2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, олныг хамарсан гамшиг осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын талаарх мэдээ албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна хэмээн ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төв /ШУТ/-өөс мэдээлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Эбола вируст халдварын талаар өгсөн мэдээллийг уг ШУТ-өөс танилцуулж байна. ДЭМБ-ын нэгтгэсэн мэдээллээр 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад /Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи/ Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284 /39 хувь/ нас барсан байна. Харин 12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495 /59 хувь/ нь нас баржээ.