Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 1990 онд гарсан томоохон гал түймрийг унтраахад гар бие оролцож явсан МоАХ-ны партизан М.Нямдаштай ярилцлаа. Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр эрүүл мэндийн шинэчлэл өөрчлөлтийн асуудал хөндөж байсан юм.
-МоАХ-ныхон маань 1990 онд зөвхөн ардчилал гэж яриад, элдэв асуудал хөндөж, байгууллагын дарга нартаа хатуухан үг хэлээд явсан юм биш Монгол улсынхаа хэрэгтэй газарт нь ажиллаж чаддаг байсан гэдгийг таны ярианаас анзаарлаа. Гэнэт ой хээрийн түймэр унтраахаар явах болсон шалтгаан юу вэ?
-1990 оны тавдугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд ой хээрийн түймэр гарсан. Би тухайн үед Эрүүлийг хамгаалах яамны эрүүл ахуй халдвар судлалын улсын институтэд ажиллаж байлаа. Тэнд 1990 оны эхээр МоАХ-ны салбар зөвлөлийг Х.Нямцэрэн гэдэг найзтайгаа хамт байгуулсан. Цаашдаа эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэл хийх зохицуулагчийн ажлыг нөхдийн хамт эхлүүлсэн юм. Энэ үед шугамын радиогоор эх орон шатаж байна МоАХ-ны гишүүд дэмжигчид ойн түймэр унтраахаар явна уу гэсэн уриалга явсан. Энэ мэдээг сонссон даруйдаа эрүүл ахуйн халдвар судлалын улсын институтийнхээ захирлаас зөвшөөрөл аваад л гарсан даа. Тэр өдөр 18.00 цагийн үед огт танихгүй олон залуутай галт тэргэнд суугаад Сэлэнгэ аймгийг зорьсон. Вагоноос буугаад л ЗИЛ-130 машины ачаан дээр суугаад Зүүнбүрэн суманд очсон юм. Сэлэнгээс аймгийн Ардчилсан холбооны хэдэн залуус хамтарч оролцсон.
-Хотоос хүмүүс дайчлагдсан гэхээр нэлээд том гал түймэр гарсан байх нь ээ. Хэр удаан ажиллаж байж галыг зогсоосон бэ?
-Хоёр хоног ойн түймэртэй тэмцэж байж унтраасан. Бүхэл бүтэн уулаараа шатаж байсан. Энэ бол МоАХ-ны тэр үеийн эх оронч залуучууд гар бие оролцож, түймрийг унтрааж чадсан бахархалтай ажлын ердөө нэг нь л байлаа. МоАХ-ны ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Нинж, уран барималч Цэгмид нар ахалж явсан. Тэр үед дээд мэргэжилтэй хүн цөөн, ихэвчлэн ажилчин ангийн залуучууд явж байсан санагдана. Түймэртэй тэмцэж явахдаа шөнө нь уулын тагт дээр шуудай дэвсээд хонодог байлаа. 1990 оны тавдугаар сарын сүүлээр шүү дээ. Энэ түүхэн зурагт байгаа залуучуудын зарим нь одоо байхгүй. Тухайн үед фронтод явах зар тараасан бол сэтгэл зүрхээрээ хамгийн түрүүнд л энэ залуучууд маань гар өргөөд явах байсан байх гэж боддог.
-Тэр үед гал түймэртэй тэмцэх олигтой багаж хэрэглэл гэх юмгүй л байсан биз?
-Тийм ээ. Гартаа барьчих олигтой юмгүй л улаан галтай тулж байлаа. Нойтон эсгий, хаймраар л гал унтрааж явсан даа. Хэдэн уул нуруу тэр аяараа шатаж байсан.
-Энэ их хэмжээний гал ямар шалтгааны улмаас гарч байсан юм бол оо?
-Тухайн үед бугын эврийн наймаа цэцэглэж байсан. Хулгайн анчид ойг шатааж бугын эвэр авдаг. Үүнээс болж гал их гардаг байсан юм билээ. Гэхдээ Зүүнбүрэнгийн түймрийг ОХУ-аас орж ирсэн гэж зарим хүн хэлдэг.
-Та байгууллагаасаа ганцаараа түймэрт явсан хэрэг үү?
-Тийм ээ. Ер нь, эрүүл мэндийн салбараас ганцаараа оролцсон байдаг юм. Бүгд өөрсдөө гэрээсээ талх, сүүгээ авч ирсэн. Тэрийгээ идээд л... Тухайн үед алаг үнээтэй савласан сүү гардаг байсан даа.
-Та одоо юу хийж байна вэ. Эрүүл мэндийн салбартай холбоотой байна уу?
-Би 1993 оноос МоАХ, Ардчилсан намын гишүүнээр явж байна. 1997 онд хотын захиргаанд эрүүл мэндийн газарт ажиллаж байгаад намаас шалтгаалан ажлаас халагдсан. Дараа нь 2000-2003 онд СХД-ийн эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байгаад 2003 оноос чөлөө аваад гарсан. Түүнээс хойш ажилдаа эргэж орох гээд гурван удаа өргөдөл өгсөн ч авсангүй. Ихэвчлэн АН-ын гишүүн гэдгээрээ л гадуурхагдаж явлаа.