Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар Түгжрэлд түүртдэггүй хот болно


Улаанбаатар хотод өдөр бүр тулгардаг хамгийн том асуудал нь авто замын түгжрэл гэхэд буруудахгүй. Өглөө ажилдаа явахдаа, өдөр гадуур ажил амжуулахдаа орой гэртээ харихдаа ч түгжрэлтэй нүүр тулах болсоор удаж буй. Наад зах нь онцгой байдлын гал унтраах машин, яаралтай түргэн тусламжийнхан тусламж үйлчилгээгээ шуурхай үзүүлж чадахгүй байгаа нь нууц биш. Хотын иргэд авто замын түгжрэл байсан,  байх ёстой гэх ойлголттой өнөөг хүрсэн. Тэгвэл өдөртөө 100 гаруй мянган машин хөдөлгөөнд оролцож буй Улаанбаатар хотыг анх байгуулахдаа 500 мянган хүн аж төрнө хэмээн тооцож байжээ. Харин өнөөдөр энэ айлын хүн ам 1.3 саяд хүрээд байгаа юм. Хэдийгээр эдийн засаг хямралтай ард иргэдийн амьжиргааны түвшин доогуур байна хэмээдэг ч дундаж нэг өрх 1-2 автомашинтай болох нь судалгаанаас харагджээ. Улаанбаатараас олон хүн амтай дэлхийн бусад хотууд авто замын ачааллыг бууруулах асуудлыг өөр өөрийн арга барилаар шийдсэн байдаг. Тиймээс байх ёстой гэх нийтлэг ойлголтыг халж, иргэдийн санаа, судлаачдын үндэслэл зэргийг нэгтгэн зөв гарц, шийдлийг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. “JCI” Монгол байгууллага нэг асуудал, нэг туршлага, нэг шийдэл уриалгын дор жил бүр олон нийтийн өмнө тулгарч байгаа томоохон асуудлыг ээлж дараалан шийдвэрлэж байх зорилго тавьсан аж. Үүнийхээ хүрээнд энэ жил НЗДТГ,  МҮХАҮТ-тай хамтран “Хотын шийдэл” форумыг ирэх баасан гарагт хийхээр төлөвлөж буй юм. Бодит биелэл болгох шаардлагатай нэн тулгамдсан асуудал нь авто замын түгжрэл хэмээн үзсэн тэд эхний форумаа автозамын ачааллыг бууруулах асуудалд хандуулахаар болсон нь энэ.  “JCI Монгол” байгууллагын форум зохион байгуулах комиссын дарга Л.Баттөмөр “Бүхий л цаг хугацаанд бидний амьдралын хэмнэлтэй хамт үргэлжилж байгаа том асуудал нь автозамын түгжрэл болоод байна. Шуурхай албаны машинууд яаралтай тусламж үзүүлж чадаагүйгээс эрдэнэт хүн амь нас эрүүл мэндээрээ хохирохоос гадна бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ч тодорхой хэмжээний доголдол учруулдаг нь гарцаагүй. Иргэд ажлаа төлөвлөхөд хүртэл замын түгжрэл бэрхшээл учруулдаг. Өөрөөр хэлбэл, түгжрэлд зогссоноор эдийн засгийн үр ашиггүй зардлууд их гардаг. 100 гаруй мянган машин түгжрээд зогсоход хэр хэмжээний шатахуун үргүй зарцуулагдаж, хэр хэмжээний хөдөлмөрийн бүтээмжийг үргүй алдах вэ. Энэ бол наад захын л асуудлууд. Тиймээс авто замын ачааллыг бууруулах шийдлийг хамтдаа олъё гэсэн манай байгууллагын санаачилгыг хотын удирдлагууд болон МҮХАҮТ дэмжиж хамтран форум зохион байгуулахаар болсон. Авто замын ачааллыг хотын удирдлага дангаараа шийдэх гээд зүтгээд үр дүнд хүрэхгүй. Иргэн бүр анхаарлаа хандуулж бодож явдаг санаа оноогоо хэлээсэй гэж хүсч байгаа. Цахим хэлбэрээр иргэдээс ирсэн саналыг нэгтгэж хэлэлцүүлнэ, мөн  автозамын түгжрэлийг судалдаг мэргэжлийн судлаач төрийн бус байгууллагууд , бизнес эрхлэгчид оролцно” гэв.

Ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд  хүссэнээ хэрэглэх нь хүний эрх. Гэхдээ хэрэглээгээ хянах, хэмнэлт хийх, цаг хожих нь хүн бүрийн хүсэл. Тиймдээ ч хэрэгжүүлж болохуйц  ухаалаг оновчтой шийдэл форумаас гарна гэдэгт албаныхан итгэлтэй байгаа гэлээ. Хотын автозамын ачааллыг бууруулах олон арга зам байдаг аж. Тухайлбал, зохицуулалтгүй уулзвар дээр зэрэг дайрч орж ирээд түгжирдэг байдлыг “Та би та” гэх хөдөлгөөний соёлыг нэвтрүүлэх, шуудан хүргэлтийг боловсронгуй болгох гэхчлэн олон саналыг “JCI Монгол” байгууллагаас хэлэлцүүлэх аж. Нэгэн судалгаагаар хотын иргэдийн 70 орчим хувь нь өдөрт 45 минутыг түгжрэлд өнгөрүүлдэг гэх дүн гарсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан