Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын нууц товчоо” цэрэг дайчдын өврийн дэвтэр болов

Өнөөдөр Зэвсэгт хүчний нийслэлийн хүрээний 032 дугаар /Хүндэт харуулын анги/ ангийн цэргийн албан хаагчид Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн санаачилж гаргасан “Монголын нууц товчоо” өврийн дэвтрийн анхны эзэд боллоо.

Мөн БХЯ, ЗХЖШ-ын удирдах дээд тушаалын генерал, офицерууд, Улаанбаатар цэргийн хүрээний захирагчид уг дэвтрийн эзэд болсон юм.  Дэлхийн түүхийг мэдье гэвэл Монголын түүхийг мэд. Монголын түүхийг мэдье гэвэл цэргийн түүхийг нь мэд хэмээх үгийн мөн чанарыг монгол хүн бүр мартах ёсгүй. Ийнхүү “Монголын нууц товчоо” хэмээх хүн төрөлхтөний сор бүтээл болсон түүхэн судрыг Монгол Улсын иргэн бүр тэр тусмаа тусгаар тогтнолоо хамгаалан, яруу алдраа дэлхийд дуурсган таниулж яваа хийморь төгс бүх цэрэг, дайчиддаа цаг ямагт мөрдөж явах өврийн дэвтэр болгон гардуулж эхэллээ.

Түүхэн тэмдэглэлт энэхүү үйл явдлын гэрч болсон хүн бүр энэ өдрийг мартах учиргүй. Монгол Улсын өнө хэтийн хөгжлийн чигийг заагч “Монголын нууц товчоо”-г Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тунгаан судалж,  сэтгэлдээ хоногшуулснаар монгол өрх бүрийн шүтээн болсон энэ судрыг ямагт санаж, сэрж байх үүргээ чандлан сахих юм. Улмаар энэ эрхэм шүтээнээ дээдэлснээр монголчуудын мандан бадралын шинэ эрин үе эхлэх учиртай. Монгол хүн өвөг дээдэс, бахархалт түүхээрээ омогшсон энэхүү түүхэн ёслолд Батлан хамгаалахын сайд тэргүүтэй БХЯ болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн юм.

Мөн Ардын уран зохиолч, СГЗ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч П.Бадарч хүрэлцэн ирж “Монголын нууц товчоо” бүтээл нь утга зохиолын үнэт өв гэдгийг таниулан сурталчилсан бол Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн Их эзэн Чингис хааны дэлхийн дайдыг эзэлсэн агуу байлдан дагуулалтын түүхийн нууцын талаар онцлон сонордуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлиг болон Батлан хамгаалахын сайдын 2013 оны тушаалаар баталсан “Батлан хамгаалах салбар ба эх оронч үзэл” хөтөлбөрийн зорилго ийнхүү алхам алхмаар хэрэгжсээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан