Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хироюки Усами: Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг мэдрэхээсээ илүү мартагнаж байна


Тэртээх 25 жилийн өмнөх Ардчилсан хувьсгалын халуун өдрүүд өнгөт гэрэл зурагт амилж үлдсэн нь цөөн. Гадаадын цөөн хэдхэн фото сэтгүүлч л өнгөтөөр гэрэл зураг авч үлдсэн нь өнөөдөр энд тэнд үзэгддэг. Хироюки Усами бол социализмаас ардчилсан нийгэмд шилжиж буй Монгол орон, монголчуудын тухай түүхэн үйл явдлын гэрч болсон гадаадын тэр хэдхэн сурвалжлагчийн нэг. Гэхдээ тэр зөвхөн өөрт хэрэгтэй зургаа аваад Монголыг мартчихсангүй. Ардчилсан хувьсгалын алтан хараацай болсон С.Зоригтой дотно нөхөрлөж, Монголын анхны Ерөнхийлөгчийн өрөөнд тухалж, монголчуудын борог амьдрал дунд хөлбөрч, Монголын төлөө гэж зүрх сэтгэл нь цохилох болсон нэгэн. Ардчилсан хувьсгалын  түүхэн өдрүүд буюу 1990-1993 онд тэр бүтэн гурван жилийн турш Монголын ардчиллын тухай сурвалжлага бэлтгэж явсан юм. 12 жилийн турш 38 орноор фото сурвалжлага хийж явсан энэ эр Монголыг онцлон саатах болсон нь учиртай. Түүнийг өнөөдөр Монголын ардчиллын анхдагчид андахгүй. Заримтай нь найз нөхөр, ах дүү болчихсон. Тиймдээ ч өнөөдөр Монголд ах дүү найз нөхөдтэйгээ уулзахын тулд ирдэг юм хэмээх. Гэхдээ тэр зөвхөн найз нөхөдтэйгээ уулзахын тулд Монголд ирдэггүй. 0-18 насны зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийлгэхийн тулд Японоос жил бүр эмч нар урьж авчирдаг. Ингээд Зүрх хамгаалах төслийн захирал Хироюки Усамитай уншигч таныг уулзуулъя.

-Ардчилсан хувьсгалын тухай сурвалжилж явахдаа С.Зориг агсантай уулзаж ярилцаж байсан үеэ дурсаач?
-Хувьсгалаас хойш гурван жилийн дараа ирэхэд тийм ч их өөрчлөлт гараагүй байсан.  Монголын ардчилсан хувьсгалын удирдагчийн тухай сурвалжлага хийхээр манай чөлөөт сэтгүүлчид ярилцсан байсан учраас С.Зоригтой онцгойлон уулзсан. Тухайн үед Монголын ардчилсан хувьсгалын удирдагч бол С.Зориг л гэж ойлгосон юм. Ер нь хувьсгалын тухай, нийгмийн өөрчлөлтийн тухай сурвалжлага хийхийн тулд зөвхөн нэг хүнийг сонгож түүний талаар мэдээлэл бэлтгэвэл хүмүүст илүү сонирхолтой байдаг  гэдгийг сэтгүүлчид та бүхэн мэднэ дээ.

-Та С.Зориг агсантай төдийгүй гэр бүлийнхэнтэй нь их ойр дотно байсан нь таны зургуудаас харагддаг?
-Үнэхээр дотно болчихсон байсан юм. Зориг агсан Кудоми Иока бид хоёрт “Би Ерөнхий сайд юм уу, Ерөнхийлөгч болчихвол та хоёрыг Монголд албан ёсоор урина аа . Бүр лимузинээр тосно” гэж тоглоом шоглоомоор хэлдэг байж билээ. Гэтэл сайхан анд минь Ерөнхий сайд болох тухай яригдаж, шийдвэр гарах өдрийн өмнөхөн ёс бусаар нас барсныг сонсоод би шоконд орсон. Арай ч дээ. Яагаад тэр вэ гэж уулга алдсан.

-Өнөөдрийг хүртэл тэр аллагыг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг олоогүй л байна.
-Чухам яагаад олдохгүй байгааг би сайн мэдэхгүй юм. Гэхдээ тэр хүмүүс нь хурдан баригдаасай гэж боддог. Одоо ч тэгж л бодож байна.

-С.Зориг хэрвээ улстөрч байгаагүй бол өнөөдөр бидний дунд амьдарч л явах байсан болов уу. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Зориг агсантай  холбоотой маш их шуугиан гарч байсан учраас  энэ  нь тэр хүнийг маш их стресст оруулсан. Миний бодлоор энэ хүн улстөрчөөс илүүтэйгээр судлаач, багш байсан бол илүү дээр байх байсан даа гэж хувьдаа боддог. Тухайн үед Зориг агсан Ерөнхий сайд болох талаар ч их яригдаж байсан. Хэрвээ энэ хүн Ерөнхий сайд болсон бол улс төрийн олон асуудал сөхөгдөх байсан ч юм бил үү.

-Зориг агсны нэг зургийг сайн санаж байна. Ажлын өрөөндөө халаасандаа гараа хийгээд зогсчихсон, мөрөн дээгүүр нь Чингис хааны зураг харагддаг даа. Таны авсан зураг уу?
-Зургийг нь харвал яг санана даа. Зоригтой хэдэн мянган зураг авч байсан учраас минийх мөн эсэхийг санахгүй байна. 1991-1993 онд өглөөнөөс үдэш болтол зураг авдаг байлаа. Гурван жилийг Монголд зарцуулсан учраас маш их зураг бий. Яг хэдэн зуу байгааг ч хэлж чадахгүй байна.

-Монголчуудын мэдэх­гүй С.Зоригийг та олж харж нөхөрлөсөн байж бо­лох юм. Түүний ямар зан чана­рыг та илүү тод санадаг вэ?
-Их ухаантай. Янз бүрийн юм боддог, их гүн сэтгэж чаддаг, ойлгох чадвар сайтай хүн байсан.

-Монголд анх ирээд ямар хүмүүстэй танилцаж бай­сан бэ. Одоо санадаг уу?
-Анх танилцаж байсан хүн маань Японд өнөөдөр Элчин сайдаар ажиллаж байгаа Хүрэлбаатар, мөн Тайландад Элчингээр суугаа Дашпүрэв, МоАХ-ноос Билэгт, өөр санаж байгаа хүн бол Халиун.  Халиун сүүлд Туркийн Элчин сайлын яаманд ажиллаж байсан.

-Ардчилсан хувьсгал хийж байсан тэр үеийн Монголоос өнөөдрийн Монгол олон талаараа өөр болсон нь тодорхой. Харин таны хувьд юу нь илүү өөрчлөгдсөн мэдрэмж төрж байна вэ?
-Монгол Улс нүдэн дээр л хөгжиж, өөрчлөгдөж байна. Монгол руу орж ирэхэд хүртэл асуудалгүй болж. Хүмүүсийн амьдрал ч гэсэн өсч дэвжиж л байна. Гэхдээ тухайн үеийн хүний мөс чанар өнөөдрийнхөөс илүү сайн байсан нь мэдрэгддэг. Хүний чанар өнөөдөр муудаад л байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Тухайн үеийн ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан залуус маань дотроосоо шатаж, Монгол Улсаа, тухайн үеийн нийгмээ өөрчилье гэсэн сэтгэлээр өөрсдийн амь биеэ хайрлахгүй тэмцэж чадсан тэр л сэтгэл нь үнэхээр сайхан байлаа. Өнөөдөр бүгд нас тогтож. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, хотын дарга болж.

-С.Зоригоос гадна энэ хувьсгалд ямар хүмүүс илүү үүрэг оролцоотой байсан гэж  та боддог вэ?
-Нийгэм  нь солигдож байгаа улс гэдэг утгаар нь би Монголд ирж байсан юм. Монгол бол түүхэнд нэг ч хүний хамраас цус урсгалгүй, ардчилсан хувьсгал хийж чадсан гэдгээрээ үнэхээр тодоор тэмдэглэгдэн үлддэг. Энэ нь тухайн үеийн удирдлага байсан Батмөнх дарга ч юм уу, ер нь Монгол хүний аливаа зүйлд зөв ханддаг, зохицуулж чаддаг хандлагатай холбоотой байх л даа.  Гэтэл Румын, Польшийн хувьсгал хэчнээн хүний аминд хүрсэн билээ. Маш их хохиролтойгоор хувьсгал хийсэн.  Батмөнх даргын нөлөө ардчилсан хувьсгалд маш их байсан гэж боддог. Залуучуудаа хүлээн зөвшөөрч, тэдний тавьсан шаардлагад нааштай хандсан. Мөн хоёр Очирбат байна. П.Очирбат, Ж.Очирбат хоёр. Энэ хоёр хүнээс хоёулангаас нь ярилцлага авч байлаа. Ардчилсан хувьсгалтай холбоотой 20, 30-аад хүнтэй уулзаж, ярилцсан байдаг юм. Ганц Монгол гэлтгүй өвөрмонголчуудтай ч уулзаж явсан.

-Монголд ажиллаж байхдаа Монголын гэрэл зурагчидтай уулзаж байв уу. Манайхан бол ихэвчлэн хар зураг л авч түүхэн баримт болгон архивласан байдаг юм?
 -Тийм, тийм, Монголын гэрэл зурагчдын аппарат бол голцуу хар цагаан л байсан. Харин Японд аль хэдийнээ  өнгөт аппарат гарчихсан байлаа.  Өнгөт аппаратны линз нь их үнэтэй байсан учраас Монголын гэрэл зурагчдад байгаагүй л болов уу даа. Тэр үеийн гэрэл зурагчдын тухай сайн санахгүй байна. “Гамма” агентлагийн Цацралт, “Эдмон”-ы Энхбат хоёр байсан болов уу. Тэдний зургийг харахад бид өөр өөр өнцгөөс л авсан болохоос нэг л үйл явдлын кадрууд байдаг.

-Тэр үед манай дэлгүүрийн лангуу ч бас хоосон үе байж?
-Монголын дэлгүүрүүдэд давс, гурилаас өөр юм байхгүй. Миний мэдэхээр нэг цэнхэр шошготой архи байсан санагдана.

-Монголын ардчилсан хувьсгал бол дэлхийн түүхэнд цусгүй хувьсгал гэдгээрээ тэмдэглэгдэн үлдэх нь зүй. Гэхдээ цусгүй хувьсгал маань заримдаа үнэ цэнэгүй ч болчих гээд байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Ардчилсан нийг­мийн үнэ цэнийг мон­голчууд маань тийм ч тод үнэлээд байдаггүй. Энэ өдрүүдийг цөөн хэдэн хүний баяр мэт санах  нь ч бий. Үнэндээ ардчилсан хувьсгалын эдгээр өдрүүд Монголчуудын түүхэнд хамгийн үнэтэй өдрүүдийн нэг байх ёстой болов уу. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Ардчилсан хувьсгалыг ямар үнэ цэнээр олж авсныг мэддэг хүн ховор болох тусам түүнийг ойлгох хүн ховор байдаг юм болов уу. Японд ч гэсэн иймэрхүү байдалтай л байна. Япон, Америк хоёр дайтаж байсан тэр түүхийн талаар өнөөдрийн залуу үе маань төдийлөн мэддэггүй. Цаг хугацаа гэдэг аливаа зүйлийг мартагнуулдаг. Үнэндээ ардчилсан хувьсга­лын үнэ цэнийг мэдрэхээсээ илүүтэй мартагнаж байна шүү дээ. Чи хэдэн настай вэ?

-Ардчилсан хувьсгалтай нас чацуу.
-Тэгвэл чи ардчилсан хувьсгалын талаар төдийлөн мэдээлэлтэй байж чадахгүй л болов уу. Тэгэхээр чиний хувьд энэ хувьсгалын үнэ цэнэ  юу вэ?

-Би өөрийнхөө хүссэн мэргэжлийг эзэмшээд өөрийнхөө хүссэн ажлыг хийж, уулзъя гэсэн хүнтэйгээ уулзаж, бас сонирхсон сэд­вээрээ ярилцаж байна. Би хүсвэл суръя гэсэн га­зар­таа суралцаж, аялах боломжтой байна. Би хувьдаа энэ бүхэн ардчиллын ач гэж боддог.
-Чи өнөөдөр ардчилсан улсад амьдарч байна. Харин социализмын үед амьдралын түвшин бүгд ижилхэн байлаа.  Харин өнөөдөр эрс тэс ялгаатай. Чамд аль нь дээр санагдаж байна?

-Ямар ч хувьсгал золиостой байдаг гэдэг. Тэгэхээр ардчилсан нийгмийг бий болгохын тулд бид золиослох зүйлээ золиослох л хэрэгтэй байсан гэж боддог. Настайчууд маань хааяа тэр нийгмийг санагалздаг шүү. Хоёулаа эргээд ярилцлагадаа оръё. Танаас мэргэжлийн гэрэл зурагчин хүн гэдэг утгаар чинь асуух зүйл байна. Манай сэтгүүлзүйн хувьд гэрэл зураг нэг ёсондоо дагавар хүүхэд нь байсаар л байна. Фото сэтгүүлзүйн хувьд сургалтын ямар нэгэн систем гэх зүйл юу ч байхгүй. Бид зөвхөн практикаар л фото сэтгүүл­зүйг хөгжүүлж явна. Та фото сэтгүүлзүйг үнэлж чаддаг газарт ажил­ладаг хүний хувьд энэ талаарх бодлоо бидэнтэй хуваалцаач?
-Японд фото сэтгүүлч бэлтгэх мэргэжлийн курс сургалт байна. Дээрээс нь мэргэжлийн томоохон фото сэтгүүлчийн туслахаар ажиллаж, өөрөө дадлагажаад ажиллах боломж их. Хүн бүрт л өөрийн оноосон нэг л ажил байдаг учраас гэрэл зурагчин бол зөвхөн фотогоо хэрхэн сайн авахаа боддог бол сэтгүүлч нь сурвалжлага ярилцлагаа л сайн хийхийг хичээдэг. Харин монголчууд бол аль алиныг нь амжуулж байгаа харагддаг. Фото сэтгүүлч больё гээд хичээж чадвал Японд ажлын байр хангалттай. Боломж зөндөө их байдаг л даа.

-Тэгэхээр фото сэтгүүл­зүй хөгжиж чадах­гүй, үнэгүйдээд байгаагийн шалтгаан нь таны бодлоор юу байж болох вэ?
-Монголд зурагчид цөөн байна. Өөрөөр хэлбэл зураг аваад л хоолны мөнгөө олж чадахгүй учраас хаячихдаг. Харин Японд бол зураг авахыг хоолоо олохын төлөө биш энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө хийдэг учраас хөгжүүлж чаддаг. Жишээ нь, би гурван жилийн турш зөвхөн Монголын ардчиллын тухай зураг авахдаа бүх зардал мөнгөө өөрөө гаргаж байсан. Хэдийгээр Японд очоод ганц нэг зураг хэвлэлд гаргаж байгаа ч зардлаа яагаад ч нөхөж чадахгүй. Гэхдээ энэ бол миний ажил, энийг би л хийх ёстой гэдэг бодол надад илүү байсан юм.
Японд ч гэрэл зураг хөгжих хүртлээ та нарын өнөөдрийн энэ замыг туулсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Үнэнийг хэлэхэд танай сэтгүүл зүйд залуу боловсон хүчин их байна. Та нар л Монголын сэтгүүл зүйг өөрчлөх хэрэгтэй. Ямарваа нэгэн улстөрчийн халаасанд орчихоод яваад байвал сэтгүүл зүй үлгэн салган яваад л байна. Тэгэхээр та нар ч гэсэн сэтгүүл зүйн хувьсгал хийх л хэрэгтэй.

-Манайд бас нэг хэцүү зүйл нь оюуны өмчийн хулгай. Үүнээс болоод ямар ч бүтээл, ямар ч үнэгүйгээр нийтийн хүртээл болчихдог.
-Интернэт хөгжсөн энэ үед зураг маш их хулгайлагддаг. Сонин сэтгүүл ямар ч зөвшөөрөл авалгүй, авторгүй зураг тавих тохиолдол зөндөө. Гэхдээ Японы хууль чанга учраас үүнийг маш хурдан цэгцэлж чаддаг. Та бүхний хувьд зохиогчийн эрхийн тухай хуулийг нарийн чанд болгох хэрэгтэй. Та нар өөрсдөө л хөдлөхгүй бол өмнөөс чинь хүн хөдөлнө гэж байхгүй. Интернэт орчин чинь уг нь маш олон боломж бий болгож байгаа. Та бүхэн хамгийн гол нь зөв ашиглах хэрэгтэй. 1990-ээд оны үед хүссэн хүн бүр аливаа үйл явдалд очоод зураг авч болдоггүй байлаа. Харин өнөөдөр хэн ч хаана ч очоод зургаа авч болно. Гол нь тэр бүтээлээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ та бүхэн маш сайн тодорхойлох хэрэгтэй. Монголын сэтгүүл зүй одоогоор сэтгүүл зүй рүү ороогүй байна. Монголчууд маань болохгүй байгаа зүйлийг тод томруун гаргаж чадахгүй байна. Яг үнэндээ бүгдээрээ л соц нийгмийн үе шиг бөөрөнхий, жигд мэдээлэлтэй байна гэж хэлэхэд буруудахгүй.  Гэхдээ энэ бол миний бодол шүү дээ.

-Бүх зүйл дижитал болсон ч гэсэн хааяа хальсаар зураг авмаар санагдах үе бий юу?
-Зурагчин хүний хувьд гэж хэлэхэд дижитал нь хавьгүй дээр. Энэ бол хөгжил. Хүссэн зургаа аваад шалгаад хэрвээ санаанд хүрээгүй бол устгаад ахиад л аваад. Тэгэхээр зурагчин хүнд бол энэ хамгийн хэрэгтэй дэвшил болж чадсан шүү.

-Монголд таныг татдаг нэг зүйл байна аа даа. Чухам юу вэ?
-Би сүүлийн үед ажил гэхээсээ илүүтэйгээр найзууд­тайгаа, хүүхдүүдээс ялгаагүй болчихсон хүмүүстэйгээ уулзахын тулд л ирдэг болсон.

-Монгол хэл сурахгүй байна уу?
-Сурахгүй байна аа. Миний хажууд япон хэлтэй хүмүүс дандаа байдаг учраас сурахгүй байна шүү.

-Таныг Монголд хү­мүүн­лэгийн ажил өрнүүлд­гийг мэднэ. Монголчуудын энгийн амьдрал хэр ойр санагддаг вэ. Энэ тухайд фото сурвалжлага хийж байв уу?
-Би сурвалжлах гэхээсээ илүүтэйгээр монголчуудын тэр борог амьдралыг дэндүү сайн мэднэ. Японы зүрх хамгаалах төслийнхөө шугамаар Япон эмч нар жил бүр ирж Монголын 0-18 насны хүүхдүүдэд үнэгүй хагалгаа хийдэг. Тэр бүхнийг удирдаж зохион байгуулж байна. Эмч нар маань 2002 оноос эхлэн ирсэн. 2008 оноос төрийн бус байгууллага байгуулсан. Одоо төрийн бус байгууллагын шугамаар эмч нар маань ирдэг болсон.Хоёр жилийн өмнө Монголын агаарын бохирдлын тухай NHK-тэй хамтарч нэвтрүүлэг хийж байсан. Зөвхөн агаарын тоосонцорын хэмжээ Монголд Японоос 30 дахин их байгаа гээд бод доо. Энэ бүхнийг биднээс илүү монголчууд өөрсдөө тодорхой болгож байх ёстой юм шүү дээ.

-Монголд ийм сайхан элэгтэй хандаж байгаа танд талархаж байна. Түүхийг хамт бичилцээд одоо хүмүүнлэгийн ажил хийж байгаад баярлалаа.
 -Хэцүү ч гэсэн хичээж ажиллаж байгаад баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан