1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд МоАХ, МоАН-аас АИХ-ын Тэргүүлэгчдэд хандаж тулган шаардах бичиг илгээн “1.Ардын түр хурлыг нэн даруй байгуулах, 2. Ард түмний онц зөвлөлийг улс төрийн хүчнүүдийн тэгш оролцоотойгоор байгуулах, 3.МАХН-ын ТХ-ны аппаратыг Засгийн газрын ордноос гаргаж, МоАХ, МоАН-ын ажиллах хэвийн нөхцөл хангаж байр олгох” гэж шаардан хариуг 27-ны өдрийн 12.00 цагт Сүхбаатарыг талбайд нийтэд уншиж танилцуулахыг хүсчээ.
Дөрөвдүгээр сарын 26-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга хариугаа хэвлэлээр өгөхдөө “МоАХ, МоАН-д МОНЦАМЭ агентлагийн “Монголия” сэтгүүл, “Новости Монголии” сонины редакцын байрлаж байгаа байрыг өгсөн боловч голоод авсангүй, МАХН эрх баригч нам учраас Төв хороог Засгийн газрын байрнаас гаргах хэрэггүй юм. Дөрөвдүгээр сарын 27 нь баасан гараг, ажлын өдөр тул жагсаал хийхгүй байхыг хүсье” гэсэн байлаа.
Дээрх хариуг хангалтгүй гэж үзсэн учраас жагсаал хийх шийдвэр хэвээр үлдсэн байна.
Ингээд “Монгол хүн бүр Монголынхоо төлөө шийдвэрлэх үгээ хэлэх цаг өнөөдөр боллоо. Иймээс эх орон нэгт та бүхнийг энэ сарын 27-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг уриалан дуудаж байна” гэснээр жагсагчид өөр өөрийн дүүрэгт зохион байгуулалтад орж төв талбайд ирэв.
Энэ үеэр Засгийн газрын ордныг цэрэг, цагдаагийн хамгаалалтад авчээ.
Эрх баригчид АИХ-ын Тэргүүлэгчдийн 86 дугаар зарлигийг давтан зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохоо чанга яригчаар зарлаж байв.
Энэ өдрийн цуглаанд 100 гаруй мянган хүн оролцсон гэдэг мэдээ бий. Хүмүүс бие биеэ шахан урагшилж, эгнэн жагссан цэрэг, жагсаалд оролцогсдын хооронд зайгүй болж эхлэхэд МоАХ-ны зохицуулагч С.Зоригийн “Дэмжиж байгаа нь суугаарай, ухраад нэг, хоёр, гурав” гэсэн үгээр олны түрлэг саатаж цэрэг иргэдийн мөргөлдөөн гарахаас сэргийлж байлаа.
Эрх баригчид “Эдгээр үйл ажиллагаа нь БНМАУ-ын төр засгийн эсрэг шууд чиглэж, түүний нэр хүндийг гутаах, үйл ажилллагааг нь сулруулах, хүчин чадлыг нь доройтуулах гэсэн явуургүй санаа агуулснаараа манай улсын эрүүгийн хуулийн 68, 75, 117, 217, 239 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж агуулж байна” гэж буруутгасан байна.
Орой нь С.Зориг телевизэд өгсөн ярилцлагадаа “Хот орчмын цэргийн анги нэгтгэлүүд, түүний дотор хуягт тэргүүд байлдааны бэлэн байдалд орсон тухай мэдээлэл хүлээн аваад байна” гэсэн байдаг.
Улсын прокурор ч “МоАХ, МоАН нь АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигийг зөрчиж ажлын өдөр гудамж талбайд цуглаан зохион байгуулагчид нийслэлийн үйлдвэрийн газруудын тэр өдрийн 800 мянган төгрөг бүхий алдагдлын хариуцлагыг хүлээх ёстой” гэж мэдэгдлээ.
Дөрөвдүгээр сарын 28-нд МАХН, Төрийн байгууллагууд, МоАН, МоАХ, МСДН, АСХ, МҮДН-ийн төлөөлөгчид ярилцлага хийж зарим зөвшилцөлд хүрэв.