Партизанууд. Хэзээ ч юм, хэн нь хэлсэн юм бүү мэд, Монголын Ардчилсан Холбооны гишүүдийн дунд ийм нэр гараад, ийм нэртэй хүмүүс бий болоод удаж байна. Партизанууд манай улсын нийслэлд, аймаг бүрт, сум, хороо бүхэнд бий. Тэд МоАХ-ны жирийн гишүүд боловч бусдаас ялгарах зарим онцлогтой гэж хэлж болно. Партизанууд гэж МоАХ-г анх зарлах үеэс эхлээд 1990 оны анхны ардчилсан сонгууль хүртэл МоАХ-ны зорилго үйл хэргийн төлөө хүчин зүтгэсэн хүмүүсийг нэрлэж болох юм. Гэхдээ зөвхөн ийм цаг хугацаагаар шахсан тодорхойлолттойгоор тэдний амьдрал, тэмцлийн хүрээг хязгаарлаж болохгүй. Өнөөдөр ч партизанууд төрж, бас тэмцэж зүтгэж явна.
Харин дээрх түүхэн зурвас үед монголчууд ёс төдий байсан улс үндэснийхээ бие даасан байдлыг сэргээж төрийнхөө бодлогыг хараат бусаар тодорхойлох боломж бүрдүүлж чадсан юм. Энэ богинохон хугацаанд хүмүүс санаа бодол, шүтлэг бишрэлээ чөлөөтэй илэрхийлж, хүний эрхээр бус өөрийн эрхээр амьдрахын амтыг мэдэрсэн юм. Энэ зурвас үед л Монгол Улсын түүхэнд анх удаа олон намын тогтолцоо бодит биелэл болж, ард иргэд маань төрийнхөө түшээдийг өрсөлдүүлэн сонгож, хүний эрх, эрх чөлөөг цэвэр агаар мэт өөрийн юм шигээр эдэлж эхэлсэн юм.
Энэ бүхэн Монгол Улсад нэг л өглөө цас будрах мэт хүрээд ирсэн бус, үүний төлөө хүмүүс зүтгэж, ажил амьдралаа алдахаас буцахгүй тэмцэж байж авч ирсэн юм. Ардчиллын ололт бүхнийг хүмүүс шинэ айлд юм бүр хэрэгтэй болдог шиг даарч хөрөх, зовж зүдрэхээс үл ажран дархалж, урлаж бүтээсэн гэж хэлж болно.
Партизанууд улс төрийн тэмцэлд голдоо ортлоо хатуужсан хүмүүс. Тэд улс төрийн хар борыг нэвтэрхий мэднэ. Улс орныхоо төлөө юу хийж болохыг, юу хийж болохгүйг бас мэднэ. Тэднийг зарим гишүүд холбоо, намын дотор хагарал гаргалаа, шинэ, хуучны ялгаа үүсгэлээ гэж гомдоллох нь бий. Харин тэдний хичээл зүтгэлийг нь, хэцүү бэрхийг туулаад ачааны хүндийг үүрээд, даагаад ирснийг нь хүн бүр хүлээн зөвшөөрдөг юм. Харин партизануудын тоонд дарга нар нь бараг орохгүй.
Партизанууд маань хад чулуунаас бүтсэн юм шиг хатуужилтай мөртлөө хүн хүнээс илүү эмзэг сэтгэлтэй бас гомдомтгой байдаг юм. Бүр хүүхэд шиг уйлна гээч. Өр сэтгэл нь шир шиг хатуу байсан бол тэд өөрсдийгөө зольж бусдын жаргалын төлөө тэмцэхгүй байсан байх. Зарим хүн тэднийг боловсрол муутай, үл бүтэх хүмүүс гэж үзэх нь бий. Харин анкетыг нь аваад уншвал ихэнх нь их, дээд сургууль төгссөн, ерэн оноос өмнө бусдын адил ажилтай, амьдралтай байсан байдаг юм.
Тэд баярын цатгалан ширээнд гуйсан ч ирэхгүй байж чаддаг мөртлөө хүнд бэрх цагт, эсвэл нэгэнд нь зовлон тохиовол ямар ч урилгагүй цуглаад л ирнэ. Нөхрийнхөө төлөө бол юугаа ч хайрлахгүй. Тэд ардчиллыг амьдрал лугаа муутай сайнтай, цагаантай хартай зүйл гэдгийг арьс махандаа шингэтэл мэдэрсэн хүмүүс. Учир нь, тэд ардчилсан хувьсгалын дунд яг л амьдралын гүнд байсан гэдэг шиг явсан юм, яваа юм. Тэд ялалтын нулимс асгарам сайхныг ч үзсэн, ялагдлын газар хагарам гашууныг ч үзсэн. Тэд ялалт, ялагдал хоёулаа яг адилхан “новш” байдгийг мэдэрсэн хүмүүс.
Аль ч хот суурингийн партизануудыг адилхан хагас цэргийн зохион байгуулалттай гэж хэлж болно. Хэрэгтгэй цаг тохиоход нэгэнд нь дуулгахад л хангалттай. Нүд ирмэхийн зуур газрын хаана ч байсан гүйгээд ирнэ. Ямар ч хүнд ажил байлаа гэсэн түүний ард гарч байж л сэтгэл амарцгаана. Тэд сахилгыг сахиж, бие биенээ сонсч чаддаг хүмүүс. Харин зорилгоосоо замын дунд буцах, хоёр нүүр гаргахад тун дургүй. Бялдууч хүнийг бүр үзэхгүй. Тэд морь хэрэгтэй үед морьгүй бол нөхрөө үүрээд гүйдэг юм.
Партизануудыг хооронд нь нас хүйс, нийгмийн давхарга, тэр бүү хэл ажил албаар нь ялгахад хэцүү. Тэдний дунд төрийн түшээ, сайд дарга ч бий. Төмрийн дархан, манаач, жижүүр ч бий. Ардын аж ахуйтан, мянгат малчин аль аль нь бий.
Гэхдээ тэд бусдаас нэг л этгээд, магадгүй илүү энергитэй байдаг байх.
Ээ дээ, заал дүүрэн хүн суучихсан, бүр гараа зангидаад ганц чиний эсрэг орилоод дайрах ч бас хэцүү шүү. Өөрсдийнх нь төлөө өөрийгөө зольж яваад л хорссон юм шиг, уурласан хүмүүсийн араа шүд, нүд нүүр гэрэлд орсон чоных шиг байдгийг зөвхөн партизанууд л мэднэ. Гэртээ ирэхэд эхнэр нь үглээд, орчлонгийн гэгээ хүүхдийг нь өвчин ороогоод, өөрийг нь гэх дотны бүхэн нүүр буруулж, өмссөн хувцастайгаа гудамжинд гарахын зовлонг тэд л үзсэн. Өөрсдийнх нь төлөө, үр хүүхдийнх нь жаргалт ирээдүйн төлөө амиараа дэнчин тавьж, зүтгэж тэмцэж явахдаа чулуу модоор шидүүлж бас зодуулахыг тэд л үзсэн. Ардчилсан холбооных гэж аймаг сумандаа, айл хотолдоо адлагдаж явахдаа “сайн цаг ирнэ ээ” гэж хээв нэг хэлж зогссон зүрх зориг тэднийх.
Ардчиллын төлөө чи амиа өгөхөөс буцахгүй явсан. Ардчилал чамд юу өгөв” гэж төрөл садангийн, хөндлөнгийн хүнээр хэлүүлэхийн гашууныг тэд л мэднэ. Гүйхийг нь гүйчихээд, зүдрэхийг зүдэрчихээд үр дүнг нь өрөөлд алдахын хэцүүг тэд л мэднэ. Үүнийг мэддэг мөртлөө, хаширвал хашрах болсон атлаа бусдын төлөө босоод гүйчихсэн, байсан бүхнээ зольчихсон л байдаг хүмүүс. Тэдэнд үгээр илэрхийлж боломгүй гэгээн зорилго бий, хэнд ч учирлаад ойлгохгүй жаргал зовлон гэж бас байдаг юм.
Бүхний өмнө туг шиг явдаг хүмүүс байхад, хийхээ хийчихээд чимээгүй болчихдог, хэнд ч мэдэгдэхгүй шахам байдаг партизанууд бас бий. Ардчилсан холбоонд нэг л өдөр ирсэн шигээ нэг л өдөр яваад өгсөн партизануудаа яалтай билээ. Хамгийн хэцүү томилолтод мөнгө ч үгүй, томилолтын бичиг ч үгүй “би явъя” гээд явчихдаг партизанууд байдаг. Заримдаа үнэхээр тэгээд явчихсан юм шиг, нэг л өдөр царай нь харлачихсан нүд нь гялалзаад инээгээд ороод ирэх юм шиг санагдах юм.
Хааяа үзүүлдэг баримтат бичлэгт зураг нь гардаггүй, халуухан, хатуухан цагт хөтөлж байсан хуралдааны тэмдэглэлд үг нь байдаггүй тийм партизан олон бий. Тэд Ардчилсан хувьсгалыг үүрч, дүүрч явсан юм. Тэд ардчилсан хөдөлгөөний сэтгэл нь, зүрх нь, зориг нь байсан юм. Өргөж явсныг нь биш, өргүүлж явсныг нь үздэг, үлдээдэг өөдгүй ч орчлон юм даа.
Ардчилалд зүтгээд МоАХ-ны дугуй шар тэмдэгнээс өөр юмгүй үлдсэн партизан олон бий. Тэмдэг ч үгүй хүмүүс бас бий. Үг үсэг нь бүдгэрчихсэн гишүүнийхээ үнэмлэхээ тэд эрдэнэ мэт нандигнана. Партизанууд хэн нэгнээс юм гуйгаад байгаа юм биш ээ. Ард түмнээ, улс орноо хөлжих, хөгжих эрх чөлөөний үүдийг нээж өгсөн хүмүүс хэнээс юу ч гуйх билээ дээ. МоАХ-ны партизануудыг мэдэхгүй хүмүүс орчлонд олон ч гэлээ, Монголыг мэддэг, мэдэрдэг хүмүүсийн тоо олширсоор байна.
Партизануудыг бусдаас ялгахад хэцүү. Бусдыг партизануудаас ялгахад хэцүү. Тэд хүнтэй адилхан сайн, муу талтай, бас дутагдалтай. Дутагдалгүй хүн гэж хаа байхав. Хааяа партизануд цуглачихаад бие биенээ явуулж харжигнатал инээлдэнэ. Тэд “Хонхны дуу”-гаа сонсохоор сууж байснаа босоод ирнэ, зогсож байсан бол дуулаад эхэлнэ.
Ц.Элбэгдорж “Ардын эрх” 1996 оны арванхоёрдугаар сарын 08