Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу техникчдийн ордны үйл ажиллагаа сэргэлээ


Чулуун гэр, бургасан шилбүүрээр тоглодог байсан монгол хүүхдүүд машин, робот, онгоц бүтээж эхэлсэн нь 1975 он. Тэр жил Ю.Цэдэнбал даргын гэргий Анастасия Ивановна Филатовагийн санаачилга, ЗХУ-ын хөрөнгөөр байгуулсан Залуу техникчдийн ордон ашиглалтад оржээ. ЗХУ-д ч байхгүй техник, то­ног төхөөрөмжтэй энэ ор­дон шинжлэх ухаан, тех­ник спортын гэсэн хоёр тан­­химтай, техникийн сэтгүүл, су­рах бичиг бүхий номын сан, бу­даг, гагнуур, хэвлэлийн жи­­жиг цехээс гадна метал бо­ловсруулдаг том цехтэй байс­ныг дурсан ярих хүн цөөн үлджээ.

Эхэндээ элсэхийг хүссэн хүүхэд бүрийг авдаг байсан бол яваандаа өргөжиж, тодор­хой шалгуураар элсүүлэх болж. Автомашин, усан завь, нисэх онгоц, пуужингийн загвар, фото зураг, одон орон судлал зэрэг 30 орчим клуб үйл ажиллагаа явуулж, 2000 гаруй хүүхэд хичээлээс гадуур суралцаж байжээ. Тэд Монголын анхны машин “Мазаалай” (модоор хийсэн), салхиар ажилладаг салхин тэрэг, “Пионер” нэр­тэй компьютер, “Хэрэм” мотоцикл, алсын удирдлагаар ажилладаг “Сансар” робот, цахилгаан хөгжим, нүүр гарын саван, үнэртэй ус бүтээж, уран сайхны кино хийж, “Залуу зохион бүтээгчид” гэсэн гарын авлага бүхий сэтгүүл ч гаргаж байсан гэдэг.

Хүүхдүүд хийсэн, бүтээ­сэн зүйлээрээ Орос, Гер­ман, Чех, Польш, Унгар, Бол­гар зэрэг орны олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байсан нь энэ ордонтой салшгүй холбоотой. Техникийн өндөр боловсролтой Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж, хичээл зааж, шаардлагатай мате­риал, хэрэглэгдэхүүнээ гаднаас захиалгаар авдаг байжээ. Ийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, аймаг бүрт салбар нь байгуулагдав. Мөн жил бүр өсвөрийн техникчдийн тэмцээн, шинжлэх ухааны онол практикийн бага хурал, “Манай маргаашийн мастерууд” үзэсгэлэн гаргаж байлаа. Харин 1990 онд зах зээлийн нийгэмд шилжиж, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо татан буугдсанаар тус ордонг харж хандах эзэнгүй болж, тухайн үеийн Гэгээрлийн яам харьяалалдаа авч, 1991 оноос Өсвөрийн зохион бүтээх төв сургууль болгожээ. Харин 2003 оноос Засгийн газар хоорондын санамж бичгийн дагуу Монгол-Энэтхэгийн хамтар­сан сургууль болж, өнгөрсөн хичээлийн жилийг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан.

Тэгвэл энэ хичээлийн жилээс Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг­тэйгээр БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар зориулалт нь өөрчлөгдсөн тус сургуулийн үйл ажиллагааг сэргээж, Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловс­ролын лаборатор ахлах сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, албан ёсны нээлтээ өчигдөр хийлээ. Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд болон БШУ-ы сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр болон албаныхан оролцсон юм. Анх УИХ-ын дарга үүрэг өгснөөр БШУЯ тус ордны үйл ажиллагааг сэр­гээхээр ханцуй шамлан оржээ.
8-12 дугаар ангийн сур­галттай тус сургууль нь 2014-2015 оны хичээлийн жилд математик, англи хэлээр гүнзгийрүүлсэн сур­галт явуулахын зэрэгцээ мэргэж­лийн чиг баримжаа олгох төрөлжсөн сургалтууд явуулж эхэлсэн байна.

Хувцас дизайн, график дизайн, авто болон усан онгоцны загвар, нисэх загвар, робокон электроник, хими технологи, архитектур болон интерьер дизайн гэсэн долоон чиглэ­лээр тус сургуульд суралцаж байгаа 500 гаруй сурагчдад мэргэжлийн баримжаа олгох сургалтууд явуулахын зэрэгцээ нийслэл болон хөдөө орон нутгийн сурагчид дугуйлан хичээллүүлэх гэнэ. Дээрх мэргэжлийн хичээлийн тан­химуудыг БШУЯ болон их, дээд сургуулийн хөрөнгө оруу­­лалтаар шинэчлэн тохи­жуулжээ. Тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Ба­дамцэцэг “Манай сур­гууль хэсэг хугацаанд зориулалт нь өөрчлөгдсөн ч энэ хичээлийн жилээс хуучин үйл ажиллагаагаа сэргээж, үйл ажиллагааны анхан шатны нээлтээ хийлээ. БШУЯ-ны санхүүжилтээр сургуулийн үүд­ний фасад, хаалгаа засварлаж  Австралийн UNIMAT брэндийн багц тоног төхөөрөмж, нисэх загварын 15 багц хэрэглэгдэхүүн авч өгсөн” гэв. Усан онгоц, нисэх болон авто загварын хүүхдүү­дэд зориулагдсан UNIMAT брэндийн багц тоног төхөө­рөмж нь модон эдлэл хийх анхан шатны дадлыг өгөх ач холбогдолтой тул хүүх­дүүд аль хэзээний тоног төхөөрөмж дээр ажиллаад эхэлжээ. УИХ-ын дарга болон БШУ-ы сайдыг зочлох үеэр өөрсдийн хийсэн эвлүүлдэг тоглоом болон зарим нэг загвараа сонирхуулж байсан юм.

Мөн их, дээд сургуулиуд өөрсдийн санхүүжилтээр олон тан­хим байгуулж өгч. График дизайны танхимыг ХААИС 13 сая төгрөгийн өртгөөр байгуулж өгсөн бол МУБИС 9.9 сая төгрөгөөр Хувцас дизайны, АШУҮИС Хими технологийн танхимыг тохижуулж өгсөн байна. Харин ШУТИС таван сая төгрөгөөр Архитектур, интерьер дизайны танхим, долоон сая төгрөгөөр Нисэх загвар, таван сая төгрөгөөр авто болон усан загварын танхимыг тохижуулж өгчээ. Харин МУИС 25 сая төгрөгөөр Ро­бокон электроникийн танхимыг тохижуулсан нь монголын ирээдүйн инже­нерүүдэд томоохон хөрөнгө оруулалт болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан