Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

65 давхрын өндөрт олсон дээр хамгаалалтгүй алхаж рекорд тогтоожээ

Ник Валленда хэмээх зоригтой эр 65 давхар өндөр хоёр байшингийн хооронд татсан олсон дээгүүр ямар ч хамгаалах хэрэгсэлгүй нүдээ анин алхаж, дэлхийн хоёр ч дээд амжилт тогтоолоо. Газар дээрх гэрчүүд төдийгүй телевизээр шууд дамжуулахыг нь үзсэн хүмүүс амьсгаа даран алхам бүрийг нь тоолсон энэ үзүүлбэр ням гарагийн орой АНУ-ын Чикаго хотын Марина сити хэмээх ихэр цамхагт болсон юм. 500 гаруй фут буюу 179 метр өндөр хоёр цамхагийн хооронд 19 хэмийн налуу болон тэгш хоёр олс татсан бөгөөд олсон дээр явах үзүүлбэрээр мэргэшсэн Ник Валленда огтхон ч алдаа гаргалгүй үзүүлбэрээ гүйцэтгэжээ. Эхний удаа налуу олсоор явахдаа Ник Валленда өөрөө “замаа” харж явсан бол тэгш олсон дээгүүр нүдээ боож явсан юм. Тэрээр налуу олсоор зургаан минут 52 секундын хугацаанд зайгаа туулсан бол нүдээ аниж явахдаа үүнээс эрс хурдан буюу ердөө нэг минут 17 секундэд нэг цамхагаас нөгөө цамхагийн хооронд гарч амжжээ.

Ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр 65 давхар өндөр байшингийн дээгүүр явах хэн хүний ой ухаанд багтахгүй энэ эрсдэлтэй үзүүлбэрийг “Discovery Channel” шууд дамжуулсан юм. Гэхдээ шууд нэвтрүүлгийг 10 секунд хоцроож эхлүүлсэн бөгөөд энэ нь хэрэв Валленда алдаа гаргаж унавал тэр хэсгийг нь үзэгчдэд харуулахгүйгээр хасах боломж олгох байж. Ник Валленда хэрэв тэнцвэр алдан унахдаа хүрвэл эхлээд өвдгөө нугалаад хоёр хөлөөрөө утаснаас зуурах төлөвлөгөөтэй байжээ. Тэрээр ингэж олсноос зүүгдээд тусламж үзүүлтэл 30 минут хүлээж чадна хэмээн аврагчдад хэлжээ.

Ник Валлендагийн рекорд тогтоох үзүүлбэрийг амжилттай дуусгаж, түүнийг ямар нэг аюул эрсдэлд оруулахгүйн тулд олсон доогуурх талбайд тодорхой хязгаарлалт тогтоож, үзэгчдийг анхаарал сарниулах элдэв дуу чимээ гаргаж болохгүй, зургийн аппаратны гэрэл гялбуулахгүй байх гэх мэтээр анхааруулга өгчээ. Өмнө нь алдарт Гранд Канион хавцал дээгүүр мөн л хамгаалах хэрэгсэлгүйгээр явж байсан Валлендагийн гэр бүлийнхэн бүгдээрээ олсон дээгүүр явагчид гэнэ. Түүний аав, эхнэр нь олсон дээгүүр явах үзүүлбэрээр мэргэшсэн хүмүүс аж. Бүр түүний өвөө хүртэл олсон дээгүүр алхагч байжээ.
Харамсалтай нь, тэрээр Валлендаг төрөхөөс нэг жилийн өмнө Пуэрто Рикод 10 давхар өндөр хоёр байшингийн хооронд олсон дээгүүр явж байгаад унаж амь эрсэдсэн байна. Тэр үед Валлендагийн өвөө 73 настай байсан бөгөөд гэнэтхэн их салхи дэгдсэнээс үзүүлбэр нь бүтэлгүйтэж, амь насаа алдсан гэнэ.
Гэвч энэ гашуун түүх ач хүүг нь зогсоож чадсангүй. Тэрээр өвөөгийнхөө 100 гаруй фут өндөр байшин дээгүүр явсан амжилтыг тав дахин нугалж, 500 футийн өндөрт олсон дээгүүр явж, Гиннесийн хоёр амжилт зэрэг тогтоолоо.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан