Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойд зориулан Монгол цэргийн музейгээс “МОНГОЛ УЛС ЭНХИЙН ҮЙЛСЭД” үзэсгэлэнг үзэгч олонд дэлгэн толилуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд Монгол Улс энхийг дэмжих 14 ажиллагаанд оролцсоныг үзүүлэх 7000 гаруй гэрэл зураг бүхий долоон дижитал альбом, ажиллагааны тоо баримт, мэдээлэл бүхий мэдрэгч дэлгэц, Ирак, Афганистан, Косово,Сьерра-Леон, Чад, Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн тугнууд, дүрэмт хувцас, ном, альбом дэлгэгдсэн нь олны анхаарлыг их татаж байв. Ирак Улсад амиа золиослогчийн дайралтаас олон мянган цэргийн алба хаагчийн амийг аварсан дэд ахлагч Г.Аззаяа, “Иракын эрх чөлөө” ажиллагааны II ээлжийн багийн захирагч бригадын генерал Д.Баярсайхан, хошууч генерал Б.Баярмагнай нарын хувцас хэрэглэлийг ч энд үзмэр болгожээ. Түүнчлэн Афганистаны үндэсний армийн хурандаагийн дүрэмт хувцас, Сьерра-Леон Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн ажиллагааны газрын макет, дэлбэрсэн мина, сумны хонгио, энхийг дэмжих ажиллагаанд оролцогсодын дурсгалын медалиуд болон ХЦУГ, ЦЕГ, ТЕГ, Дотоодын цэргийн штаб, ТТАХНЭ-ийн үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн дурсгалын эд зүйл зэрэг 50 гаруй биет үзмэр тавигджээ.
Энэхүү үзэсгэлэнгийн тайлбарыг аудио хөтөчөөр сонсох боломжтой бөгөөд үзэсгэлэнг сонирхохоор ирсэн иргэд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд хэрэглэдэг иж бүрэн дүрэмт хувцас, хэрэглэлийг өмсч дурсгалын зураг татуулах боломж олгож байгаа гэнэ.