Дууны урлагийн нэрт төлөөлөгч МУГЖ Хайдавын Төмөрбаатарт туслахаар урлаг соёлын одод “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байна.
Энэ талаар "Пентатоник" академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, альтернатив Отгоо нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дугаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж байсан дуучны амьдрал тун хэцүү байгаа юм. Тэрээр өөрийн гэсэн орон гэргүйгээс гадна түүний эхнэр хүнд өвчтэй хэвтэрт байгаа аж.
УГЗ Б.Долгион “Монголын нэрийг дэлхийд мандуулж явсан найзыгаа өнөөдөр ийм хэцүү амьдарч байгаад сэтгэл өвдөж байна. Цагтаа үзэгчдийг байлдан дагуулж явсан хүнээ зовсон үед нь бид мартах учиргүй. Өнөөдөр Х.Төмөрбаатар ганц ч CD гаргаагүй, 21 дууныхаа эхийг барьчихсан явна. Энэ хүний авьяас билгээр өчнөөн их баяр цэнгэлийг амсч явсан бол одоо зовсон үед нь хайртай дуучиндаа тусалья" гэсэн юм. МУГЖ Б.Дашдондог “Бидний гэр бүл болж, бидэнд урлагийн их тайзыг бэлдэж өгсөн МУГЖ Х. Төмөрбаатар ахдаа бүгд туслахыг уриалж байна. Төмөрөө ахын төлөө урлагийнхан бүгд цугларч гайхалтай тоглолт зохион байгуулна. Тиймээс ард түмэн минь хайртай дуучныхаа амьдралд тус дэм болоосой" гэлээ.
Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Жавхлан, МУАЖ А. Долгор, С.Сэрчмаа, Д.Сосорбарам нараас гадна рок, поп, амьд хөгжмийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг бөгөөд МУГЖ Х.Төмөрбаатарт туслахыг хүсвэл Хаан банкны 5046295993 тоот дансанд хандив өгөх боломжтой.