Эрчим хүчний зурвас зөрчсөн объектыг цахилгаан, дулаанаар хангахгүй
Нийслэлд өдөр ирэх бүр өндөр барилгууд сүндэрлэсээр байгаа. Гэвч хотын эрчим хүч, дулааны шугам сүлжээн дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж барих нь газар аваад буй.
Тухайлбал, Хархорин захын хашаанд магистраль шугамын худаг дээр бөөний худалдааны павилон барьж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо цахилгаан дамжуулах агаарын 27, 28 дугаар шугамд зэрэгцээ хоёр хаус сүндэрлэсэн, мөн дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал тэсунг” ХХК-ийн орон сууцны хоёр давхар гражийг хотын төвийг дулааны эрчим хүчээр хангадаг магистраль шугамд тулгаж барьсан гэх зэрэг зөрчил газар авсаар. Хуульд эрчим хүчний хамгаалалтын зурвасыг хүчдэлийн түвшингээс нь хамааруулан дөрвөн метрээс 10 метр хүртэлх зайд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг байна. Гэвч бодит байдал дээр уг хууль хэрэгждэггүй. Өнөөдрийн байдлаар төвийн дулааны шугам дээр баригдсан 250 гаруй обьект байгаа аж. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, нийт 108 аж ахуйн нэгжийг хамруулан 78-д нь зөрчил арилгуулах хугацаатай шаардлага хүргүүлж, 8,2 сая төгрөгийн торгууль тавиад байгаа аж. Одоогоор 50 гаруй обьектыг буулгах, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон гэнэ. Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчснөөр амь нас эрүүл мэндээрээ хохирсон олон харамсалтай тохиолдол гарч байсан. Энэ бүхэн давтагдахгүй гэх баталгаа алга. Өнгөрсөн онд л гэхэд иргэн аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан цахилгаан дамжуулах шугамд 41 удаагийн гэмтэл гарч, хэрэглэгчдийн цахилгааныг 26 цаг 50 минут тасалжээ.
Тиймээс “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, ТӨХК хамтран гурвалсан гэрээ байгуулж, цахилгаан, дулааны хамгаалалтын зурвас зөрчсөн аж ахуйн нэгжийг эрчим хүч, дулаанаар хангахгүй байхаар шийджээ. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Иргэн аж ахуйн нэгж дур мэдэн барилгын өргөтгөл хийж, агуулах болон жижиг байшин сав хаа хамаагүй барьдаг. Мөн газар олголттой холбоотойгоор зөрчил гаргаж буй аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна. Нийслэл, дүүргийн захирамжаар олгож байгаа газар нь давхардах, хамгаалалтын зурвасын тоо хэмжээг мэдэхгүйгээр газар олгох болсон. Үүнийг зогсоохын тулд холбогдох төрийн байгууллагууд руу бид мэдээлэл явуулсан. Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд шугам сүлжээний хамгаалалтын зурвас аюулгүй байдал алдагдсанаар хүний амь нас, эрүүл мэнд хохирох аюул ойрхон байна” гэдгийг хэлсэн юм.
Д.Оюундэлэг: Бид зөвшөөрөлтэй гээд албан бичиг үзүүлдэг
Дээрх асуудалтай холбогдуулан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн техникийн ахлах инженер Д.Оюундэлэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчиж буусан 50 гаруй аж ахуйн нэгж, иргэнийг нүүлгэх шаардлагатай гэлээ. Ер нь, эдгээр иргэн аж ахуйн нэгжийг буухад нь л анхааруулга хүргүүлэх ёстой биш үү. Энд танайх хяналт тавих үүрэгтэй байсан уу?
-Манай байгууллагад эдгээр аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх эрх байдаггүй. Эрх нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт л бий. Манай байгууллага бол хамгаалалтын зурваст дэглэм сахиулах үүрэгтэй. Энэ үүднээсээ бид байнга сануулга өгдөг.
-Сануулга өгөөд л өнгөрдөг хэрэг үү?
-Эрсдэлтэй гэдгийг бид байнга анхааруулдаг. Гэтэл бид зөвшөөрөлтэй гээд албан бичиг үзүүлдэг. Ямар нэг осол гарвал тэр үед чинь нүүчихнэ гэсэн тайлбар хэлдэг. Бид газрын алба болон холбогдох байгууллагуудад хамтран ажиллах хүсэлт тавьсан. Гэсэн ч үр дүн багатай. Манайх бол жил бүр хамгаалалтын шугам зөрчсөн аж ахуйн нэгж, иргэний мэдээллийг нэг бүрчлэн гаргаад газрын алба руу явуулдаг.
-Цахилгааны шугам унаж хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарч байсан. Дахин ийм тохиолдол гарах эрсдэл байхгүй гэх баталгаа алга. Тэгвэл энэ тал дээр танай байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ бол зөвхөн ашиглалтын байгууллагын буруугаас шалтгаалж байгаа асуудал биш. Иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө энэ эрсдэлтэй байдалд орохгүйн тулд хууль зөрчиж хамгаалалтын зурваст анхнаасаа буухгүй байх хэрэгтэй.