Цагаан тив гэгддэг алс холын Антарктидад монгол хүн мөрөө гаргаад 42 жил өнгөрчээ. Монгол улсаас хамгийн анх Ж.Цэрэндэлэг гэх хүн ЗХУ-ын Антарктид судлалын 18 дугаар экспедицийн бүрэлдэхүүнд багтан 1972-1974 онд Оросын “Молодёжная” станцад Агаар мандлын дээд давхаргын судалгааны ажил гүйцэтгэж байгаад ирсэн гэдэг. Түүнээс хойш манай зургаан эрдэмтэн, судлаач мөсөн тивд мөрөө үлдээж, алтан соёмбот тугаа Антарктидад мандуулсан юм. Эл цувааг залгуулан энэ жил долоо дахь хүн Антарктид руу мордох гэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Ус судлалын секторын технологич, инженер Х.Пүрэвдагва энэ сарын 10-наас 2015 оны нэгдүгээр сарын 31 хүртэл Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамтарсан судалгааны ажилд оролцохоор явах гэж байна.
Болгарын Антарктидын хүрээлэн энэ удаагийн экспедицид Монголын талаас цас, ус, уур амьсгалын судалгаа хийх нэг мэргэжилтэн оролцуулах боломж олгосон нь энэ аж. Эх орноо төлөөлж дэлхийн хамгийн хүйтэн тив рүү хүлгийн жолоо залах гэж буй түүнийг өчигдөр БОНХ-ийн сайд С.Оюун хүлээн авч уулзсан юм.
Энэ үеэр Х.Пүрэвдагватай ярилцлаа.
-Юуны өмнө хүссэн хүн бүр хүрч очоод байдаггүй алс хол Антарктид руу явах гэж байгаад баяр хүргэе. Сэтгэл өндөр байгаа байх?
-Тэгэлгүй яахав, судлаач хүний хувьд Антрактидад ажиллаж, амьдрах боломж олдоно гэдэг үнэхээр их аз завшаан. Явна гэж догдлохын хажуугаар бэлтгэл хангаад зав муутайхан л байна.
-Судалгааны гол зорилгоо дэлгэрүүлж болох уу?
-Та бүхэн мэдэж байгаа байх. Өмнө нь манай улсаас зургаан хүн энэ тив рүү явж байсан. Бүгд л судалгаа, шинжилгээний ажлаар явсан гэж болно. Миний хувьд ч цас, ус, уур амьсгалын харьцуулсан судалгаа хийхээр явах гэж байна. Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалж энэ чиглэлийн судалгааны ажилд дэлхийн улс орнууд хамтран ажиллах нь сүүлийн үед эрчимжиж байна. Миний хувьд Антарктидын ус, цас, цаг уурын байдлыг эх орныхтойгоо харьцуулж цаашдын цаг уурын өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох үүрэгтэй явна. Мэдээж дэлхийн дулаарлын нөлөө тэр тивд ямар байгааг тандахаас гадна Монгол орныхтойгоо харьцуулна. Ийм л зорилго чиглэлтэй явах гэж байна.
-Урьд нь энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлаар өөр тив, улс орон руу явж байв уу. Ер нь энэ салбарт хэчнээн жил ажиллаж байна?
-Салбартаа арав гаруй жил ажиллаж байна. Гадны улс оронд сурч, ажиллаж байсан ч эх орондоо илүүтэй татагддаг байсан гэх үү дээ. Баруун аймгууд, Алтайн уулсын мөнх цаст уулс, мөсөн голуудыг ихэвчлэн судалж байлаа.
-Антарктидын аль хэсэгт очиж ажиллах вэ?
-Ливингстоны арал буюу Антарктид тивийн хойд хэсэгт хүрч хоёр сар ажиллана. Энэ сарын 13-нд Болгарт очиж экспедицтэйгээ нийлээд цааш Испани тэргүүтэй Европын зарим улс орны экспедицтэй нийлж Африкаар дайрч Антарктидын Ливингстоны аралд очиж ажиллах юм.
-Урьд нь очсон манай судлаачдаас Антарктидын гүнд хүрч судалгаа шинжилгээ хийсэн хүн хэд байдаг вэ?
-Одоо Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дүгэржав гэж хүн 2009-2013 онд нийт гурван удаа явж байсан юм. Энэ хүн Антарктидын ноён оргилд буюу тэг цэгт хүрч тугаа хатгасан цорын ганц Монгол хүн. Ноён оргил дахь АНУ-ын Антрактид судлалын Амундсен-Скотт станцад ажиллаж байгаад ирсэн. Мөн Чулуунбат дарга 1982-1984 онд ЗХУ-ын экспедицтэй “Молодёжная” станцад ажиллаж байгаад ирсэн. Ер нь, Дүгэржав, Чулуунбат ах нэлээд гүн рүү нь очсон байдаг юм. Миний хувьд хамаагүй наана буюу Антарктидын хамгийн том арал Ливингстонд очно.
-Алс хол Антарктидыг далайд гарцгүй монголчууд сонирхохын учир юу юм бэ?
-Яахав, улс орнууд наанаа судалгаа шинжилгээ гэх боловч цаана нь ашиг сонирхлын асуудал бий л дээ. Энэ тив дэлхийн нийт цэвэр усны нөөцийн 80 орчим хувийг агуулж байна. Түүнчлэн, ашигт малтмалын асар их нөөцтэй. Онолоор бол Африк тивээс хэдэн сая жилийн өмнө тасарч очсон хэсэг нь гэгддэг. Тиймдээ ч ашигт малтмал, алмааз, газрын тос гээд бүхий л ашигт малтмалын асар их нөөцтэй тив. Ингээд бодохоор Антарктид бол алаагүй байвгайн арьс гэх юм уу даа. Одоогоор албан ёсны судалгаа шинжилгээний ажлыг 50 орчим улс орон энэ тивд хийж байна. Товчхондоо Антарктид бол нийтийн эзэмшлийн, эзэнгүй нутаг орон юм.
Тиймдээ ч эзэнгүй энэ газар орныг томоохон улс орнууд эртнээс сонирхож эхэлсэн. АНУ, Англи, Орос, Болгар гэхчлэн. Мөн манай урд хөрш ч гэсэн 1984 оноос Антарктидад судалгаа шинжилгээний ажил идэвхтэй явуулж баазуудаа байгуулж эхэлсэн.
-Ингэхэд мөсөн тив маань газар нутгийн хэмжээгээр хэр том юм бол?
-Газар нутгийн хувьд манай улсаас арав дахин том, газрын гадарга бүхэлдээ мөнх цас, мөсөн цэвдгээр хучигдсан.
-Манай улс энэ тивд бааз байгуулж, судалгаа хийх эрхтэй 50 дахь орноор бүртгүүлэх хүсэлт гаргасан гэсэн?
-Антрактидын олон улсын гэрээ гэж байдаг юм. Уг гэрээнд нэгдсэн 49 орон байгаа бөгөөд эдгээр улс орон мөсөн тивд төслийн судалгаа хийж хэрэгжүүлэх цаашлаад ирээдүйд энэ тивийг хэрхэн ашиглах тухайд санал санаачилга гаргах бүрэн эрхтэй байгууллага юм. Тиймдээ ч Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд 50 дахь орноор элсэн орохоор сонирхож, энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.
-Гэрээнд нэгдэхэд шаардлагатай өргөдөл, хүсэлт цэгцэрсэн болов уу. Миний мэдэхээр УИХ-аар соёрхон баталвал дуусгавар болно гэж дуулсан юм байна?
-Тийм. Засгийн газраас Антарктидын олон улсын гэрээнд нэгдэхээр зөвшөөрч, УИХ-ын Аюулгүй ажиллагаа, гадаад бодлогын байнгын хороогоор дэмжигдсэн. Одоо гагцхүү УИХ соёрхон баталчихвал Антарктидын олон улсын гэрээнд нэгдэн орно гэсэн үг.
-Гэрээнд нэгдсэний дараа Монгол Улсын бааз байгуулах ажил яригдах байх?
-Мэдээж хэрэг. Гэхдээ тэр хол мөсөн тивд бааз байгуулна гэдэг асар их хөрөнгө хүч, цаг хугацаа шаардах ажил. Нэг бааз байгуулахад л тэрбум орчим ам.доллар шүү дээ. Гэхдээ манай улс энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд ихэд анхаарч байгаа учир удахгүй болох байх аа.