Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрөвхөн сая ам.доллар юу юм бэ, ганц л хөнтөрнө



Монголд дөрвөн сая ам.доллар гэдэг хагас өдрийн л сэдэв юм байна. Бараг өчигдөр өглөө үзүүр нь баригдсан энэ сэдвийг үдээс хойш гэхэд монголчууд учрыг нь олоод хужрыг нь тунгаачихлаа. Т.Ганболд яах гэж дөрвөн сая ам.доллар өгсөн юм, Ч.Бямбаа нь ямар учраас авсан юм, ер нь хоёр хүн наймаа хийж байхад гуравдагч Х.Тэмүүжин хэрэгт дурлачихсан юм биш үү гээд бүх асуудлыг дор нь шууруулж орхив. Угаасаа их хэмжээний мөнгө сонссоор цочроо нь гарчихсан монголчуудын хувьд дөрвөн сая ам.доллар яршиг л байна. Мэдэгдсэн нь л С.Баярцогт болохоос сая ам.доллар зэргээ банкинд хийгээд одоо хэр нь санаагүй яваа баян ард түмэн шүү! Авлигатай тэмцэх газар хүртэл өчигдөр тохиосон дэлхийн авлигын эсрэг өдрөөр “Охид хөвгүүдээс илүү шударга болохыг судалгаагаар тогтоо­сон” гээд авлига гэдэгтэй чинь “микро, мега, нано” түвшинд тэмцэж байх шиг. Ийм байхад хөгжихгүй, хөлжихгүй гээд яах вэ. Бүр Хуульзүйн сайд байсан хүн авлига авсан хүнийг нэрлэхээр далд утгатай шипи өгөхөд түүнийг өлгөж аваад  шалгах Хуулийн байгууллага алга гэж үү.  
 

Тэгвэл хуруугаа гозойлгоод тоол

Хэдхэн хоногийн өмнө Х.Тэмүүжин Монгол Улсын Хуульзүйн сайд байв. Элдэв янзын хэрэг маргаан, ил далд мөнгөний талаар зах зухаас нь мэдэх л хүний нэг. Хуулийн салбарын шинэчлэл гэх өргөн хүрээний асуудлыг эхлүүлж, их бага хэмжээгээр ажил хийсэн тэр өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэж байсан. Энэ утгаар нь түүний үг үйлдэл, ялангуяа хэн нэгнийг авлига өгсөн эсвэл авсан гэх үг араасаа асар их хэмжээний хариуцлага дагуулах ёстой. Харамсалтай нь, Н.Алтанхуягийн Засгийн газартай хамт унаж, Хуульзүйн сайдын үүрэг гүйцэтгэгч болсон үедээ гаргаж тавьсан түүний “авлигын” баримтыг зүгээр л нэг бизнесмэн гарч ирээд хормын дотор няцаачихдаг юм байна. Ингэхдээ дөрвөн сая ам.доллар бол “бизнесийн байгууллагуудын хоорондын арилжаа” гээд ам таглачихав. Гэхдээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос “Рекат” компанийн захирал Ч.Бямбаад шилжүүлсэн дөрвөн сая ам.долларын ард хэн нэгэн байж болох юм гэдгийг Х.Тэмүүжин өөрийн шипигээр хэлжээ. Өөрөөр хэлбэл, “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх - авлигын хэмжээ…” дөрвөн сая ам.доллар гэсний ард хэн нэгэн бий. Тэр хүн нь Д.Дорлигжав гэдэг шуум явж байтал УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин барьж аваад Д.Дорлигжаваас “Нийг­мийн сүлжээгээр 3-4 сая ам.долларын авлигын хэргийн тухай яриа гарч байна. Таны нэр ч үүнтэй холбогдож байна” гээд асуучихлаа. Харин гэнэт Д.Дорлигжавтай холбогдчихсон нь “Рекат” компа­нийн захирал Ч.Бям­баатай холбоотой юм байна. Хоёул Увс нутгийнх бөгөөд Д.Дорлигжавыг “Эрдэнэт” үйлдвэ­рийн захирлаар ажил­лаж байхад орлогч захирал нь болж дэвшиж явсан үе ч байгаа гэнэ. Үүнээс дэвэргээд өнөөх Кипр улсын банк руу шилжүүлсэн гэх 800 мянган ам.долларын хэрэг ч чих дэлсэж эхлэв. Ч.Бямбаа Д.Дорлигжав хоёр үүнд холбоотой л гэнэ. Гэхдээ дөрвөн сая ам.долларыг Ч.Бямбаа гэгч авсан нь Д.Дорлигжавтай ямар холбоотой юм гэхээр, тоймтой хэлчих зүйл алга. Харин “Алтан Дорнод Монгол” компанид үүсгээд байсан Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим зүйл заалтыг иргэний хэргээр шийдэх боломжийг нь Д.Дорлигжав бүрдүүлж өгсөн гэх шуум л хар хурдаараа “нисч” байна.

Үнэхээр Х.Тэмүүжингийн тодорхойлж байгаа шиг Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчийг ашиглаж чаддаг албан тушаалтныг хуруугаа гозойлгоод тоолоод үзвэл хэд байх бол. Адаглаад энэ салбартаа алдар цуутайг нь нэрлэхэд л Ц.Нямдорж, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин… гээд дуусна. Х.Тэмүүжин ч энэ дундаас нэрлэсэн гэдгийг Д.Дорлигжав хүлээн зөвшөөрсөн байх талтай. Учир нь тэр өчигдөр дээрх асуудлыг “Шуудхан хэлэхэд энэ бүхнийг Х.Тэмүүжин сайд хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хамаатантайгаа хийсэн. Нэгдүгээрт, Энэ бол гүтгэлэг гэдгийг хэлье. Хоёрдугаарт, Хууль зүйн сайд хүн аливаа мэдээллийг нягталж байгаад нийтлэх учиртай баймаар юм. Тийм учраас би үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна. Цагдаагийн удирдлагыг өмнөх сайд бужигнуулсан”  гэж няцаасан юм. Үүнээс үзвэл, өөрийнх нь оронд зүтгүүлж байгааг мэдсэн Х.Тэмүүжин ч Д.Дорлигжавыг хэлсэн нь баттай байж мэдэх л юм.

Т.Ганболд байнгын хохирогч уу

Тэгвэл дөрвөн сая ам.доллар өгсөн Т.Ганболд энэ удаад хохирогчийн суудалд сууж байна. Х.Тэмүүжин түүнийг дөрвөн сая ам.доллар төлсөн баялаг бүтээгч гэж тодорхойлсон. Өмнө нь хоёр ч удаа цагдан хоригдож байсан түүнийг гэм буруутайг нотлоогүй. Тухайлбал, өнгөрсөн хавар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгсөн хэргүүдээс 15 хэргийг Улсын Ерөнхий прокурорын газар хэрэгсэхгүй болгосон дотор Т.Ганболд нарын Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэг багтсан юм. Тухайлбал, түүнийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон 2007 оны есдүгээр сарын 14-ний өдөр хүнд даацын автомашин худалдан авах тендерийн ялагчийг хууль бусаар шалгаруулан төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлгийн бэлдэцийг “Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлэх бололцоотой байтал өөрийн үеэл дүү Д.Ирмүүний нэр дээр Хонконгт бүртгэгдсэн “Стандарт лимитед” гэх компанитай их хэмжээний үнийн дүн бүхий гэрээг холбогдох хүмүүст танилцуулалгүйгээр хийж 20 мянган тонн ган бөмбөлгийн бэлдэцийг “Эрдэнэт”-д нийлүүлсэн, гэрээний төлбөрийг “Стандарт металс лимитед” компаниар дамжуулан авч, гэрээний үнийн дүнгийн зөрүү ашиг болох гурван сая ам.долларыг завшсан нь тогтоогдсон гэдгийг АТГ зарласан юм. Гэвч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алимаа нь дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тухайн үедээ Прокурорын газар худалдагдсан гэдэг мэдээлэл өндрөө авсан ч өнөөдөр энэ талаар дурсах хүн алга. Т.Ганболд ч өөрөө АТГ-ын цагдан хорьсон асуудалд нэг их ач холбогдол өгдөггүй. Айж сандардаг ч үгүй. Тэр зүгээр л байнгын хохирогч шиг байдаг. Түүнийгээ ч баталдаг.

Тэр бас Ч.Бямбаагийн 23 сая ам.доллараар худалдан авах гэж байсан улсад 74.8 тэрбум төгрөгийн хууль ёсны өртэй “Алтан Дорнод Монгол” компанийг өөрийн болгосон. Ч.Бямбаагийн чадахгүй гээд орхисон, бүр тодруулбал, ШШГЕГ-аас өрөө төлтөл ажиллуулахгүй гэсэн дарамттай, 74.8 тэрбум төгрөгийн өрийг нь Татварын ерөнхий газраас нэхсэн, УИХ дээр Ардчилсан намын нөхөр энэ компанийг авчихлаа, цаана нь хэн байгаа вэ зэргээр улс төрийн дарамт үзүүлж байсан хүнд нөхцөл байдлыг Т.Ганболд эргүүлж чадсан. Гэхдээ зөвхөн бизнесийн ухаанаар гэтэлсэн гэж тайлбарладаг юм билээ. Үнэн болов уу.

 Б.ШИРНЭН

0 Сэтгэгдэл
hahuuli avilgal l bgaa shdee
Хамгийн их уншсан