Британийн сая сая татвар төлөгч өөрсдийнх нь өгсөн мөнгийг Засгийн газар юунд, яаж зарцуулсан тухай нэгдсэн тайланг шуудангаар хүлээн авдаг болох нь. Тус улсад нийт 30 сая шахам татвар төлөгч байдгаас 24 саяд нь жил бүрийн татварын нэгдсэн дүнг илгээх бөгөөд энэ нь засаглалын ил тод байдалд хувьсгал болно хэмээн Британийн эрх баригчид үзэж байгаа юм. Уг тайланд хувь хүн хэдий хэмжээний мөнгийг татвар болоод үндэсний даатгалд төлдгийг, тэр мөнгө хаашаа орж, ямар замаар зарцуулагддагийг дэлгэрэнгүй танилцуулсан байх аж. Европын аль ч оронд ийм жишиг нэвтрээгүй, Британи анхдагч болж байгаа юм. Хөгжингүй орнуудаас Австрали л татвар төлөгчдөд тайлан хүргүүлдэг юм. Ийнхүү иргэд мэдээлэлтэй болсноор өөрсдийнх нь татварын мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна эсвэл нийгмийн халамж хэрэгтэй хэсэг рүү л хамаг мөнгөө урсгаж байна гэх хардлагыг зогсооно гэж улстөрчид найдаж байна.