1990-ээд оны эхэн өвлийн хүйтэн өдрүүдэд улс орон даяар ардчиллын төлөө амьсгалж байхад өмнийн цэнхэр нутаг Дорноговьд ч Монголын ардчилсан холбооны салбЙар зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажлаа эхэлсэн юм.
Салбар зөвлөл эгнээгээ өргөтгөх, ухуулга сурталчилгаа хийхийн зэрэгцээ нийслэлд өрнөж байсан жагсаал цуглаан, улс төрийн өлсгөлөн зэрэг арга хэмжээнд төлөөлөгчөө оролцуулан ажиллаж байв.
Хүйтэн дайны үед Зөвлөлтийн цэргийн том гарнизон Дорноговь аймгийн хэд хэдэн газарт байрлаж байсан нь 1990 оны дундуур эх орондоо буцах болсон юм. Зөвлөлтийн цэрэг 1960-аад оны дундуураас Монголын нутагт байрлахдаа найрамдалт орнуудын жишгээр улс ардын аж ахуйн ажил болон соёлын салбарт байнга хамтран ажиллаж монголын ард түмэн, аймаг орны ажилд гүн туслалцаа үзүүлж байсан ч байрласан газар нутгийнхаа байгаль орчныг сүйтгэх, хууль бусаар ан агнах, айл өрхийг дээрэмдэх, мал хулгайлах, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх зэрэг олон гэмт хэрэг өдүүлж, зарим тохиолдолд үүнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрдөг байлаа.
Дорноговь аймгийн Сайншанд хотод байрлаж байсан зөвлөлтийн цэргийн гарнизоныг Монголоос бүрмөсөн гарч явах болоход 1990 оны тавдугаар сарын 5-нд тус аймгийн МоАХ-ны Зохицуулах зөвлөл байрлаж байсан газар орноо цэвэрлэж явах тухай албан шаардлагыг Зөвлөлтийн цэргийн гарнизоны захирагчид өгсөн юм.
Улмаар хэд хэдэн удаа шаардаж, албан бичиг явуулсан ч хариу өгөлгүй, шаардлага хүргэж очсон төлөөлөгчийг хөөж, доромжлон барилга объектоо буулгаж, эвдлэн хэнд ч хэрэггүй хог хаягдал болгож эхэлсэн байна.
Аймгийн МоАХ-ны Зохицуулах зөвлөл хуралдаж энэ байдлыг хэлэлцэн зөвлөлтийн цэрэг гарах өдөр цэргийн цувааны өмнө цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлэх шийдвэр гаргасан байна.
Энэ тухайгаа ч аймгийн төр захиргааны болон хуулийн байгууллагад албан бичгээр урьдчилан мэдэгдэв. Аймгийн удирдлагууд үүнийг дэмжихийн оронд харин ч аймгийн МоАХ-ны зохицуулагч Г.Ганбатыг баривчлуулахаар цагдаа явуулжээ.
Энэ үеэр МоАХ-ны гишүүн Г.Ганбат, Д.Цэвэгжав нар зөвлөлтийн цэргийн цуваа хөдлөх гэж байгаа газарт очиж цувааны даргатай нь уулзан цуглааны зорилго, шаардлагаа танилцуулсны дараа төмөр зам дээр улаан даавуугаар гортиг татан “Миний эх орон хогийн тантан биш” зэрэг уриа лоозон, ухуулах хуудсаа байрлуулан Санрайжав, Ганчимэг, А.Бямбаа, Мандахсүрэн нар хамгаалалтад зогсч, энэ үеэр иргэд ч цугларч эхэлсэн байна.
Гэтэл Зөвлөлтийн цэргийн цуваа хөдлөх болж дохиогоо дуугарган хөдөлж эхлэхэд жагсагчид ч зам хаах төмөр чулуу, мод цуглуулан зам дээр тавьж эхэлсэн байна.
Ингэснээр байгаль орчноо цэвэрлүүлэх гэсэн шаардлага тавьж байсан тайван жагсаал тэмцлийн хурц хэлбэрт шилжиж галт тэрэг даавуугаар татсан гортигийг дайран гарч ирэхэд МоАХ-ны зохицуулагч Г.Ганбат, Санрайжав, Амгалан нар зам дээр хөндлөн хэвтэхэд галт тэрэг тэдэнд тулан зогссон байна. Цувааг ийн саатуулсан хэдэн цагийн турш Их Хурал, Засгийн газар, цэрэг цагдаагийн байгууллагууд аймгийн удирдлагатай байнга харилцаж “Сахилгагүй залуучуудыг тарааж, цуваа саатуулсан хүмүүст хүч хэрэглэн цувааг саадгүй өнгөрүүл” гэсэн тушаал өгч.
Аймгийн Захиргаа ч өргөтгөсөн хурал хийж, хүч хэрэглэх тухай санал гарахад Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга ахмад Ганчулуун “Зөв шаардлага тавьж байгаа гар хоосон хүмүүст хүч хэрэглэж болохгүй, тэгээд ч тэд биш тэднийг дэмжихээр цугларсан сэтгэл нь хөөрсөн хүмүүс аюултай” гэсэн байдаг. МоАХ-ны салбар зөвлөл ч зөвлөлтийн цэргийн гарнизоны байрлаж байсан газар нутагт хаана хаана ямар хэмжээний хог хаягдал, ухсан нүх, окоп байгааг зураглалаар гарган баримтжуулсан байна.
Маргааш нь ЗХУ-ын Өвөр Байгалийн цэргийн тойргийн командлагч дэслэгч генерал ирж, “аймгийн удирдлагатай л ярина, гудамжны танхайчуудтай ярихгүй” гэсэн ч эцэстээ аймгийн дарга Б.Мижид, МоАХ-ны зохицуулагч Г.Ганбат нартай хэлэлцээ хийснээр Сайншанд, Чойрт байрлаж байсан ангиуд газар нутгаа цэвэрлэн хүлээлгэн өгөх хүн хүч гаргах болсноор тэмцэл өндөрлөсөн байна.
Энэ талаар Дорноговь аймгийн МоАХ-ны салбар зөвлөлийн зохицуулагч Г.Ганбат “Галт тэрэг дохиогоо чих дөжиртөл дуугаргаж, чихартал тоормослож биенд минь тулж ирсэн тэр мөч өнөө ч зүүдэнд минь үзэгдэн хар дарж сэрээдэг” гэж дурссан байдаг. Улмаар байгаль орчныг нөхөн сэргээх, хог хаягдал цэвэрлүүлэх ажил тус аймгийн нутгаас зөвлөлтийн цэрэг гарч дуустал үргэлжилсэн байна.