Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Ойдов: “Хоёрдугаар сортын хүмүүс”-т боломж олго, тэд чадна


Саяхан цахим ертөнцөөр аялж яваад гэмтэж бэртсэн хүмүүс тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн чухал хэрэгцээ болсон тэргэнцэр түрээслэх үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг тухай олж мэдсэн юм. Өдрийн 3500 төгрөгөөр тэргэнцэр түрээслэнэ гэхээр эхэндээ ихэд хүнлэг бус бизнес юм гэх сэтгэгдэл төрснийг нуух юун. Цахим ертөнцийн байнгын “оршин суугчид” ч энэ асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв.  Гэхдээ юу юуны туханд хүрэлгүй ийн дайрч давшлахын оронд нөгөө талаас харвал үнэхээр ч нүдээ олсон үйлчилгээ мэт санагдсан. Тиймээс эл үйлчилгээг нэвтрүүлсэн “Рехтус” ХХК-ийн захирал В.Ойдовтой уулзаж ярилцсан юм. Энэ хүн өөрөө ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болохын хувьд сайныг бодож зориглосон аж. МУИС-ийн Олон улсын харилцааны ангийг дүүргэж улмаар Швейцарьт Бизнесийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн энэ залуу дан ганц тэргэнцэр бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ус агаар мэт хэрэгтэй, бие даан амьдрах боломж олгодог тоног төхөөрөмжийн түрээс, худалдааг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа аж.
Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймдээ ч тэдний төлөөлөл болгож В.Ойдовтой байгууллагынх нь үйл ажиллагаа болоод хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар ярилцлаа.

-Таныг хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байгаа гэж ойлгож болохоор санагдлаа. Учир нь, төдийлэн олон нийтэд хүрээгүй бас чамгүй эрсдэлтай байж болох энэ зах зээлд танаас өөр зориглон хөл тавьсан хүн үгүй?
-За юу л бол доо, ер нь бол хүмүүнлэгийнх биш. Хүмүүс ихэнхдээ үүнийг хүмүүнлэгийн ажил гэж ойлгодог юм. Тийм ч учраас хүмүүс над руу тэгж давшилж байгаа хэрэг. “Чи хүмүүнлэгийн ажил хийж байж хүнд юм зарлаа” гээд байдаг юм. Энэ бол хүмүүнлэгийн ажил биш, нийгмийн ажил.

-Яахав, хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн хэрэг­цээнд тулгуурласнаараа хүмүүн­лэгийн шинжтэй гэж ойлгоод байна л даа. Төр засаг, харьяа яам нь хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн наад захын хэрэгцээ шаард­лага болсон нийгмийн үйл­чилгээнд хангалттай анхаар­даггүй, шууд хэлэхэд хөсөр хаячихсан гэж болно. Энэ үед нэг нь ч гэсэн ийм үйлчилгээ нэвт­рүүлж байгаа нь сайн хэрэг?
-Би энэ тухайд өөртэй чинь санал нэгдэхгүй байна. Огт хөсөр хаячихсан гэж хэлэхгүй. Яагаад гэхээр би өөрөө энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дийн төлөөлөл, хоёрдугаарт энэ хүмүүсийн төлөө хийж хэрэгжүүлж байсан цөөнгүй төсөл, хөтөлбөр удирдаж таван ч аймагт ажиллаж байлаа.

-Төрд ажиллаж байсан гэж ойлгож болох нь ээ?
-Үгүй дээ, яг ч төр биш, олон улсын байгууллага юм. Гэхдээ төртэй хамтарч ажиллаж байсан гэж болно.  Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөсөр хаясан юм бол байхгүй, харин хангалттай ажилладаггүй гэвэл би тийм гэж хэлэх байна. Хөсөр хаяна гэдэг чинь байгаа байхгүйг нь ч дурдахгүй орхихыг хэлнэ биз.
Тавхан жилийн өмнө налуу замтай албан байгууллага бараг байгаагүй. Дөнгөж сая /өчигдөр/ би нэг барилгын компанийн залуустай уулзлаа. “Манай байгууллага арван хэдэн давхар барилга барьсан юм, одоо 00-ын өрөөг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан тохижуулах хэрэгтэй боллоо. Та зөвлөгөө өгөөч” гэж байна. Энэ хүмүүс яагаад ингэж хандах болсон бэ гэтэл бүх олон нийтийн байгууллага тодорхой хэмжээнд энэ талын хүртээмжтэй байдлыг хангах ёстой гэсэн төрийн шаардлага гарч ирсэнтэй холбоотой.

-Яахав хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдийн эрхийн асуудалд анхаарах хангалт­тай хугацаа өнгөрсөн. Наа­на­даж дуут дохио бүхий замын гэрлэн дохио алга, тусгай зам ч байхгүй гэх зэр­гээр шүүмжлэлтэй хандаж болно. Эднийг хийж бүтээх хан­галттай цаг хугацаа, хө­рөнгө мөнгө байсан. Одоо ч байгаа?
-Шүүмжлэлтэй хандаж болно, гэхдээ ухаалаг шүүмжлэх ёстой. Ухаалаг шүүмжлэх, харсан юм бүхэн рүүгээ уяанаас алдуурсан нохой шиг дайраад байх хоёрын хооронд их ялгаа бий шүү. Гэхдээ шүүмж байх хэрэгтэй. Төрийн бус байгууллагуудын үндсэн үүрэг нь шүүмжлэх байдаг юм. Өөрөөр хэлбэл, төр, бизнес хоёрын дутуу харсныг гүйцээх гэж ойлгоно. Энэ бол төрийн бус байгууллагын үндсэн үүргийн нэг.

-Эргээд тэргэнцэрийнхээ тухай ярианд оръё. Яагаад тэргэнцэр түрээслэх болсон юм бэ?
-Би өөрөө төслийн хүрээнд энэ тэргэнцэрийг арав гаруй жилийн өмнө аймгуудаар явж хүмүүст тарааж өгч байсан хүн.
Энэ хийж байсан ажлаа харж байхад хоёр зүйл анзаарагдсан л даа. Нэгдүгээрт, хандив, тусламжаар тэргэнцэр өгч байгаа учир нөгөө хүмүүст маань сонголт хийх боломж хомс болдог. Хоёрдугаарт, тарааж байгаа тэргэнцэр болоод хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан бусад тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, салбар нь ерөөс хөгждөггүй. Яагаад гэхээр хандив, тусламж, дэмжлэг, тэтгэлэг гээд гаднаас нь дандаа услаад байна. Гаднаас нь услаад байхад хэн ч дотроосоо ургая гэж бодохгүй шүү дээ.
Манай улсад жилд ойрол­цоогоор мянга гаруй тэргэнцэр орж ирдэг. Түүний тал хувь нь Хятад, Солонгосоос ний­лүүлэгддэг. Тэр нь сонгууль, шоу, ямар нэг төрийн бус бай­гууллагын шугамаар та­раагд­чихдаг. Бөөн бөөн тэргэн­цэр орж ирж аль нэг шугамаар ир­гэ­­дийн гар дээр очдог ч яг өөрт нь хэрэгтэй тэргэнцэр бай­­­даггүй. Товчоор, ямар ч сон­­­голтгүй. Үүнийг нийгэмд бий болгох субъект нь юу юм бэ гэхээр гарцаагүй бизнесийн салбар.

-Заавал бизнесийн бай­гуул­­лага байх ёстой гэж үү. Хэт өрөөсгөл ойлголт биш үү?
-Аливаа улсад ерөөсөө гурван төрлийн субьект байдаг л даа. Төрийн байгууллага, бизнесийн байгууллага мөн төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллагуудаар энэ тэргэнцэрүүдийг авчирна гэвэл цэвэр хандивын журмаар орж ирнэ. Тэдэнд зарж борлуулах ямар ч эрх байдаггүй. Тэгэхээр Жон гэдэг нөхрөөс контейнер дүүрэн тэрэг ирлээ, тараагаад дуусна. 20 хүнд тараалаа 21 дэх хүн хүрч ирээд “Надад тэргэнцэр өгөөч, би яг ийм ягаан өнгөтэй, дөрвөн дугуйтай тэргэнцэр авах гэсэн юм” гэтэл тэр нь байхгүй. Ийм болохоор төрийн бус байгууллагаас үнэгүй өгч байгаа тэргийг байгаагаар нь л авна.

-Төрийн тухайд?
-Төр дөрвөн жилийн өм­нөөс Нийгмийн хөдөлмөр хамгааллын яам, Халамж үйлчил­­гээний хэлтэс хоёр хам­тарч иргэдэд тэргэнцэр үнэгүй өгдөг байсан юм. Гэхдээ урьдаар халамжийн мөнгөнөөс нь 100 ч бил үү 120 мянга төгрөг аваад шүү дээ. Гэтэл энэ нь алдаа дутагдалтай байж таарсан. Угтаа, хөгжлийн бэрхшээлтэй хүн болгонд тэргэнцэр хэрэгтэй биш. Жишээ нь, надад бол тэргэнцэр хэрэггүй. Халамжийнхаа мөнгө­нөөс тэргэнцэр авахын оронд магадгүй нүдний шилээ сайжруулчихъя. Гэтэл автоматаар тэргэнцэр шахаад байхаар төр нь энэ ажилд нүсэрдээд байсан хэрэг. Дээр нь олноор ирж байгаа учир тэргэнцэр нь чанаргүй, хоёрдугаарт бүх тэргэнцэр нэг хэв загвараар хийгдсэн. Гэтэл та бид хоёрын өндөр нам, өргөн нарийн, шилбэний урт, таазны өргөн огт өөр шүү дээ. Бид хоёрын хэрэгцээг нөгөө  тэргэнцэр хангаж чадах уу, үгүй.
Тэгэхээр хэрэглэгчдийнхээ хэрэгцээг мэдэрсэн, хамгийн уян хатан тэгсэн хэр нь сэтгэл ханамж өндөртэйгөөр хүргэж чадах ганц субъект нь бизнес байхгүй юу. Тийм учраас би энэ бизнесийн субъектийг байгуулахыг зорьсон юм. Түүнээс ашиг олох гэсэн хүсэл давамгайлсан юм биш.

-Зөв зөв. Сонголтондоо сэт­гэл хангалуун байна гэдэг хам­гийн эцсийн үр дүн шүү дээ?
-Эцсийн үр дүнгээс гадна тэр хүн маань өөрөө хөгжинө. Өөрөө сонгоно гэдэг чинь тухайн хүнээс тодорхой хэмжээнд судалгаа шаардана. Гэтэл үнэгүй өгсөн юмыг зүгээр л авна биз.

-Тийм шүү. Загас барьж өгч бэлэнчлэх сэтгэлгээтэй болгохтой адил?
-Угтаа би өөрөө тэр загас барьж өгдөг хүн байсан хэрэг. Гэхдээ би барьж өгөх ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэхээр барьж өгөх бол эцсийн шийдэл биш. Загас барих аргыг нь заах байтугай тороо хэрхэн нэхэхийг ч зааж өгөх ёстой, далайн аль хэсэгт загасчлах, шаардлагатай бол завийг нь ч хийж өгөх хэрэгтэй. Тэгээд өөрсдөөр нь загасчлуулах хэрэгтэй юм л даа.

-Компаниа байгуулаад арван сар болж  байгаа ч хүмүүс төдийлэн танай үйл­чилгээг ойлгоогүй, танд шүүмжлэлтэй хандах ханд­лага одоо ч хэвээр байх шиг?
-Би шүүмжээс айдаггүй. Айж байгаа бол ямар ч хүн ийм эрсдэлтэй юм барьж авахгүй. Шүүмжлэгчдийн нэг онцлог бий л дээ. Тэнэг мангараар нь дуудаж, хуц уль дээрээ тулахаас илүү тэр хүмүүсийг надад яагаад ингэж хандаад байгаа тухай бодож байна л даа. Магадгүй тэдэнд нэг нэг тэргэнцэр байгаа байх. Эсвэл хоёр, гурав ч юм уу. Түүнийгээ хэн нэгэнд өгөх бодолтой байж болно. Энэ нь тэр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг маш дорой гэсэн ойлголттой байгааг нь гэрчилнэ. Ихэнх нь гудамжинд гуйлга гуйж амьдардаг мэтээр сэтгэдэг. Үгүй, тийм биш. Хөгжлийн бэрхшээлтэй олон хүн чадахынхаа хэрээр хөдөлмөр эрхэлж байна, гэр бүлтэй байна. Зарим нэг нь машин тэрэг ч унаж байна.
Энгийн иргэд энэ хүмүүсийн бодит амьжиргааны түвшинг мэдэхгүй хэр нь “Хөөрхий зайлуул, энэ хүнд чи туслахгүй яадаг юм. Чи хүнийг шулах гэж байна” гэдэг.
Эцсийн эцэст тэргэнцэр түрээслэх үйлчилгээ маань насаараа тэргэнцэр хэрэглэх хүмүүст ашиггүй. Хэн ч надаас арван жилээр тэрэг түрээслэхгүй шүү дээ. Бүтэн жилээр ч авахгүй. Харин долоо эсвэл 14 хоногоор л авч хэрэглэх хүмүүс байгаа. Жишээ нь, ээжийгээ түр салхилуулах хүн байя л даа. Ээж нь удаан хугацаагаар алхахаар хөл нь өвддөг байж болно. Энэ хүмүүст худалдаж авъя гэвэл хэтэрхий үнэтэй тусна. Ийм хүмүүст зориулсан богино хугацааны үйлчилгээ юм.

-Түрээслэхээс гадна зарж борлуулна биз?
-Хүсвэл би ямар ч тэрэг олж өгч болно. Цахилгаан тэргэнцэр, хэвтдэг, дөрвөн дугуйтайг ч олж өгч чадна. Би өөрөө Япон, Солонгос, Англи, Америк гэхчлэн цөөнгүй газар нийлүүлэгчтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах боломжоор хангах бусад ухаалаг шийдэл бүхий тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс ч эрхэлж байна. Наад зах нь ганцаараа усанд ороход нь аюулгүй байдлыг нь хангах угаалгын өрөөний зориулалтын бариул, тулгуураас аваад ванандаа сууж чөлөөтэй хөдлөх боломжоор хангах жижиг оврын өргөгч кран ч байна. Энэ мэт манай эмнэлэг сувилалд ч нэвтрээгүй тоног төхөөрөмжийн шийдлүүд манайд байна. Захын эмнэлэг рүү яваад ороход угаалгын өрөөнийх нь шал, хана бүхэлдээ плита байх жишээтэй. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан үйлчилгээ биш. Тэднийг эрхийг зөрчиж буй хэрэг юм. Товчоор дээр дурдсан сонголтыг л бий болгож байгаа юм л даа. Хэрвээ манайх шиг байгууллага байхгүй бол хүнд авах хүсэл байгаад ч хэнд хандахаа мэдэхгүй шүү дээ. Гэтэл одоо тэр хүн маань Ойдов гэж залуу дээр очвол миний хайж байгаа хэрэгслийг олоод өгнө, оруулаад ирнэ, өмнөөс минь сонголт хийгээд зааж зөвлөөд өгнө гэсэн бодолтой болно.

-Бидэнд дэлгүүр ороод загасан талх, зуйван, буриад, үзэмтэй, энгийн талх гээд ху­дал­дан авах сонголт бай­­даг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ганцхан талх ногд­дог байсныг та ядаж хоёр болгож байгаа юм байна. Энэ ч утгаараа миний хэлсэнчлэн хүмүүнлэгийн ажил ч гэж болох байх?
-Би ойрын зүйлийг биш илүү холын юм харахыг хүсч байна. Бидний дуурайгаад байгаа баруун, зүүн Европ, АНУ, Канад зэрэг улс орнуудад энэ үйлчилгээ бизнес байдлаар хөгждөг. Би Монголд ч, баруунд ч их сургууль төгссөн. Гэхдээ баруунд төгссөн гээд Монголоо худалдах, мөлжих хэмжээнд хүрээгүй. Швейцарьт сургууль төгсчихөөд тэндээ үлдэж болох байсан уу гэвэл тийм. Өндөр цалинтай ажил, амьдрал гээд тэнд надад бүх юм байсан. Гэхдээ би Монголдоо ирсэн. Үүний шалтгаан нь, эцсийн дүнд хүн болж төрснийх үхсэн хойноо үлдээх ул мөртэй байх юмсан гэж бодсон хэрэг. Ингэж хэлэхэд эвгүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо цөөрөхгүй. Улс орон, техник технологи хөгжихийн хэрээр олдмол болоод төрөлхийн байдлаар улам л өснө. Тэр хүмүүст боломж байгаасай гэсэндээ л ингэж явна. Бидний энд зарж борлуулж, түрээсэлж буй хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд хөгжлийн бэрхшээлтэй, хэн нэгнээс хараат хүнийг хараат бус болгох, өөрөө бие даан амьдрах боломж олгодог. Хувцсаа өмсөх, хоолоо идэх, усанд орох, зорчих гэх мэт хэн нэгнээс гуйхгүйгээр амьдралаа аваад явчихдаг болоосой л гэж боддог. Энэ утгаараа би бардам байдаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн үйлчил­гээ­ний хүртээмж үнэхээр муу байна. Наанадаж дуут до­хиотой гэрлэн дохио, тус­гай зориулалтын зам, нийтийн бие засах газар гэх мэт. Хамгийн ойрын жишээ гэвэл дохионы хэлмэрчээр нийт­лэл, нэвтрүүлгээ толилуулдаг те­левиз ганцхан байх жишээтэй?
-Би хэл судлаач хүний хувьд үгэнд их өөнтөгч л дөө. Аливаа юмыг муу сайн гэж хэлэхэд цаад утга нь харьцангуй ойлголт л доо. Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал ахуйг би муу гэж хэлж чадахгүй. Би үүнээс дор амьдралтай улс орноос ирсэн хүмүүстэй нэг ширээний ард суугаад энэ тухай ярьж байсан. Энэтхэг, Пакистан, Непал, өмнөд Африк гэхчлэн...

-Гэхдээ Монголыг Афри­кийн улс орон, Энэтхэгтэй харь­цууллаа гэж бодоход таны ярьж буй муу сайнтай чинь адилхан юм биш үү?
-Яагаад гэхээр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэ­­дийн амьдрал тэр хүмүү­сийнхээс илүү. Муу гээд шүүмж­лээд байхдаа биш. Аме­рик, Австрали зэрэг улс оронтой харьцуулахад бидний амьдрал хүнд. Непал, Энэтхэгийн хэцүү хэцүү газрууд байна шүү дээ. Тэргэнцэр байтугай дээр нь суух банз ч олдохгүй газар байгаа. Эх орон, эцэг эхгүй, өглөө босоход идэх хоолгүй, тэнүүчилж явдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч байна. Иймээс л харьцангуй гээд байгаа юм. Мэдээж хангалтгүй байна. Хангалттай байж болох уу гэвэл болно...

-Тийм хугацаа өнгөрсөн?
-Хангалттай хугацаа өнгөрсөн ч бидэнд хийх боломжууд байна. Хоёулаа муу талаас нь харахаа больё л доо. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өрөвдөхөөсөө илүү тэднийг яаж нийгэмшүүлж, хэрхэн ашиглаж болох вэ гэдэг талаас нь харвал тэд чинь энэ нийгэм, цаг үед асар их үүрэгтэй хүмүүс байдаг. Түүхэн цаг хугацаанаас харвал манайд 1980-аад он хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусад соц орон шиг “Тусгай бүлэг хүмүүс” гэж хардаг байсан. 1990 оноос хойш ардчилал гарч ирснээр хүмүүсийн үзэл бодол харьцангуй нээлттэй болж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ижил хэмжээнд байх ёстой гэсэн ойлголттой болсон. Гэсэн хэдий ч тодорхой хэмжээний бүлэг хүмүүс одоо ч хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дийг өрөвдөлтэй байдлаар хардаг. Ямар нэг байдлаар биднээс тусламж дэмжлэг авах хэрэгтэй гэж боддог. Би бол эсрэгээр хардаг. Тусламж, дэмжлэг өгч бүх л юмаар нь хангахаас илүү хүмүүст боломж гаргаж өгөх хэрэгтэй. Бие даан амьдрах боломж бололцоог нь гаргаж өгчихөөд сүүлд нь Дарвины хуулиар “Чи амьдрах эс амьдрахаа өөрөө шийд” гэдэг сонголт олгох хэрэгтэй.
Миний хажууд хөгжлийн бэрхшээлтэй хүн байлаа гэхэд энэ хүнийг насаараа тэжээх нь миний гол зорилго биш. Надаар насаараа асрамжлуулах нь тэр хүний ч зорилго биш. Эцсийн үр дүнд тэр хүний гол зорилго юу юм гэхээр “Би өөрөө хүслээрээ яаж амьдарч чадах вэ” гэх ойлголт байх ёстой. Асарч халамжилж байгаа хүний ч хувьд “Би энэ хүнийг хүслээрээ амьдрахад нь яаж туслах вэ” гэдэг чухал юм. Бусдаар бол өдөр тутам памперсыг нь солиод, аманд нь хоол чихээд байх биш. Ийм л үзэлтэй хүн дээ би.
Энэ үзэл маань надад их олон юм эсэргүүцэх сэдэл өгдөг. Би өөрөө нэг нь ч гэлээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс автобусаар үнэгүй зорчихыг эсэргүүцдэг. Эмнэлэг, сувилалаар оочер дугааргүй, үнэгүй үйлчлүүлэх ёстой гэдгийг ч эсэргүүцдэг. Ажил олгогч байгууллагад заавал 25 хувийн квот байх ёстой гэсэн заалттай ч санал нийлдэггүй.

-Яагаад?
-Яагаад гэхээр, квотын систем бэлдэж өгч тэр хүмүү­сийг хүчээр ажилд оруулахыг оронд тэр залуус өөрийн оюун ухаанаар хөгжих болом­жийг эхэлж бий болгох хэрэг­тэй. Монгол Улсын их, дээд сургуу­лиудад хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцах боломж маш бага. Багш нар, барилга байшин, хамт суралцаж буй хүүх­дүүд, байрлах дотуур байр сав нь бэлэн биш. Ийм бэлэн бус байгаа учир цөөхөн хүн их, дээд сургууль төгсч байгаа. Дийлэнх нь коллежид доогуур шатны мэргэжил эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд сурч академик бус боловсрол эзэмшээд байна.
Ямар сургууль төгссөнөө хэлэхэд “Аан, чи тэгвэл ийм л ажил хийнэ. Үүнээс цааш чиний ухаан хүрэхгүй” гэх мэтээр ханддаг. Тэгэхээр энэ хүмүүс маань хоёрдугаар гурил гэдэг шиг хоёрдугаар сортын хүмүүс болж таарч байгаа биз. Гэхдээ өндөр бо­ловс­рол эзэмшсэн хөгжлийн бэрх­шээлтэй хүн олон.  Даанч энэ бол урт хугацааны шийдэл биш л дээ.
Харин квотын системтэй зэрэгцүүлж боловсролын сал­барт нь анхаарвал үнэхээр чадал­тай, шинэ залуу болов­сон хүчин ар араас нь гарч ирнэ. Автобус ч үүнтэй адил. Автобусаа тэргэнцэр, таяг, ха­раа­гүй, сонсголгүй хүн орох, үйлчлүүлэх, зорчиход бэлэн болгоогүй байж хүмүүст автобусны мөнгө гэж тарааж өгөх хэрэг юу байгаа юм. Тэгээд л нийтийн тээвэр ашиггүй ажиллаж байна энэ тэр гээд байдаг биз. Надад тэр бэлэн мөнгө өгч зориулалтын бус автобусаараа үнэгүй зорч гэхийн оронд автобусаа л бэлэн болгоод өгчих гэж хандах ёстой. Яг үүнтэй адил хоёрдугаар сортын хүмүүст боломж л олго, тэд чадна. Бусадтай л адил хүмүүс.

-Та сурсан мэдсэн, үзсэн харснаараа өөрийнхөө байр суурийг нотолж, баталж чадаж байна. Таниас ба­руу­ны сэтгэхүй үнэртэж байна?
-Чадна, би хэнтэй ч яриад суусан чадна. Гэхдээ түрүүн хэлсэн, хэчнээн баруунд сурч төгссөн гээд Монголоо гэх сэтгэлээ алдчихаагүй. Би ганцаараа ч барууны боловсролтой нь биш. Ертөнцийг ийн үздэг хүн олон шүү дээ. Би зүгээр хэвшил болсон сэтгэхүй, ойлголтоос ангид хүн. Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шиг өрөвдүүлэх дургүй хоёрдугаар сортын хүн юм уу даа. /инээв/

0 Сэтгэгдэл
Ene hunii utsiig olj ogoh bolomj bnu.ene huntei er n yaj holbogddog yum be.
yumiig zov talaas harj chaddag zaluu bna, amjilt
yariltslaga ikh taalagdlaa setguulch n hel shinjleliin hun baitugai nadad ch uuntugluileher blaa zaluu min olon olon hugliin berhsheeltei urgeded uurtuu itgeh itgelee olohod n tuslaarai amjilt
Хамгийн их уншсан