Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг малчид, ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө дөрвөн хэм дулаан байх бол шөнөдөө таван хэм хүйтэн. Салхины хурд секундэд есөн метр байх аж. Энэ долоо хоногийг дуустал цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ. 5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 6-нд говийн нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 5-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм. 5, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө хоёр хэм хүртэл дулаан байх гэнэ. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.