Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Үдэнбор: Нийслэлийн хүн амын ундны усанд 70 гаруй эрсдэл байна


Эрүүл ахуйч эмч, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” компанийн зөвлөх Ш.Үдэнбороос Ариун цэврийн тухай хуулийн төсөл болон хүн амын усан хангамж, эрүүл ахуйн талаар тодрууллаа.  

-Та Ариун цэврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахад оролцож буй гэсэн. Энэ хуулийн талаар тодруулж өгнө үү?
-Ариун цэврийн тухай хууль 1998 онд батлагдсан. Одоо шинэчлэхээр хуулийн төсөл боловсруулж байгаа. Үе үеийн Засгийн газарт эрүүл мэндийн багц хуулийг шинэчлэх бодлого байсан. Иймд  Эмийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Донорын тухай хууль шинэчлэгдсэн.

Бид ариун цэвэр гэхээр зөвхөн хяналтын талаас бодож ойлгодог. Ийм бүтцээр Ариун цэврийн тухай хууль хэрэгжиж ирсэн. Энэ нь дүнгээ өгсөн. Өнөөдөр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нийгмийн, байгалийн, биологийн хүчин зүйл асар их болж байна. Техникийн хөгжил дэвшил гарах тусам хүнд учрах эрсдэлт хүчин зүйлийн тоо  улам нэмэгддэг. Жишээ нь, бүх зүйл цахим хэлбэрт орж хурдан шуурхай, эдийн засгийн хэмнэлттэй болсон нь сайн хэрэг. Гэтэл түүнээс гарч буй хог хаягдал хуучин компьютер техник хэрэгслийг  яах вэ гэдэг асуудал тулгарч байна. Энэ олон зуун авто машины сэг зэм, аккумляторыг бас яах учраа олохгүй байгаа юм. Мөн үүнээс гарч буй тос, тосол, химийн бодисыг хэрхэх нь хүн төрөлхтний толгойн өвчин болж. Нөгөө талаас байгалийн тэнцвэрт байдал алдагдаад эхлэхээр сөрөг нөлөөлөл улам нэмэгдлээ. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэсэн аюул нүүрлэж буй талаар ярьж байна. Энэ бүгдээс үүдээд хүний эрүүл мэндэд хор учруулах эрсдэлт хүчин зүйл нэмэгдэж байгаа юм. Иймд улс орон бүр эрсдэлийн үнэлгээ, хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг болсон. Энэ үзэл санаа одоо боловсруулж буй Ариун цэврийн тухай хуулийн төсөлд  тусч байгаа. 

-Тэгэхээр стандарт, хяналт шалгалт гэсэн зүйл яах болж байна вэ?
-Бид нэг стандарт батлаад  үзүүлэлтүүд нь болж байна, болохгүй нь гэсэн дүгнэлт гаргаад явдаг,  бусдад тулгадаг асуудал хоцрогдож. Өөрөөр хэлбэл, ийм аргаар асуудлыг шийдэж чадахгүй болсон гэсэн үг. Үндсэндээ тэр стандарт хэрэгжиж байгаа эсэх нь тухайн байгууллагын дотоод асуудал. Тухайн байгууллага л  бусдад түгээж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартаа хангах ёстой. Харин стандарт шаардлага хангаж чадахгүй бол бизнес нь хөгжихгүй. Хэрэв алдаа дутагдлаа засахгүй явж байгаад хүний эрүүл мэндэд хор хохирол учруулбал тэр байгууллага бүр мөсөн хаагддаг болсон. Дахиад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхцөлгүй болдог. Дэлхийн улс орнууд энэ жишгийг л мөрдөж буй юм. Гэтэл манай улсад тэр байгууллага өдөр тутмын үйлдвэрлэл, үйлчилгээгээ үзүүлэхдээ  дотооддоо хийх хяналтыг нь төрийн байгууллага гүйцэтгэдэг болж хувирсан. Энэ нь  нөгөө төрийн дарамт их байна гэдгийн тод жишээ. Жишээлбэл нэг цайны газрын ахлах тогоочийн ха­риу­­цах ёстой ажлыг л мэргэжлийн хяналтын бай­цаагч очиж хийгээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ аяга тавгаа дутуу угаасан байна, халдвар тархах нөхцөл бүрджээ гэж байгаа юм. Одоо тухайн цайны газрынхан үүнийг хөндлөнгийн хүн ирээд хийгээд өгчихнө гэсэн ойлголттой болсон гэхэд хилсдэхгүй. Иймд манайхан хяналт тавих, стандарт мөрдөх гэдгийг аль аль талдаа ойлгохоо байж. Тэгэхээр эрсдэлийн болон хүний аюулгүй байдлын үнэлгээг хэрэгжүүлдэг болох учиртай гэж бодож байна.

-Нийслэлийн хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэг. Эрүүл ахуйч эмчийн хувьд та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хөрсний бохирдлыг үнэл­дэг шалгуур үзүүлэлтүү­дийг одоо шинэчилж байгаа. Улаанбаатар хотын хөрсний бохирдол маш их байгаа нь тодорхой. Нийт авсан дээжийн 80 хувь нь дээд зэргийн, үлдсэн нь дунд зэргийн бохирдолтой. Хяналтын дээж болгон авдаг хүн ам суурьшаагүй хэсгээс бага зэргийн бохирдол илэрдэг юм. Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд хөрсний бохирдол ямар хэмжээнд байгаа талаар судалгаа хийсэн юм билээ. Улаанбаатрын хүн ам 600-гаад мянга байх үед хүн ам суурьшсан бүсийн зураг гаргаж 54 хэсэгт хуваасан. Эдгээр  цэгээс жилд хоёр удаа сорьц авч шинжлэх болсон юм. Ингээд уг судалгаанд  дүн шинжилгээ хийж хөрсний бохирдол хэрхэн бууруулах талаар ямар ажил хийхээ тодорхойлдог. Энэ судалгааг  хавар, намар хийнэ. Хавар хөрсний бохирдол хамгийн их байна. Намар бага байдаг. Учир нь зуны бороонд угаагдаж байгаль өөрийгөө  цэвэрлэдэг гэж болно. Одоо хөрсний бохирдлын шинжилгээ хийдэг цэгийн тоо хэвээр байгаа. Гэтэл хотын гэр хороолол огцом тэлсэн тул шинжилгээ авах цэгийн тоогоо нэмэгдүүлэх шаардлагатай.  Гэвч шинжилгээний үзүүлэлт, цэгийн тоогоо эрүүл ахуйн судлаачид нэмсэн гэдэг. Нийслэлийн хөрсийг бохирдуулдаг найман эх үүсвэр бий.  Тухайлбал, гэр хорооллын утаа, жорлон, муу усны нүх, авто машин, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал байна. 

-Улаанбаатар хотын хүн ам ундны усны гачаалд ороход ойрхон байна. Үүнд Туул гол, хөрсний бохирдол голлон нөлөөлж буй гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би усны мэргэжлийн хүн биш болохоор сайн мэдэхгүй юм. Мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын хэлж буйгаар цэвэр усны хяналтын цооногийн ус 1-2 метрээр татарсан байна гэдэг. Туул голыг бохирдуулж байгаа эх үүсвэр нь эргийн дагуух амралт зугаалгын газар, цэвэрлэх байгууламж, уур амьсгалын өөрчлөлт гээд олон хүчин зүйл нөлөөлж буй юм. Туул гол Төв аймгийн Лүн сум хүртэл цэвэршихээ больсон. Голын усыг 100 хувь гэж үзвэл 15 хувийн бохирдол ороход өөрөө урсгалаараа цэвэршинэ. Гэтэл тэгж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй, анхаарал татах асуудал болж байна. Ер нь, Нийслэлийн гэр хорооллын хүн амын 10 орчим хувь нь булаг шандны ус ундандаа хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Хотын захын хороолол жилээс жилд тэлж байгаа тул цэвэр усны хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа юм. Иймд ус зөөж түгээдэг явдал хэвээр байна. Улаанбаатар хотын суурьшлын бүс 30 гаруй булаг, шандтай.  Олон улсын хүмүүнлэгийн “ACF” байгууллага 10 гаруй булаг, шандын эхийг  хамгаалж  хашаа барьж тохижуулж өгчээ. Ингэснээр нохой, мал амьтны ялгадсаар бохирдох нь багассан. Өөрөөр хэлбэл элдэв халдварт өвчин гарах эрсдэл бага боловч улам буурна гэсэн үг.

-Хашаа, зусландаа иргэд худаг их гаргадаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн хөрсний ус байдаг тул унданд хэрэглэж болохгүй гэдэг. Ер нь манай улсын ундны усны стандарт ямар байдаг вэ?
-Хөрсний ус маш их бохирдсон. Яагаад гэвэл модон жорлон, бохирын цооног  яг хөрсний устай адил гүнтэй. Нэг модон жорлон дүүрэхэд шороогоор дарлаа гэж бодъё. Энэ байгалийн эргэлтэд орж органик нэгдэл бүрэн задрахад  5-10 жилийн хугацаа шаардана. Гэтэл гэр хороололд барилга барихдаа газраа шууд ухаад л суурийг нь цутгадаг. Энэ нь халдвар, нян судлалын үүднээс маш аюултай юм. Нөгөө талаас үерийн ус гэр хорооллын жорлонг халиулж урсгадаг нэг хүчин зүйл болно. Энэ бүгд нь хөрс бохирдуулах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хамгийн тод жишээ юм.  Манай улс ундны усны стандартыг 1960-аад оноос эхэлж боловсруулсан.  Одоо зургаа дахь удаагаа өөрч­лөхөөр ярьж байна. Хамгийн сүүлд 2005 онд өөрчилж зарим нэг үзүүлэлт нэмж хассан байдаг. Одоо  80 гаруй  үзүүлэлттэй стандарт бий.

Энэ стандарттай нийслэл орчмын хөрсний усыг  харьцуулах ямар ч  боломжгүй. Унданд хэрэглэж болохгүй юм. Улаанбаатарын унданд өдөр бүр хэрэглэж  буй 150-160 мянган шоо метр усанд Ус сувгийн удирдах газар өдөр болгон бактерын шинжилгээ хийдэг. Мэргэжлийн хяналтын газар тодорхой гарфикийн дагуу хөндлөнгийн шинжилгээ хийдэг юм. Манай улсын захиалгаар ДЭМБ, Усны ассоциац манай улсад усны эрсдэлийн үнэлгээ хийж өгсөн. Үүнээс үзэхэд нийслэлийн хүн амын ундны усанд 70 гаруй эрсдэл байна гэсэн дүгнэлт гарлаа. Ингээд уг эрсдэлийг арилгах төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулсан юм.
 

0 Сэтгэгдэл
zuv helsen bn daa. uneheer mergejliin ug bna.
МАНАЙ УЛС ОРОН ЕР НЬ БҮХИЙ САЛБАРАА ХОХИРСОН ЗӨВХӨН МӨНГӨ ИДЭХ ӨӨРСДӨӨ БАЯЖИХАА ТОГОЙНДОО КОДЛООД УЛС ОРНЫ ЭРХ АШИГ АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ХАЯСАН ШҮҮ ДЭЭ.БИД ХОРТОЙ УС УУЖ, ХОГТОЙ ХООЛ ИДЭЖ БОХИР АГААРААР АМЬСГАЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯАЖ ЭРҮҮ БАЙХ ЮМ.ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ХААН БООГДУУЛЖ БАЙГАА ОРНЫ НЭГ ШҮҮ ДЭЭ
Хамгийн их уншсан