Төр муухай биш төрд суугаа хүмүүс л муухай харагдуулдаг гэх үг сүүлийн үед газар авлаа. Үүнийг нотлох хүн олон байгаа хойно үгний үнэ цэнэ улам ч тодрох аж. Хамгийн сүүлд Х.Тэмүүжин гэдэг хүний үйлдэл олны анхаарлын төвд ороод буй. Хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдсон, удаах ээлжиндээ Хууль зүйн сайдаар ажилласан. Одоо ч үүрэг гүйцэтгэгчийн хувиар хариуцлагаа үргэлжлүүлсээр байгаа хүн. Хуулийн багш, судлаачаар ажиллаж асан, “Үг” хэмээх цуврал ном эрхлэн гаргасан, тулхтай төрийн түшээ болох шинжтэй гэхчлэн олон нийтээс эерэг үнэлгээ авсан эрхэм байлаа. “Дээшээ” гарсныхаа дараа ч энэ имиджээ амжилттай хадгалсан. Эрүүгийн хуулийн шинэчлэлийг эдүгээ зүтгүүлэхэд ч тэр нэр хүнд нь нэмэр болоо биз. Өнөөдөр ч тэр хүн зарим сонгогчийн хувьд бусад 75 гишүүнээсээ нэг л өөр, арай ондоо гэдэг үнэлгээгээ хадгалсаар буй. Харамсалтай нь, өндөр албан тушаал ямар ч хүнийг өөрчилж чаддаг бололтой.
Гишүүнээр нь ажилласан Шинэчлэлийн Засгийн газрынх нь тэргүүнийг суудлаас буулгах асуудлыг хэлэлцэж байх үед “гурван харамслаа” илэрхийлсэн. Тэр гурвын дунд “Ажил ярих болов уу гэж горьдоод л харахаар ах эгчээ ажилд оруулчих юмсан.
Ам нь нээгдэх болгондоо ахиухан мөнгөтэй тендер байна уу гэж орж ирдэг хүмүүс хамгийн шударга, хамгийн чухал ярианы өнгөн дээр гараад жүжиг тавиад байгаад бас харамсаад байна” гэдэг өгүүлбэр тууж явав. Өөрөөр хэлбэл, сайдтай эн тэнцүү албан тушаалтай буюу бүрэн эрхтэй хүмүүс л түүнд хууль зөрчихийг тулган шаардаж байж. Хүмүүс гээд олон тоон дээр хэлснийг бодоход энэ үйлдэл нь нэг бус удаагийн, цаанаа хэд хэдэн этгээдийн хийсэн хэрэг бололтой. Хуультай төрийн хувьд тендерээс мөнгө унагачихъя, хамаатнаа шахаад ажиллуучихъя гэдэг нь тус тусдаа гэмт хэргийн шинжтэй. Гэвч хуулийн салбарыг толгойлж буй сайд хууль бус үйлдлийн дэргэдүүр чимээгүй өнгөрч, тэр бүү хэл үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр сайдынх нь суудал ганхаад ирэхэд л олонд дэлгэж байгаа нь хачирхалтай юм. Шударга бус зүйлийн дэргэдүүр дуугүй өнгөрсөн сайдтай байхад хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг хуулиа сахь гэж яаж хэлэх билээ дээ.
Эзэн бие нь тодорхойгүй, баримтгүй дээрх үйлдэл өнөөдөр бараг мартагдах шахаж байна. Гэтэл сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин дахин нэг хэрэг “мандааж”, банкны баримт дэлгэж орхив. “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх-авлигын хэмжээ...” гээд саяар тоологдох ам.долларын баримт дэлгэчихсэн. Энэ авлигын хэргийг хэн үйлдэв, ямар учиртай вэ гэдэг нь тусдаа асуудал. Хамгийн гол нь Хууль зүйн сайдын албан тушаалтан яагаад энэ бүхнийг өдий болтол нуун дарагдуулсан нь хачирхалтай. Нэгэнт хөдлөшгүй баримттай, хууль бус үйлдлийг шүүхийн байгууллагаар авч хэлэлцэх ёстой шүү дээ. Гэтэл Шийдлийн гэх дараагийн Засгийн газарт суудал олдохооргүй болж, хууль зүйн салбарыг үргэлжлүүлэн авч явах боломжгүй нь ойлгогдох үед л дээрх баримтыг дэлгэж буй нь Х.Тэмүүжингийн тухай хамаг хачирхлыг төрүүлнэ.
Хардах эрхийнхээ хүрээнд бодож үзвэл хэн нэгэнд сануулах ч юм уу, нөлөөлөх зорилготой юм шиг харагдана. Нөгөөтэйгүүр дээрх хоёр тохиолдлоос гадна хэчнээн хууль бус үйлдлийг Х.Тэмүүжин хав дарж, хадгалж байгаа бол гэх бодол ч төрж буй юм. Өнгөрсөн жилийн өдийд “УИХ-ын гишүүн ч бай ямар ч хүн хэрэг хийсэн л бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээнэ. Хариуцлагаас мултрах ямар ч үндэслэл байхгүй” хэмээн ярилцлага өгч байсан хүн юу хийгээд байгааг ойлгохгүй юм. Дараагийн ээлжинд ямар шинэ хэргийн баримт дэлгэх бол гэхээс л...