Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Сэлэнгэ: Хүний эрхийн хуулийн төсөл маргаан дагуулсан


Монголын хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үндэсний төвийн захирал, доктор О.Сэлэнгэтэй ярилцлаа.  

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа асуудал гээд яриад эхэлбэл мундахгүй олон зүйл бий. Харин тулгарч байгаа асуудлыг шийдэхэд хүндрэлтэй зүйл гэвэл арай цөөн байж магадгүй. Та тэр дундаас нэн түрүүнд ямар асуудлыг нэрлэх вэ?    
-1990 онд ардчилал ялсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шинэ боломж олгосон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ардчиллын далбаан дор тулгамдаж байгаа асуудлаа дэлхий нийтэд хүргэх боломжтой болсон юм. Миний хувьд 1991 оны анхны Халамжийн хуулиас эхлээд хууль, төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулах ажилд гар бие оролцож ирсэн. Үндсэндээ, ардчилал гарснаас хойш 25 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалтай бодлогын түвшинд нүүр тулж ирлээ. Бидний хувьд өнөөдөр тулгарч байгаа зүйл нь асуудлыг хэт өмчирхөх сэтгэлгээ. Жишээлбэл, хараагүй иргэд өөрсдөдөө тулгарч байгаа асуудлаа нэгдүгээрт байх ёстой гэж үзэх, тэргэнцэртэй иргэд ч дээрх байдлаар асуудалд ханддаг. Өөрөөр хэлбэл, нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн үзэл баримтлалаас илүү өөрт ямар согог байна, түүнийгээ нэн тэргүүний асуудал гэж үздэг юм. Энэ бол маш буруу. Өнөөдөр замбараагүй олон төрийн бус байгууллага бий болсон байгаа нь ч үүнтэй холбоотой. Ингээд эхлэхээр нэгдсэн бодлого боловсруулахад маш хэцүү болдог юм. Харин хүний эрхийн асуудал өдий зэрэгтэй явж байгаад нь олон улсын шахалт шаардлага, манай улсын НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага зэрэг нөлөөлсөн. Мөн ардчилал гарснаас хойш иргэдийн сэтгэлгээ өөрчлөгдөж, нийгмийнхээ байдлыг арай өөрөөр харж сэтгэдэг болж.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд дотоодын Хүний эрхийн комисс хэрхэн хандаж байна вэ. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2001 онд баталснаас хойш өөрчлөлт оруулаагүй. Тиймээс хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй, зарим тохиолдолд амлалт, тунхагийн шинжтэй гэдэг үүднээс Хүний эрхийн хуулийн төслийн ажил эхлүүлсэн шүү дээ. Энэ хэр ахицтай байгаа вэ?
-Монголд анхны Хүний эрхийн комисс байгуулагдахад түүний дэргэд төрийн бус байгууллагуудын зөвлөл бий болж байсан. Түүний нэг нь манай холбоо. Би өөрөө гишүүн нь байсан. Гэтэл сүүлд нь Хүний эрхийн комиссын үйл ажиллагаа өөрчлөгдөөд нэртэй цуутай хүнтэй л ажилладаг болчихсон юм уу, хуучин гишүүдээ бүгдийг нь халсан. Хүний эрхийн комисс өнөөдөр маш муу ажиллаж байна. Ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан гээд олон хүнийг нэрлэж болно. Харин Хүний эрхийн хуулийн төсөл боловсруулж байгаа. Бид ажлын хэсэгт багтсан. Ази, Номхон далайн бүс нутагт анхны хүний эрхийн акт болох энэ хуулийн төсөлд санал оруулахад давхардсан хуулиудад байгаа саналууд их орсон учраас маргаан гарсан.

-Ямар маргаан бэ?
-Хуулийн төсөлтэй холбоотойгоор АНУ-ын Элчин сайдын яам хуульч урьж авчирсан. Тэдний зүгээс танайх Нийгмийн халамжийн тусгай хуультай байна. Тэгэхэд зарим зүйлийг Хүний эрхийн хуульд давхардаж оруулах ямар хэрэгтэй юм бэ гэсэн байр суурьтай байсан. Ажлын хэсэгт багтаж байгаа би ч гэсэн дээрхтэй санал нэг байгаа. Гэтэл үүний ард манайхны (хөгжлийн бэрхшээлтэй иргэд) өөрсдийнх нь асуудал нэгт байх ёстой гэсэн хувийн амбиц бий. Бидний хийж байгаа энэ бүх үйл ажиллагаа чинь Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй зохицож байх ёстой. Дур, дураараа ярьснаар хүний эрхийн асуудлыг шийдэхгүй. Хүний эрхийн асуудал гэдэг тодорхой цаг хугацаанд дэмжлэг, бодлоготойгоор боловсруулагдаж байдаг нарийн үйл ажиллагаа. Тиймээс манай хүний эрхийн ажилчид үндэсний болон олон улсын хууль, тогтоомжийг мэддэг, түүнийгээ зөв ухуулдаг, ярьж ойлгуулдаг байх ёстой. НҮБ-д очоод харж байхад нэг том зааланд олон хүн нэг, нэг компьютерын ард суугаад санал гаргадаг. Тэдний саналыг ахлах мэргэжилтэн боловсруулж, цааш нь дамжуулдаг зарчмаар явдаг. Харин манайхан  хэт хувийн амбиц гаргаж, өөрсдийнхөө асуудлыг нэн түрүүнд байх ёстой гэж үзээд байна. Жишээ нь, олон улсын тахир дутуугийн байгууллагад тэргэнцэр багтдаг. Түүнээс тэргэнцрийн холбоо гэж Монголоос өөр газар байхгүй. Бид өнөөдөр жижигхэн Монгол ч гэсэн дэлхий нийтийн хандлагыг мэдэж, түүнд ойртож очих хэрэгтэй. Өөрсдийнхөө нэр хүндийг сайжруулах ёстой. Манай Ерөнхийлөгч хоёр том улсын дунд оршдог ийм жижигхэн Монгол байгаа шүү гэдгийг Душанбед харуулж чадлаа. Ингэхэд олон улсын чих  дэлдийж байна. Тэгвэл бид яагаад ийм байж болохгүй гэж. Монголчууд оюун ухаанаараа дэлхийд тэргүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ч авьяас билэгтэй нь зөндөө бий. Энэ талыг нь дэмжсэн ч гэсэн энэ хүний эрхийг хангаж байгаа л асуудал. Тиймээс өөр, өөрсдийнхөө асуудлыг эхэнд тавихаас илүүтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг бүлгийн асуудлыг тэргүүнд тавьж, тодорхой замналаа гаргах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, тэргэнцэртэй иргэд бидэнд зориулж зам тавьж өг гэхээс илүүтэй, дэд бүтцээ сайжруул гэж ярих нь зөв юм л даа. Бид илүү алсыг харж ажиллах шаардлагатай болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан