Монголчууд өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тийм ч учраас бат бэх, үзэмжтэй гоёмсог хаалга гэр, орон сууцандаа хэрэглэхийг чухалчилдаг билээ. Тэгвэл “Т&G” компани Германы “Hormann” брендийн хаалгыг Монголын зах зээлд оруулж ирээд долоон жил болж байна. Тус компани өнгөрсөн баасан гарагт “Hormann” брэндийн бүтээгдэхүүний загвар, үзэсгэлэн худалдааны танхимаа Сонгинохайрхан дүүргийн Таван-шард нээлээ. Ингэснээр хэрэглэгч, захиалагчид олон төрлийн хаалгыг нэг дороос үзэж сонголт хийх боломж бүрдэж буй юм. Өмнө нь хэрэглэгчид зургийн цомог харж сонголтоо хийдэг байсан бол одоо бодитоор нь барьж үзэж, харж байж гэр орон сууц, гарааш, үйлдвэрийн хаалгаа сонгох боллоо. “Т&G” компани дээш болон хажуу тийш эвхэгддэг, нуглардаг, дулаалгатай, галын хамгаалалттай, гүйдэг гээд олон төрлийн загвар хийцтэй хаалга нийлүүлж байна. Энэ компанийн манай зах зээлд нийлүүлж буй хаалгыг Монгол орны цаг агаарын эрс тэс нөхцөлд Германы “Hormann” компани нийцүүлэн үйлдвэрлэж буй юм. Мөн үйлдвэр, аж ахуйн газруудын ачаа ачиж буулгахад зориулсан тоног төхөөрөмж нийлүүлэх ажээ.
Ингээд Германы “Hormann” брэндийн хаалганы албан ёсны гэрээт борлуулагч “Т&G” компанийн ерөнхий захирал Н.Цогтоогийн яриаг хүргэе.
-Компанийнхаа тухай товч танилцуулаач. Одоогоор хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна?
-Бид германы үйлдвэр болон ахуйн зориулалттай төрөл бүрийн хаалга үйлдвэрлэдэг “Hormann” компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаад долоон жил болж байна. “Hormann” компанийн бүтээгдэхүүн маш сайн чанартай гэдгээрээ онцлогтой. Тухайлбал, евро, герман, английн стандартаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Дээр нь цаг агаарын хатуу ширүүн нөхцөл, ус бороотой үед тохирсон бүтээгдэхүүн нийлүүлэх болсон. Тийм ч учраас манай хэрэглэгч, захиалагчид сэтгэл хангалуун байдаг. Манайх гарааш үйлдвэр, сургууль, эмнэлэг, орон сууцны гээд олон төрлийн хаалга нийлүүлж байгаа. Үүнээс гадна манай компани барилгын зураг төсөл гаргах, Шинэ Зеланд, Солонгос, Польш улсаас барилгын дээврийн материал оруулж ирж нийлүүлдэг, мөн зочид буудлын бизнестэй. Манай компани 50 гаруй ажилтантай.
-Танай компани цаашид хаалганы үйлдвэрийн технологи оруулж ирэх үү?
-Эдгээр хаалгыг зөвхөн Германд л үйлдвэрлэдэг. Бид оруулж ирж угсрах, тохируулах үйлчилгээг нь хариуцдаг юм.
-Манай зах зээлд янз бүрийн төмөр, модон хаалга борлуулагдаж байна. Тэгэхээр танай оруулж ирж байгаа хаалга бусад хаалгатай харьцуулбал чанар, үнэ ханш нь ямар байдаг вэ?
-Бидний борлуулж буй хаалга олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн тул харьцангуй өндөр үнэтэй. Хаалга хийсэн материал нь чанартай, бат бэх юм. Ойролцоо стандартын хятад хаалгыг “Hormann” компанийн хаалгатай харьцуулж үзвэл чанарын ялгаа бий. Тухайлбал, хятад хаалганы металлын зузаан 0.8, “Hormann” компанийх 1.5 мм байдаг. Ийм учраас арай өндөр үнэтэй.
-Танайхаас хаалга худалдаж авахад хэдий хугацааны баталгаа өгдөг юм бол. Хэдэн жил ашигласны дараа үйлчилгээ хийлгэх вэ?
-Зөвхөн үйлдвэрийн зориулалттай хаалганд л үйлчилгээ хийлгэх шаардлагтай. Ийм хаалгыг угсарч өгөөд нэг жилийн баталгаа гаргадаг. Гэхдээ хаалгыг дөч, тавин жил ашиглана. Энэ хугацаанд тухайн худалдан авагчтай гэрээ хийж тохиргоо, тосолгоо зэрэг үйлчилгээг нь хийдэг. Мөн ашиглалтын буруугаас эвдэрсэн тохиолдолд засч сэлбэнэ.