Төсөв, төсөв төсөв...Хууль ёсоор энэ сарын 15 гэхэд 2015 оны төсвийг УИХ-аар батлах ёстой. Гэвч өнөөдөр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гэх зэрэг сандал ширээний асуудал шийдэгдэхгүй байсаар л... Маргааш ахиад л Ерөнхий сайдыг..??? гэх асуултын тэмдэг шидэлсээр УИХ-ын гишүүд танхимдаа цуглана. Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдын асуудлыг шийдэх хугацаа нь хуулийн дагуу болчихсон. Ерөнхий сайд ч бусдад “бодох хугацаа” олгохын тулд чадах чинээгээрээ л завсарлагын хонх цохиулж дөнгөсөн. Харин маргааш МАН л завсарлага авчихгүй бол хэлэлцэх ёстой. Ерөнхий сайдын асуудлыг нэг тийш болгочихвол сайд нарыг томилох зэргийг бол шудраад тогтсон тохирооны дагуу кнопдчихно биз. Харамсалтай нь тэднийг ингэж мунгинаж байтал Монгол гэдэг улсын нэр хүнд олон улсын зах зээл дээр бол аль хэдийнэ шал руу шидэгдчихлээ. Азаар хоёр хөршийн даргыг хүчээр шахуу авчирч хэдэн гарын үсэг зуруулсны ачаар ганц нэг ажил ч урагшлах нь урагшлах л бололтой. Гэвч Монголын эдийн засгийн төлвийн мэдээ олон хүний сэтгэлийг гонсойлгож, маргаашдаа итгэхэд бэрх болгож эхлээд байна. Ахиад л 1990-ээд оны сүүлч шиг олон мянган монголчууд мөнгө бэдрэн гадаадын улс орнуудыг зорих тухай зүүдэлж, визний бизнес эрхлэгчид жаахан хөлжих нь. Та анзаарсан бол аялал жуулчлалын улирлыг тохиолдуулан 42 орны иргэдэд зуны гурван сард Монголд зочлоход визийн хөнгөлөлт үзүүлсэн тухай мэдээллийг хэн нэгэн нь 42 оронд монголчууд визийн хөнгөлөлттэй зорчино гэж андуурснаас үүдэн хэчнээн олон хүн алга ташин хөөрөв. Энэ мэдээг гаргасан сайт за тэгээд лайк хүсэгчид хэчнээн олон мянган хүнийг хуурч дөнгөв. Тэгэхээр монголчууд эх орондоо амьдрах итгэлээ алдаж эхлээд байна уу гэж нэг өнцгөөс харахаас өөр аргагүй болж байна. Сүүлийн үеийн гэрэлтэй мэдээ зөвхөн тамирчдын амжилтаар хязгаарлагддаг болж.
“Сангийн яамны судалгаагаар 2014 оны эхний хагас жилийн байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан ирүүлэгсдийн 63 хувь нь алдагдалтай тайлан өгчээ. Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 49 хувь нь буюу 54 мянга орчим нь үйл ажиллагаагаа зогсоожээ” гэсэн мэдээ өчигдөрхөн тархаж, сошиал ертөнцийнхөн онцлон түгээж байлаа. Цочирдмоор тоо биш гэж үү. Гэхдээ худлаа гэж хэлэхэд хэцүүхэн байна. Эргэн тойрноосоо та асуугаад үзээрэй. Энд тэндгүй цомхотгол, дампуурал...
Нэг өрөөнд суугаа 10 хүний эргэн тойронд дампуураагүй, цомхотголд өртөөгүй хамаатан садан үгүй болж. Ажилгүй хүн нэмэгдэх тусам зээлийн өр хэрээс хэтэрлээ. Монголбанкны мэдээгээр эхний таван сард арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нь 380,6 тэрбум төгрөг байв. Энэ нь өмнөх оныхоо мөн үеийнхээс 234 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт байсан.
Тэгвэл энэ оны наймдугаар сард хугацаа хэтэрсэн зээл 527,1 тэрбумд, есдүгээр сард 464,6 тэрбумд хүрчээ. Өнгөрсөн оны есдүгээр сартай харьцуулахад энэ нь 311 тэрбумаар давсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрсэн чанаргүй зээл хоёр дахин өсчээ гэж хэлэхээс аргагүй. Гэвч манай Засгийн газар “ үгүй” гэж гүрийсээр суугаа нь нууц биш. Нурсан, унасан эдийн засаг гэдгийг хаа хаанаа л хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа. Магадгүй төрийн дээд, дунд бүүр доод шатанд нь ч амьдрал гайгүй байгаа байх. Харин хувийн хэвшлийнхэн ямар байдалд байгааг анхаарч анзаарч харах хүн байна уу. УИХ-ын гишүүн С. Дэмбэрэл төрийн саарал ордонд биш худалдаа аж үйлдвэрийнхээ саарал танхимд байхдаа тэдний өмнөөс жаал жуул ярьдаг байсаан байсан. Харин өнөөдөр арай л өөр түвшинд ярьж байгаа биз. Гэвч улс орны эдийн засгийн тулгуур багана ганхаж бүүр өрөөсөн талаасаа нурчихлаа. Харин Монгол Улс...
Амьдрал цаашаа үргэлжлэх ёстой. Монгол оронд амьдрал үргэлжилж, ард түмэн маргаашийн төлөө ажиллаж амьдрах ёстой. Тэдний амьдрал улс төрөөс ангид хөврөх ёстой. Гэвч...
Эзний суудал ээлжтэй, хааны суудал халаатай гэдгийг хаа хаанаа мэдрэх цаг ирснийг эдийн засаг харанга дэлдэн анхааруулж байна гэдгийг эрхэм түшээд маань мэдэрч байгаа гэж итгэнэм.