Өчигдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн/ХБИ/ олон улсын өдөр тохиож, Төрийн ордонд “Ээлтэй ертөнц” ТББ-ынхан мориллоо. Тэднийг парламентын эмэгтэй гишүүд урьсан аж. Тэргэнцэртэй, саажилттай, төрөлхийн сонсголгүй, өсөлт нь зогссон хүүхдүүд ээжтэйгээ хамт УИХ-ын гишүүдийн урилгаар иржээ. Манай улсын хүн амын зургаан хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг гэх олон улсын судалгаа байдаг боловч энэ нь монголчууд илрүүлж, оношилж, тодорхойлж чадахгүй байгаагаас ийм бага дүнтэй гарсан гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлж байв. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарах байтугай оношилж, үйлчлэх төрийн чадамж тааруу гэсэн үг. “Ээлтэй ертөнц” байгууллага нь хүүхэд голдуу 100 гаруй ХБИ-тэй харилцдаг, сүүлийн таван жил үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Тэд төрийн түшээдтэй уулзсандаа баярлаж буйгаа илэрхийлээд “Монголын 16.5 мянга гаруй ХБИ-ийг төлөөлөн ирсэн шүү” хэмээж байв.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун, Г.Уянга нар өнөөдөр тэднийг баярын өдөр нь юм гээд бараагаа харуулах гэж уриагүй. Хамгийн гол нь 25 жил тасалдсан ХБИ-ийн төлөө, хүүхдүүдийн төлөө хийх ёстой төрийн ажил, үүргийг сэргээхийн тулд өөрсдөөс нь асууж, зөвлөх зорилго өвөртөлжээ.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлуулахаар идэвхтэй ажиллаж буй Л.Эрдэнэчимэг дээрх хуульдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг илүү онцгой тусгах шаардлагатай гэдгийг хэлсэн. Түүний ингэж ярьсан нь уулзалтад ирсэн нэгэн ээжтэй холбоотой. Тэрээр бага эмч мэргэжилтэй ч хүүхдээ харж өнөөг хүртэл тогтвортой ажиллах боломж хомс байж. Тиймээс ижил зовлонтой хэдэн ээжтэй хамтарч гурван өрөө байр тохижуулаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв байгуулахаар болж. Засвар, үйлчилгээгээ хийгээд дуусахад хамтарч байсан ээжүүд нь бүгд орхиод явсан тул өдөр өнжүүлэх төвөө нээж чадахгүй, төрөөс ямар нэг хувьсах зардал авах боломжгүй болсон байна. Үүнийг Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал шийдчихэж болно гэж УИХ-ын гишүүн зөвлөлөө. Мөн тэрээр Төрийн ордон маань хүртэл тэргэнцэртэй хүүхдүүдэд хаалттай байна гэдгийг онцолсон. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун олон жил хүүхдийн төлөө ажиллаж ирсний хувьд илүү санаачилга гаргалаа. Юун түрүүнд, төрийн байгууллага, яамдын удирдлагад эмэгтэй гишүүдтэй хамтарч захидал бичихээр болжээ. Уг захидалдаа хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах үүргээ биелүүлэх тухай заах аж. Хувийн хэвшил, компаниудад дээрх шаардлагыг хуулийн нэрээр тавьж, торгож байдаг атлаа төрийн байгууллагад тэр хэвшээгүйг онцолсон. Түүний хувьд яамандаа нэг эмэгтэйг ажиллуулдаг бол “Зориг сан”-д ч тэргэнцэртэй эмэгтэйг ажилд авчээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьдаг боловч тэр хүмүүс бусдаасаа илүү сэтгэлтэй, санаачилгатай ажилладаг гэдгийг С.Оюун гишүүн хэллээ.
Ингэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн зовлонг төр өөрийнхөө үүрэг, зовлон болгож хувааж авах хэрэгтэй гэсэн. Жишээ нь, эмчилгээ оношилгооны боловсон хүчин хомс болсон учраас гадаадад энэ чиглэлээр сурах сонирхолтой, зүтгэлтэй оюутнуудыг төр дэмжих шаардлагатай хэмээв. Унгар улсад суугаа Элчин сайд Т.Ганди хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилахуйн сургуульд жил бүр гурван оюутан суралцуулах квот гаргасан гэнэ. Хятадын 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ХБИ-ийн төв байгуулах ажил эхэлж буйг тэр дуулгалаа. Энэ нь 2017-2018 онд ашиглалтад орох төлөвтэй ажээ. Харин Г.Уянга гишүүний хувьд “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын хамт олныг яг өнөөдрөөс дэмжих бодитой тус бол тэдний урласан унагыг худалдаж авах гэж хэллээ. Томилолтоор ажиллахдаа хүнд бэлэг өгөх, шинэ жилээр хүүхдүүд баярлуулах хийгээд өөрийнхөө хүүхдэд тоглоом авч өгөх зэрэг олон зүйлд “Ээлтэй ертөнц”-ийн унагыг сонгож болох аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж нар гэртээ суудаг учраас унаганы хэсэг, ширхэг бүрийг гарын ур шингээн хамтарч хийдэг байна. Гишүүний хэлсэн өөр нэг санаа нь дунд сургуулийн нэг ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг байсан хуучин туршлагыг сэргээх хэрэгтэй гэлээ. Хэдийгээр тусгай сургууль байгаа ч энд хүүхэд бүрэн төлөвшиж, нийгэмшиж, хөгжих бололцоо хумигдмал. Харин эрүүл хүүхдүүдтэй нэг ангид суувал хөгжиж, нийгэмшихэд илүү өгөөжтэй байдаг аж. ХБИ-ийн төвийн тухайд тэрээр Вьетнам улсын туршлагаас хуваалцсан юм. Ковлоонд ажиллаж, аялж явахад автобус нь нэг байшингийн гадаа зогсоод, бүгдийг нь дотогш орохыг урьжээ. Тэр барилгад хэдэн зуун хөгжлийн бэрхшээлтэй иргэн гар урлалын хөдөлмөр эрхэлж байсан гэнэ. Нэгэнт давхар бүрт олон хүн хичээж, хөдөлмөрлөж байгааг харсан зочин, жуулчин тэндээс бараа худалдаж авахгүйгээр гарахад бэрх байсныг хэлээд ийм туршлагыг жуулчдын компаниудад ч ойлгуулах хэрэгтэйг хэллээ.
“Ээлтэй ертөнц” байгууллагын ээж нар Хөгжлийн түүчээ нэртэй унагаа эх орондоо зарахаас гадна Америкт, Солонгост нийлүүлээд эхэлжээ. Гэвч тэдний хүчин чадал, нөөц бололцоо унагаар хязгаарлагдахгүй. Импортоор орж ирдэг бүх төрлийн чихмэл тоглоом, бэлэг дурсгалын болон бусад зүйлийг тэд хийх бүрэн чадвартай ч дэмжлэг, иргэдийн худалдан авах сонголт л дутагддаг гэж байлаа. Мөн ээж нарын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тээврийн асуудал, сургуулийн автобусыг нь тогтмол явуулдаг болгох, шатахууны зардлыг төсөвт суулгах асуудал хөндөж байв.