Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хотын ус, эрчим хүч, дулааны нөөц багассаар... Тухайлбал, шинэ орон сууц шил дараалан нэмэгдсээр байгаа ч дулааны асуудлыг хэрхэх вэ, тавдугаар цахилгаан станц хаана байна, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл гэх зэрэг түмэн асуудал ургасаар. Иймээс Азийн хотуудын нөөцийн цогц менежмент, Хот байгуулалтын "NEXUS" бүс нутгийн төслийг Улаанбаатарт хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Уг төслийг ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-ноос Ази, Номхон Далайн бүсийн зургаан орны арван хотод хэрэгжүүлж байгаа аж. Улаанбаатарын хувьд дулаан алдагдлыг багасгах шаардлагатай 1700 гаруй барилга бий. Эдгээрээс төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль, БЗД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны барилгыг дулаалсан гэнэ. Ингэснээр хуучны барилгын өнгө үзэмж сайжран, агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчийг хэмнэх боломжтой. Эрчим хүчийг хэмнэх төхөөрөмжийг хэрэглэх талд “ХАС” банктай хамтран ажиллахаар ярилцжээ. Харин хотын захиргааны зүгээс гэр хорооллын 21 байршилд дахин төлөвлөлт хийж, мөн эрчим хүч, ус, дулаан цахилгааныг хамт шийдэх асуудал нийслэлийн шүдний өвчин болоод байгааг хотын удирдлагууд хэлсэн.
Төсөл хэрэгжиж байгаа хотуудаас Улаанбаатар хүйтэн бүсийнх гэдгээрээ онцлогтой юм байна. Иймээс ямар нэг технологи нэвтрүүлэхэд нэмэлт ажиллагаа шаарддаг нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг тул өөрсдийн онцлогт тохируулан нэвтрүүлэх шаардлага гардаг нь цаг хугацаа алдахад хүрдэг гэдгийг албаныхан онцолж байлаа. Түүнчлэн нийслэлчүүдийн усны хэрэглээ техник технологийн хоцрогдол нь усыг ариг гамгүй хэрэглэхэд хүргэдэг. Тухайлбал, бие засаад усаа татахад зургаагаас найман литр цэвэр ус гүйлгэдэг байна. Тэгвэл нэг татахад литр ус хэрэглэдэг систем өнөөг хүртэл манайд нэвтрээгүй. Мөн Төв цэвэрлэх байгууламж хоногт 180 мянган тонн орчим бохир усыг бүрэн цэвэрлэж чаддаггүй бөгөөд 70 гаруй хувиар цэвэрлээд Туул гол руу нийлүүлдэг. Дулааны цахилгаан станц хоногт 40 гаруй мянган тонн усыг Туул голын гүнээс татаж дамжуулж байгаа. Уг нь тэр цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг өндөр шүүлтүүрээр шүүгээд хэрэглэх ёстойг албаныхан онцолсон. Түүнчлэн саарал усны стандарт манайд өнөөдрийг хүртэл алга. Иймээс ойрын хугацаанд гаргах хэрэгтэй. Тэр усаа эргэн ашигладаг системд цаг алдалгүй орох шаардлагатайг төслийн багийнхан дуулгаж байлаа. Ер нь, аливаа хот байгуулалтыг хийхэд хүнс, эрчим хүч, ус гэсэн гол гурван салбарыг нэн тэргүүнд авч үздэг юм байна.
З.Занданпүрэв: Нийслэлчүүд 2020 онд цэвэр усны хомсдолд орно
Нийслэлд тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга З.Занданпүрэвтэй цөөн хором ярилцлаа.
-Хот хүрээгээ тэлэх тусам эрчим хүчний хомсдолд ороод байгаа. Үүнийг шийдэхийн тулд тавдугаар цахилгаан станц барих талаар ч ярьж байна?
-Өнөөдрийн нөхцөлд хэсэгчилсэн байдлаар дулаан хангамжийнхаа асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй. Зах зээл хөгжсөн орнууд дулааныхаа асуудлыг хэсэгчилсэн байдлаар шийддэг. Тухайн орон бүрт эрчим хүчний нөөц гэж бий. Манайд бол нүүрс нөөц нь. Гэтэл 2100 он гэхэд дэлхий даяараа хатуу түлш хэрэглэхгүй болно гэж үзэж байна. Тэгэхээр бид дунд хугацааны бодлого барьж ажиллахад юу хийх ёстой вэ гэвэл нүүрсийг хийжүүлэх хэрэгтэй. Бусад улс орон аль хэдийнэ хийгээр дулааны асуудлаа шийдэж байгаа шүү дээ.
-Тэгвэл усны тухайд?
-Автомашин угаалгын газрууд нэг машиныг ойролцоогоор 250-300 литр усаар угаадаг. Энэ бүгдэд бид ундны ус хэрэглэдэг. Машин угаахад заавал цэвэр ус хэрэглэх ёстой гэж үү. Бусад улс орны хувьд саарал ус буюу борооны, хөрсний усыг цуглуулж өндөр шүүрээр шүүж ундны усанд хүртэл хэрэглэж байна. Гэтэл манайд газрын гүний усыг хэрэглэсээр байгаа. Гүний ус гэдэг хэмжээ хязгаартай. Энэ байдлаараа явбал 2020 он гэхэд Улаанбаатар цэвэр усны хомсдолд орно. Одооноос эхлэн саарал ус ашиглах хэрэгтэй. Байгаа нөөцөө зөв ашигласнаар олон жил хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Зүлэг ногоог хүртэл цэвэр усаар усалж байна. Ус байж дэлхий тогтоно. Өнөөдөр нийслэлийн нөөцийг хадгална гэж ярьж байна л даа. Тэгвэл уснаасаа эхлэх хэрэгтэй.
-Манайд уснаас эрчим хүч гаргах технологи нэвтрээд нэлээд удлаа. Нийслэлд ийм боломж бий юу?
-Сангийн яамтай концессын гэрээ байгуулж төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усыг цэвэршүүлж, бага оврын усан цахилгаан станц барих гэсэн төслийг “Морьтхангай” ХХК хэрэгжүүлж эхэлсэн. Ажлын явц хэр байгааг мэдэхгүй байна. Усан цахилгаан станцыг эрчим хүчний хэрэглээний хэлбэлзлийг тогтворжуулах зорилгоор ашигладаг. Тухайлбал, манайд 17-21 цагийн хооронд эрчим хүчний оргил үе буюу хамгийн их ачаалалтай байдаг. Хэрэв дээрх төсөл хэрэгжиж бага оврын усан цахилгаан станцтай болбол ид ачааллын үед усан цахилгаан станцаа залгавал ачааллыг нь тогтворжуулах сайн талтай.