Нийслэлд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолооч нарын торгуулийн хуудсыг энэ жилээс гэрийн хаягаар хүргэж эхэлсэн. Гэсэн хэдий ч зарим жолооч торгуулийн хуудсаа хураасаар 100 гаруй мянган төгрөгийн торгуультай болоод байгаа гэнэ. Уг нь, торгуулиа 14 хоногийн хугацаанд төлөх ёстой. Иймээс Нийслэлийн замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хамтран сахилгагүй жолооч нарт сануулга өгч, торгуулиа төлөөгүйг нь тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд оруулахгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй гэдгийг албан ёсоор өчигдөр мэдэгдлээ. Мөн жолооч нар торгуулиа төлөхгүй байгаа нэг шалтгаан нь автомашинаа зарсан болон худалдан авсантай холбоотой байдаг гэнэ. Учир нь, нэрээ шилжүүлсэн ч бүртгүүлээгүй тохиолдолд хуучин эзэнд нь торгуулийн хуудас очдог. Тухайн хүн нь машинаа зарсан гээд торгуулиа төлдөггүй. Энэ мэт бэлэн бус торгуулийн хуудсыг тойрсон олон асуудал гарсаар байгаа.
Авто тээврийн үндэсний төвийнхөн гэхэд өдөрт 500 гаруй жолоочоос торгуулиа барагдуулахыг хүсч шаарддаг байна. Энэ талаар тус төвийн захирал Т.Болдбаатар “Жолооч нар торгуулиа төлөхдөө хойрго байна. Өдөрт 600-700 тээврийн хэрэгсэлд мэдэгдэх хуудас илгээж байхад 170 гаруй нь оношлогоонд ороогүй, оношлогооны хугацаа нь хэтэрсэн байдаг.
Иймээс дээрх арга хэмжээг авч эхэлсэн. Үүний үр дүнд бид өдөрт зургаан сая төгрөг нийслэлийн Замын санд төвлөрүүлж байна. Цаашдаа энэ ажлаа улам эрчимжүүлэх төлөвлөгөөтэй” хэмээсэн юм.
Нөгөөтэйгүүр бусад улс орны хувьд торгуулиа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгууль төлөөгүй өдөр тутамд нь хүү бодогддог аж. Манай орны хувьд ч бэлэн бус торгуулийг Засгийн газрын 388 тоот тогтоолоор зохицуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Уг тогтоолын 4.2-т торгууль хүлээсэн этгээд 14 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд давтан торгох гэсэн заалт байдаг аж. Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн этгээдүүдийг 1000-10000 төгрөгөөр торгож байгаа бөгөөд хэрэв торгуулиа төлөөгүй бол 20000 төгрөгийн торгуультай гэнэ. Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэж заасан байдаг аж.
Ер нь, бэлэн бусаар торгуулийн хуудас авч, төлдөг болсон талаар жолооч Х.Болдоос тодруулахад “Жолооч нар камерын торгуулийн хуудсыг бол яах аргагүй төлөөд байгаа. Харин цагдаагийн бичсэн торгуулийг төлөхгүй хойрго ханддаг. Би л гэхэд 40 мянган төгрөгийн торгуулийн хуудастай яваа. Нэг талаар ийм системд шилжсэн нь сайн талтай ч завгүй бидний хувьд банканд дугаарлаад мөнгө төлж байснаас цагдаа нарт бэлэн мөнгөө тэр дор нь өгөөд явж байсан нь ч дээр юм шиг. Гэхдээ ямарваа нэг юм хоёр талтай байдаг шүү дээ. Эсвэл ингэж бөөгнүүлж байхаар нэг торгууль бичээд тухайн торгуулиа төлж ирээд бичиг баримтаа аваарай гэдэг ч юм уу ямар нэг зохицуулалт л хийх хэрэгтэй байх” хэмээн ярьсан юм. Ямартай ч сэтгүүлч надтай таарсан таван жолоочийн гурав нь торгуулиа төлөөгүй яваа гэж байлаа. Сая гаруй хүн амтай нийслэлд маань өдөрт 250 мянган машин давхиж, хүн машин хоёр нь багталцахгүйд хүрч буй хотод энэ мэт зохицуулалт хийж байгаа нь сайн ч, автозамуудад тавьсан камерын хүрэлцээнээс шалтгаалж Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв өдөрт камераар мянга гаруй зөрчил илрүүлдэг аж.
Ц.Ариунболд: Торгуулийн мэдээлэл банкинд ирээд удаж байна
Жолооч нар торгуулиа хэрхэн төлж байгаа талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Ц.Ариунболдоос тодрууллаа.
-Жолооч нар ногдуулсан торгуулиа барагдуулсан эсэхийг та бүхэн хянаж, хариуцлага тооцох боломжтой байдаг биз дээ?
-Манай албан хаагчид хяналтаа тавиад, төхөөрөмжөөрөө давхар шалгаад ажиллаж байна. Торгуулиа төлөөгүй байна гэсэн мэдээлэл төхөөрөмж дээр гарч ирвэл торгуулийг нь барагдуулах, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авдаг. Шинэ системд шилжсэнээр мөнгөтэй, мөнгөгүй жолооч нартай хэрүүл маргаан үүсгэх байдлыг халсан. Мөн цагдаа нарыг хууль бус мөнгө авлаа гэх байдал үгүй болсон зэрэг сайн талтай.
-Гэтэл торгуулиа төлөхгүй 100 мянган төгрөг хүргэсэн жолооч нар байгаа дуулдлаа. Энэ тухайд?
-Торгуулийн хуудсыг онлайн хэлбэрээр Үндэсний дата төв арилжааны банкаар дамжуулан төлдөг. Гэтэл банкуудын мэдээлэл Дата төв дээр очихгүйгээс иймэрхүү байдал үүсдэг. Бид холбогдох байгууллагуудад Цагдаагийн ерөнхий газраар уламжлуулан энэ мэдээ мэдээллээ богино хугацаанд хурдан өгч байгаач ээ гэдгийг мэдэгдсэн. Судалгаанаас үзэхэд иргэн торгуулиа төлсөн даруйд банк мэдээллийг Дата төв рүү шилжүүлэхэд тодорхой шимтгэл төлдөг. Гэтэл банкууд мэдээллээ олон болгож байгаад нэг мэдээлэл 10-20 мянган зөрчлийн мэдээллийг явуулдаг тал ажиглагдаж байгаа.
-Жолооч нарыг шалгахад оношлогоонд ороогүй, торгуулиа төлөөгүй байвал ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ тохиолдолд давхар хариуцлага хүлээхэд хүрнэ гэдгийг жолооч нартаа сануулъя. Иймээс торгуулиа заасан хугацаанд нь бүрэн төлж байгаарай гэж хэлье.
-Бэлэн бусаар торгууль төлдөг болсон атал цагдаа нар торгуулийн хуудас таслаад байна гэсэн гомдол гарсаар байгаа. Энэ тал дээр та ямар мэдээлэл өгөх вэ?
-Бэлэн бус торгуулийн арга хэмжээг зөвхөн замын цагдаагийн албан хаагчид гаргана. Харин эргүүлийн цагдаа нар торгуулийн хуудас тасалж өгч болно. Ер нь, эргүүлийн цагдаад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын цагдаад гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүрэг хэн хэнд нь бий.