“Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх- авлигын хэмжээ”… гэсэн тайлбартай дөрвөн сая ам.долларын “Голомт” банкны гүйлгээний баримтыг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг Хуульзүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин энэ сарын 2-ны өдөр өөрийн твиттэр хуудсанд орууллаа. Сайдын суудлаас унах дээрээ тулчихсан цаг хугацаанд задруулсан энэ баримтын талаар тэр нэмж тайлбар өгөөгүй. АТГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг зэрэг “авлига”-ын хэргээр мэргэшсэн хууль сахиулах байгууллагууд ч Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтын мөрөөр мөшгөсөн, мөшгөж байсан талаар ганц үг ган хийсэнгүй. Ингээд Х.Тэмүүжингүй, хууль сахиулах байгууллагын оролцоогүй бид энэ баримт ямар учиртай болохыг таамаглах л сонголт үлдэв.
Тэр дундаас Х.Тэмүүжин баримт дэлгэхдээ мөнгө хүлээн авагчийн нэрийг арилгасан нь асуудлыг улам ээдрээтэй болгож, агшныг нь тааруулж цацсан өөрт нь ашигтай сануулга уу, аль эсвэл үхэхдээ тавьсан үхэр буу юу гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ аль нь ч байсан нэгэнт эхлүүлсэн энэ баримтаас эхний ээлжид хоёр зүйл тов, тодорхой болж, ганцхан өдрийн дотор дээрх баримтын талаар хоёр ч хэвлэлийн хурал болж амжив.
Х.Тэмүүжин ийм байлгахыг хүссэн
Зурагт үзүүлсэн баримтад харагдаж байгаа шиг мөнгө шилжүүлсэн хүний нэр байхад шилжүүлэг хүлээн авсан хүний нэр байхгүй байгаа нь бидний олох ёстой хариулт, Х.Тэмүүжингийн оролдуулахыг хүссэн нэгэн байжээ гэвэл бодит байдлаас ташаарахгүй. Тэр нь Хуульзүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн байр сууриас тодорхойлсноор хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчийг ашиглаж чаддаг нэгэн. Гэхдээ өчигдрийг хүртэл баллаж дарсан нэрийг Х.Тэмүүжин ч, хуулийн байгууллага ч нууцалж ил гаргах оролдлого хийгээгүй гэдгийг тодотгох хэрэгтэй.
Ингээд л тэр нуусан нэрийн цаана нэг их мэдэлтэй хүн, эсвэл хуулийн дээр суусан эрх мэдэлтний хувийн компани байгаа мэт төсөөлөл иргэдийн дунд өндрөө авав. Эсрэг талд нь мөн л Х.Тэмүүжингийн тодорхойлж орхисон Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчинд автан дөрвөн сая ам.долларын авлига өгсөн Алтантуяа буюу “NRI” гэх хуулийн этгээд бий. Тус компани нь Т.Ганболдын хувийн компани бөгөөд түүнийг монголчууд асар их өртэй “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авсан гэдгээр нь мэднэ. Сү.Батболд Засгийн газрын тэргүүн байхад тухайн үеийн Сангийн сайд Хаянхярваа, Татварын Ерөнхий газрын дарга Баттөмөр, Тагнуулын Ерөнхий газар зэрэг төрийн 10 гаруй төлөөлөлтэй дугуй ширээнд сууж, улсад өгөх өрийг нь би төлнө, ажиллах боломж олго гээд “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авсан нэгэн. Х.Тэмүүжингийн нүдээр бол тэр хөөрхийлөлтэй баялаг бүтээгч. Дөрвөн сая ам.долларын хээл, хахууль өгч амиа авч гарсан иргэн аж. Гэвч байдал эсрэгээрээ эргэв.
Дөрвөн сая ам.доллар өгсөн нь Т.Ганболд. Авсан нь Ч.Бямбаа
Өчигдөр үд дунд “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл хэвлэлийн хурал зарлаж, дээрх дөрвөн сая ам.долларын хэрэг манай компанид ямар ч хамаагүй. Энэ талаар Т.Ганболд өөрөө хариулах учиртай гэв. Тиймээс түүний хэвлэлийн хурлын зорилго Т.Ганболд “Алтан Дорнод Монгол” компанийн захирал мөн ч дээрх мөнгийг “NRI” гэх өөр компаниараа дамжуулан хийсэн гэдгийг л ойлгуулахыг хүсчээ. Харин үдээс хойш Ч.Бямбаа гэх эрхэм өөрөө хэвлэлийн хурал зарлаж, би тэр дөрвөн сая ам.долларыг авсан гэв. Ингэхдээ Х.Тэмүүжингийн яриад байгаа шиг “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх…” бус өөр зорилгоор авсан гэдгээ хэлсэн юм.
Т.Ганболд “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авахаас өмнө “Рекат” компанийн захирал Ч.Бямбаа тус компанийг ОХУ-ын иргэн Паушокоос 23 сая ам.доллароор худалдан авахаар тохирч, гэрээг 2011 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хийсэн байна. Ингээд гэрээний дагуу урьдчилгаа хоёр сая ам.доллар өгөхдөө “Голомт” банкнаас зээл авч өгсөн ч улстөрчдийн дарамт шахалтаас үүдэн “Алтан Дорнод Монгол” компанийг зарахаар болжээ. Энэ үед Т.Ганболд хоёр сая ам.долларын өр болон үйл ажиллагааны зардал болох хоёр сая ам.доллар, нийт дөрвөн сая ам.долларыг Ч.Бямбаагийн “Рекат” компанийн дансанд шилжүүлсэн юм байна. Харин энэ мөнгийг ямар эх үүсвэрээр олж өгснийг Ч.Бямбаа мэдэхгүй гэлээ.
Юутай ч мөнгө шилжүүлэгч, мөнгө хүлээн авагч бас ямар зорилгоор шилжүүлсэн бэ гэдгийг Х.Тэмүүжин, Т.Ганболд зэргээс бусад хөндлөнгийн эх сурвалжууд хэлж байна. “Голомт” банкны захирал Д.Баясгалангийн хэлж байгаагаар “Харилцагчийн нууц мэдээллийг задруулж байгаад гайхаж байна” гэсэнчлэн банкны нууцад нэвтрэн заавал дээрх баримтыг дэлгэсэн нь Хуульзүйн сайд байсан Х.Тэмүүжингийн хувьд хачин үйлдэл. Бүр шилжүүлэгч нь хэн бэ гэдгийг мэдсээр байж “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх - авлигын хэмжээ…” гэж тодорхойлсон нь жигтэй юм. Магадгүй асуудал энд хүрээд дуусахгүй байх.