Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбаттай ярилцлаа.
-Манай сонины сурвалжлагч тантай уулзсанаас хойш нэг жил өнгөрчээ. Өнгөрч буй он танай аймагт ямар бүтээн байгуулалт, ажил өрнөсөн талаар яриагаа эхэлье?
-Ойрын өдрүүдэд Засаг даргын захирамжаар нутгийн удирдлага дөрвөн хэсэгт хуваагдаж сум, орон нутгаар ажиллалаа. Энэ жилийн үйл ажиллагааны үр дүн, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, ард иргэдээс 2015 онд төрийн бодлогын хэмжээнд дэвшүүлэх ямар санал, бодол байгааг сонссон юм. Архангай аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын даргын хувьд ард иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэх төрийн бодлогыг ямар ч тохиолдолд дэмжиж ажиллаж байгаа.
ИТХ-ын дэргэд Иргэний танхим ажилладаг. Мөн иргэн хүлээж авах “11-11” төвтэй. Ард иргэд маань шууд утсаар аливаа үйл ажиллагаанд санаа бодлоо нэмэрлэж болдог. Түүнчлэн ИТХ-ын дэргэд Ахмад зөвлөхүүдийн зөвлөл гэж том нэгж ажиллуулж байгаа. Иргэдээ нутгийн удирдлагын ажилд оролцуулах зорилготой байгуулсан. Архангайн аж ахуйн нэгж, албан байгууллагад даргаар ажиллаж байсан буурлуудаа оролцуулаад 80 гаруй ахмад зөвлөхтэй. Тэд дотроо нийгэм, боловсрол, эрүүл мэнд гээд долоон салбарт хуваарилагдаж ажилладаг. Энэ хүмүүс өнөөдөр шууд шийдвэр гаргахгүй ч гэлээ бидний шийдвэр зөв байхад, үр дүнтэй тал руу нь чиглүүлэхэд их тус болдог. Тэдний туулж ирсэн дадлага туршлага, практик бидэнд хэрэгтэй. Нөгөө талаас аймаг, сумынхаа онцлогийг маш сайн мэддэг юм. Ахмадууд маань өглөө босоод нэг бол гэртээ ач, зээгээ хараад үлддэг. Үгүй бол дэлгүүр, зах орчихоод харьдаг байсан. Одоо бол тийм биш. Гоё хувцасаа сольж өмсөөд, захиргаандаа ирж, зөвлөхүүдийн танхимдаа цуглана. Салбар салбараараа хуралдаж, жил улирлын төлөвлөгөөндөө анхаарч ажилладаг.
-Он дуусахад хоёр сарын хугацаа үлдлээ. Энэ жилийн төлөвлөсөн ажлаас ямар онцлох зүйл үлдээд байна вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд, бүх аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар энэ сард Архангай аймагт ажиллахаар төлөвлөсөн байгаа. Тэдэнд бид орон нутаг яаж хөгждөг вэ гэдгийг харуулъя гэж шийдсэн. Хоёрдугаарт, төлөвлөлтөө яаж сайн хийдгийг харуулах болно. Хилийн боомт гарцгүй, томоохон уул уурхай байхгүй хэрнээ эдийн засгаа яаж өсгөж болдгийг харуулах юм.
УИХ-ын дарга болон бусад албаны хүмүүс Архангай аймагт ажиллахдаа биднийг хөгжлийн концепцоо, төлөвлөлтөө сайн хийжээ гэдгийг онцолдог. Тэр ч бүү хэл эндээс авах зүйл бидэнд байна гэж ярьж байсныг та бүгд мэддэг байх. Видео хурлуудаар байнга л ярьдаг юм. Жишээ нь, бүх аймаг, нийслэл хот хогны асуудлаа шийдэхэд маш бэрхшээлтэй, хүнд шүү дээ. Гэтэл Архангай хогны асуудлаа төгс байдлаар шийдчихсэн. Одоо хот доторх хогны менежментэд анхаарч ажиллаж байна. Дээр нь, иргэдийнхээ хог хаяхгүй байх ухамсрыг сайжруулах ажил өрнүүллээ.
-Тодруулбал?
-Улаанбаатар хотоос Архангай руу ороход маш их хог угтдаг байсан юм. Түүнийг нүүлгэх хэрэгтэй гэж бид үзсэн чинь ахмад зөвлөхүүд маань тэр хогийн цэг анх үүссэнээс эхлээд түүхийг нь ярьж өгсөн. Анх энд цуглаад, тийш нь нүүлгэх гэж оролдсон. Тэндээ зохихгүй байсан учраас буцаагаад нүүлгэсэн, одоо хааш нь аваачих юм бэ гэж асуусан. Үнэхээр бололцоогүй болоод л эндээ удаан хугацаанд байсан юм билээ. Хогийн цэгийг нүүлгэх үү, эс нүүлгэх үү гэсэн хэлэлцүүлэг зарлаж, 300-гаад хүн оролцсон. Тэдний ихэнх нь нүүлгэе гэсэн байр суурьтай орж ирсэн бол зөвлөхүүдийн маань үгийг сонсчихоод одоо байгаа талбайд нь менежмент хийх хэрэгтэй юм гэж шийдсэн. 56 га талбай хамарсан хог байсан бол одоо таван га болчихлоо. Тэнд хог ялгаж байна. Энэ бол цөөнгүй иргэний ажлын байр, амьжиргааны баталгаатай эх үүсвэр. Одоо авсан цалингаараа мотоцикль аваад унаж яваа хүн ч байна. Түүсэн хуванцар саваа үүрээд хаягдал авдаг хүмүүст тушаадаг байсан бол тэд өнөө хүнээс ирж авдаг болчихлоо. Энэ жил хогийн цэг дээрээ 35 кВт-ын цахилгааны эх үүсвэр холбохоор ажиллаж байгаа. Тэгвэл хогоо багцалж боодог болчихно. Өнөөдөр цаасыг шатаагаад л дуусгадаг. Гэтэл цаасаа боловсруулъя. Хаягдал дугуй их. Түүнийг жижиглээд дахин боловсруулдаг. Хуванцар, гялгар уутаар Архангай аймагт сандал, траншейны таг, хүрз жоотууны иш хийж байна. Мөн банз хийж байгаа юм. Нэг шоо метр банз 200 мянган төгрөг байгаа бол төдий хэмжээний хуванцраар хийсэн банз 140 орчим мянган төгрөгөөр гардаг. Тэгээд чанар, өнгө үзэмж, эдэлгээний хувьд 30 жилийн настай гэхчлэн давуу талтай.
-Иргэдийн амьжиргаа, сайхан амьдралын талаар ярилцъя. Олон тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа гэж өмнө нь ярьж байсан. Үр дүн гарч байна уу?
-Өнгөрсөн жил 250 орчим айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ жил 488 айлын орон сууц ашиглалтад орохоор ажиллаж байгаа. Гэхдээ шинээр ашиглалтад орох орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэг болгох санаачилга манай аймагт өрнөсөн. Сургуулийн өмнөх боловсрол эзэмших шаардлагатай хүүхдүүдийн 64 хувь нь л цэцэрлэгт хамрагддаг. Бусад нь гэртээ сууж байна. Харин нэгдүгээр давхрыг цэцэрлэг болгочихвол үлдсэн хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж чадах юм. Саяхан Засгийн газар хуралдаанаар манай энэ санаачилгыг дэмжээд шинээр барьж буй орон сууцны нэгдүгээр давхрыг дэлгүүр биш цэцэрлэг болгоё гэдэг зарчим гаргасан. 150 хүүхдийн ортой цэцэрлэгийг 1.2 тэрбум төгрөгөөр барьж байхад орон сууцны тийм талбайг 400 орчим сая төгрөгөөр л худалдаад авчихна. Энэ бол аль аль талдаа ашигтай, хэмнэлттэй, оршин суугч иргэдэд ч таатай. Хүйтэн өвлөөр хүүхдээ хол газар авч явахгүй байх нь.
-Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хувьд танайд бас ахиц гарсан байх аа?
-Ерөнхий сайдын багцаас эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийчихлээ. Улаанбаатар хотод очиж өнгөт ЭХО-гоор бүдүүн, нарийн гэдэс, элэг, уушгиа үзүүлдэг байсан бол одоо аймагтаа үзүүлнэ. 2015 онд бид томограф, дурангийн хагалгааны аппараттай болъё гэсэн том зорилго тавьсан. Тоног төхөөрөмжөө авчихлаа гэхэд түүнийг ажиллуулж, ашиглах мэргэжилтнүүдээ бэлтгэх шаардлага ургана. Тийм учраас аймгийнхаа эрүүл мэндийн системийн ажилчдыг сургаж бэлдэж байгаа. 3-4 эмч Солонгос улсад мэргэжил дээшлүүлээд ирсэн.
Аймгийн Засаг даргын санаачилсан “Математик” гэж маш том хөтөлбөр бий. ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар ширээн дор байдаг хөтөлбөр батлахаа больё, ширээн дээр байдаг амьд хөтөлбөртэй болъё гэсэн маань “Математик” юм. Үр дүн нь тав хүртэлх хувьтай байсан математикийн үзүүлэлт 80 хувь руу үсэрсэн. Энэ бол амьд хөтөлбөрийн үр дүн. Нэгэнт математикийн хувьд ийм ахиц гарч болсон учраас бусад хичээлээр ч хөтөлбөр хэрэгжүүлж болох юм. Дараагийн шатны ажил бол хими, физик гэдэг хичээлд биш яаж иргэншиж, төлөвших вэ гэдэгт анхаарна. Ийм төсөл бэлтгэж байгаа, удахгүй аймгийн ИТХ-аар батлах болов уу. Бас нэг онцлог гэвэл аймгийн Засаг дарга маань Архангайн хэмжээнд байгаа бүх бүтэн өнчин хүүхдүүдийн их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хамруулсан юм. Хэдийгээр цөөхөн хүүхэд боловч олон нийтэд их гоё хүрч байгаа. Ингээд яриад байвал иргэд, хойч ирээдүй рүүгээ хандсан олон ажил хийж байна, хийхээр төлөвлөж байна даа.
-Хөдөлмөрлөх гэж хичээж байгаа иргэдэд хэрхэн анхаарч байна. Танай аймгаар дамжиж баруун бүс рүү нийлдэг. Гэвч тэр замд сүү, тараг бариад зогсдог хүн олон. Тэдэнд түүнээс илүү боломж алга уу?
-Архангай аймаг одоогоор хамгийн олон малтай аймаг. Гэхдээ бид хамгийн олон малтай гэж цээжээ дэлдэх биш бодох, ажиллах ёстой. Долоон суманд бэлчээрийн менежмент хийж, зөв хуваарилах, даацыг зохицуулахаар ажиллаж байгаа. Түүнчлэн малын гаралтай түүхий эд, ялангуяа цагаан идээг боловсруулж “чулуу болгох” хэрэгтэй. Малчин айл болгон өөрөө үйлдвэрлэгч байхад малын гаралтай бүтээгдэхүүний маш том үйлдвэр төсөөлнө гэдэг бол бэрх. Тийм учраас айл болгон гэртээ боловсруулдаг цагаан идээг эрүүл ахуйн шаардлагад яаж нийцүүлэх, зөв зохистой борлуулалтын механизм бүрдүүлэх вэ гэдгийг бодох шаардлагатай. Өнгөрсөн жил Чулуут сум дангаараа 120 орчим тонн цагаан идээтэй төв рүү орж ирээд тав хоногийн дотор 1.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Зургаа дахь хоногт нь өөр хүмүүс орхиод явсан лангуун дээр нь ирээд Архангайн Чулуутынх гээд цагаан идээгээ борлуулсан байх жишээтэй. Тэгэхээр айраг, ааруул, цагаан идээ зардаг хувь хүнийг, жижиг бизнес эрхлэгчдийг, хөдөлмөрлөх гэж хичээж байгаа бүх хүнийг дэмжихэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх л шаардлагатай байгаа юм.
-Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх оныг хэрхэн харж, төсөөлж байна вэ?
-2015 оныг манай төр захиргааны байгууллага болон бид “Иргэн таны төлөө” гэсэн уриа дэвшүүлсэн. Эсрэг талаас нь “Өмнө нь иргэний төлөө байгаагүй хэрэг үү” гэж асуудаг хүн таардаг л юм. Гэхдээ үүний хариултыг нь өнөөдөр шууд хэлэх цаг биш л дээ. Ер нь, Архангай аймагт хийж буй бүх ажил иргэдийн төлөө юм. Яагаад гэвэл тэдний өөрсдийнх нь санал санаачилгад тулгуурлаж хийж байгаа. Иргэний санаачилгыг төрийн бодлого болгоод ирэхээр иргэд маань түүнийхээ маш сайн хянагч болдог. Үүнийг Архангай аймгаас харах боломжтой. Бүтсэн, бүтээгүй ажлын талаар санал бодлоо Иргэний мэдээллийн төв рүү байнга хэлж байх жишээтэй. Ер нь, орон нутгийн нөхцөл байдал ийм л байгаа. Мөн эдийн засгаа боломжит нөхцөлөөрөө өсгөх зорилго бий. Ирэх оны нэгдүгээр улиралд багтааж Монгол Улсын бизнес эрхлэгчдэд Архангай аймагт бизнес хийгээрэй гэж урина. Эдийн засгаа өсгөе л гэвэл баялаг бүтээгчдийг урих шаардлагатай. Хэн баялаг бүтээдэг вэ гэвэл бизнес эрхлэгчид л юм. Орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Ер нь, Архангайд ийм бизнес эрхлэх боломж байна гэдгийг гаргаж тавих юм. Төр ямар дэмжлэг үзүүлж, шаардлага тавих вэ гэдгийг ил болгоод тавьчихна. Ганцхан Архангай аймагт ч биш. Баруун аймгууд руу явахад манай аймгаар тэг дундуур нь дайраад өнгөрдөг. Тийм учраас ганцхан Архангай гэж төсөөлөлгүй баруун бүс рүү чиглэсэн гэж төлөвлөх нь зөв байх.
-ИТХ гэдэг Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Түүний боловсруулсан мөрийн хөтөлбөр өнөөдөр ямархуу хэрэгжилттэй байна, ямар дүн тавих бол?
-Засаг даргад би дангаараа дүн тавихгүй л дээ. ИТХ гэж нутгийн өөрөө удирдах байгууллага үүнийг шийднэ. Өнөөдөр бид яагаад бодлогын хэмжээний зүйл ярьж байна вэ гэхээр ИТХ, Засаг захиргааны хамтын ажиллагаа. Аль нэг нь хийж, бүтээх гээд, хичээж байхад саад болж, чөдөр тушаа тавиад орон нутаг хөгжихгүй. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн ажил нь урагшлахгүй байгаа зарим аймгийн удирдлагыг “Архангай аймагт очиж үз, Засаг дарга, ИТХ яаж хамтарч ажилладагтай танилц” гэж захидаг нь бидэнд урам болдог. Гэхдээ энэ бол найран дундаа, хяналт, хариуцлагагүй байхын нэр биш. Засаг дарга маань захирамжаар дөрвөн хэсэг хуваарилагдсан ажлын хэсэг ИТХ-д тайлангаа тавьсан. Болж байгаа, бүтэхгүй саатсан бүхнийг учир шалтгаантай тодорхой хэлж, түүнээс гарах арга замыг бид хамтдаа шийддэг учраас ямар нэг зөрчилдөөн алга. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр гэдэг бол тухайн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр учраас хазайгаад байх шаардлага бага. Өнөөдөр Засаг даргын мөрийн хөтөлбөр 70 орчим хувьдаа орчихлоо. Удахгүй манай ИТХ-ын ээлжит хуралдаан болж дүнгээ тавих болно. Тэр дүнг олон нийтэд мэдээлнэ.