрхэн яаж хийх вэ гэдэг арга замыг олоход хэн туслах вэ?      

4.    Хөгжлийн нүүр царай:    
Жил болгоны зун 70, 80, 90 жилийн ойг тэмдэглэж байгаа аймаг сумд өч төчнөөн байна. Гэтэл энэ урт удаан хугацаанд ус татдаг ОО-той эмнэлэг, сургуультай болж амжаагүй, хүнээ бодоогүй хөгжлөө тэмдэглэж хоосон баярлахын утга учир юусан билээ. Улаанбаатар хотод сум болгоны төлөөлөл болсон нутгийн зөвлөл бол уг нь орон нутагт тулгамдсан нөхцөл байдлыг Улаанбаатарт байгаа нутгийнханд нь танилцуулж, асуудлыг хөндөж хөрөнгө босгож шийдвэрлэж болохуйц хамгийн боломжийн институц баймаар санагддаг. Нөгөө талаас гадныхан, тэд бидний талаар ямар тоо баримтыг хардаг вэ гэвэл Монгол Улсын хүн амын 68,1% баталгаат ундны ус үүсвэрээр, 58,3%  нь сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан, 25.8% нь ариун цэврийн байгууламжгүй  гэдэг статистик үзүүлэлт юм. Энэ тоо баримтыг бууруулах зорилготой, Шинэ бүтээн байгуулалт зорилтот хөтөлбөр, Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр зэргээр далайцтай арга хэмжээ авч байгаа боловч гэр хорооллын ус, ариун цэврийн асуудлыг шийдэх богино хугацааны, түргэвчилсэн аргаар шийдэх бодлого үгүйлэгдэж байна.

5.    Хүрээлэн буй орчны асуудалтай шууд холбоотой учир нүхэн жорлонг сайжруулах шаардлагатай:
Нүхэн жорлон бол хөрс, орчны бохирдлын гол цөм буруутан мөн. Ерөнхийд нь авч үзвэл бид хүнийхээ тав тух, эрүүл мэндийг бодвол жорлонгийнхоо бүхээг хэсгийг сайжруулаад, хөрсний бохирдлыг шийдвэрлэх бол жорлонгийн нүхтэй холбоотой хэсгийг сайжруулах шаардлагатай.   Нөгөө талаар цахилгаан станц, цэвэрлэх байгууламж чинээндээ тултал ажиллаж буй өнөө үед гэр хороолол инженерийн шугам сүлжээнд холбогдтол хичнээн жил шаардлагатай бол, үүнийг даах эдийн засгийн болоод байгалийн нөөцийн боломж ямар байна вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй хөвөрнө. Тэгэхээр бодит нөхцөл байдалдаа тохируулж  асуудлыг шийдвэрлэсэн бодлого, бүтэц, менежмент үгүйглэгдэж байна.  Ийм болохоор бид хүлээж тэвчихгүй нь.

Харин хөрс, газар шорооны бохирдол нь өнөөдөр баян, хоосон гэж ялгалгүйгээр хил хязгааргүй нэвчсээр байгааг тэр бүр анзаарахгүй л байна. Тэдний нүдийг хашаа, хайс хааж орхисон гэж болно. Хашааны наад талд нь нүхэн жорлон байхад хашааны цаад талд нь таван метр хүрэхгүй зайтай газарт гүний худаг байх жишээтэй. Бид нэг дэлхий, нэг нутаг дэвсгэр дээр амьдарч байгааг мартаж болохгүй. Зүйрлэвэл үнэн хэрэгтээ бид нэг орон дээр нэг нь торгон хөнжилтэй, нөгөө нь ноорхой хөнжилтэй эсвэл нүцгэн хэвтэж байгаа хэрэг шүү дээ...
Эцэст нь хэлэхэд зарим хүний нүдээр харахад энэ нөхцөл байдал нь тэвчих аргагүй ч нөгөө хэсгийн хувьд хэвийн үзэгдэл болж, өөрчлөхийн төлөөх мэдрэмж төрөхгүй байгаа юм. Хүмүүсийн энэ хандлагын зөрүүтэй байдал, нийгмийн эрх тэгш бус, ялгаатай байдлыг арилгахын тулд ариун цэврийн байгууламжийн талаарх асуудлын ач холбогдлыг өсгөх, хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлөх хэрэгтэй билээ. Үүнийг мэдэрч буй хэсэг нь бусдадаа, хөрш нь хөршдөө, хүмүүс нь төр засагтаа, төр засаг нь эргээд иргэддээ нөлөөлөх сайхан ирээдүйг хүсч байна. Бид хүлээж тэвчихгүй нь!

Бэлтгэсэн: “WaSH Action of Mongolia” ТББ
https://www.facebook.com/WaSHActionMongolia


0 Сэтгэгдэл
Бодох л зүйл байна. Гэр хорооллын хөрсний бохирдол утаанаас дутахгүй шүү...
Хамгийн их уншсан