Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засаг ба төсөв: Эрсдэл, эрсдэл, эрсдэл...


-Эдийн засгийн өсөлт энэ жил 6.9 хувь, ирэх онд 6.4 хувь байх гэнэ-

Монгол Улсын 2015 оны төсвийг батлахаар хэлэлцэж байна. Засгийн газар бүтцээ цомхотгож дахин боловсруулж өргөн барьсан төслийн сайн мууг ирэх сарын дунд үе хүртэл шүүн тунгаах юм. Гэвч төсөв хэрхэн батлагдахаас үл хамаарч монголчуудын өмнө тулгамдаж буй хэд хэдэн эрсдэл буй юм.

Эдгээрийн хамгийн эхэнд уул уурхайн экспортолдог түүхий эдийн үнэ ханш дэлхий дахинаа өөрчлөгдөх үзүүлэлт орох бол 2014 оны төсвийн гүйцэтгэл тааруу байгаа нь хойтон жилийн төлөвлөсөн ажил, төсөөллийг “дэгээдэж” ч мэдэх нь. Монголын эрдэс баял­гийн түүхий эдийг худал­дан авдаг гол зах зээл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширна гэж Олон улсын валютын сан төсөөлж буй. Энэ бол бидний хувьд эрсдэл. Ирэх жил байтугай 2014 оны гүйцэтгэлд 0.3 пунктээр сөрөг нөлөөтэй гэнэ.
Яагаад өмнөд хөрш манай орны уул уурхайн экспортод нөлөөлөх вэ.

Зэс, нүүрсний үнэ сэтгэл түгшээнэ

Бидэнд нүүрс бий, алт байна, зэс байгаа. Гэтэл хятадууд агаарын бохирдлоо бууруулна гээд нүүрсний хэрэглээгээ танах, жижиг уурхайнуудаа хааж, шинээр нээхийг чандалдаг боллоо. 2017 он гэхэд нүүрснээс гаргах эрчим хүчний хэмжээг 65 хувьд тогтоож, бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэр ашиглах зорилт тавчихаад буй. Тус улс арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд нүүрсний нийт эрэлтийг 4-4.2 тэрбум тонноор хязгаарлах шийдвэр гаргажээ. Үүнээс гадна гангийн үйлдвэрлэлийн хэмжээ нь сүүлийн таван жилийн хувьд хамгийн доод хэмжээнд хүрсэн. Энэ төлөв ирэх жил ч үргэлжлэх бололтой.

Тэр бүү хэл коксжих нүүрсний зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 97 сая тонн хүрч магадгүй бөгөөд гол хохирол нь нүүрсний үнэ улам буурах явдал. Өнөөдрийн байдлаар нүүрс экспортлогч томоохон орнууд нүүрс нийлүүлэлтээ нэмж, эрэлт нь багассан тул тонн нүүрсний ханш бууж хоёр дугаар улирлын эцэст 120  ам.доллар хүрчээ. Эдгээр арга хэмжээ нь БНХАУ-ын нүүрсний эрэлтийн өсөлтийг бууруулж, улмаар ирэх жилүүдэд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийг бууруулж болзошгүй юм. Буурах эсэхийг тодорхой хэлж чадахгүй ч коксжих нүүрсний үнэ тогтмол байхыг судлаачид онцолжээ.

Алтны олборлолт буураагүй ч бүртгэл, данснаас нуугдчихаад байсан асуудлыг хуулиар зохицуулсан. Үүний үрээр Монголбанкинд алт тушаах нь нэмэгдсэнийг бид мэдээлж байсан билээ. Гэвч дэлхийн зах зээлд хөрөнгө оруулалтын зорилгоор алт худалдан авах нь буурч байгаа гэнэ. Бидэнд тийм ч таатай мэдээ биш боловч ирэх онд алтны үнэ харьцангуй тогтмол байх бололтой. Австралийн Эрчим хүч, нөөцийн эдийн засгийн хорооноос алтны үйлдвэрлэлийн хэмжээг 2014 онд 3058 тонн, 2015 онд 3102 тонн гээд хэрэглээг 2732 ба 2789 тонн хэмээн төсөөлжээ. Үүнээс үзэхэд алтны үнэ 2014-2015 онд харьцангуй тогтвортой байх найдлага төрж буй юм.

Харин зэсийн үнэ ирэх жил сэтгэл түгшээж магадгүй. Олон улсын судалгааны байгууллагууд ирэх онд зэсийн үйлдвэрлэл нь хэрэглээнээс илүү гарах дүр зураг боловсруулжээ. Зэс судлалын олон улсын хүрээлэнгээс хойтон жил 23.5 сая тонн зэс үйлдвэрлэж, 22 сая тонн зэс хэрэглэнэ гэж тооцоолсон бол Австралийн ЭХНЭЗ-ийн хорооныхон 22.9 сая тонныг үйлдвэрлэж 22.6 сая тонныг хэрэглэнэ гэж байна. Зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь зэсийн үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. “Оюу Толгой” ХХК-ийг нийт 819.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор 2015 оны төсвийн төсөлд тооцсон. Хэрэв энэ төлөвлөгөө биелэхгүй тохиолдолд зэсээс хамаарсан орлогыг эрсдэлд оруулж болзошгүй.

Эдийн засгийн өсөлт, импортоо яах вэ

Ирэх оны төсвийн орлогын 81 хувийг татварын орлого эзэлнэ. Үүний 32.7 хувийг орлогын татвар ба нийгмийн даатгалын шимтгэл, 34.9 хувийг хэрэглээний татвар бүрдүүлж байгаа бол үлдсэн 14.6 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаарсан орлого юм. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд тулгуурлаж  учирч болзошгүй эрсдэлийг таамаглаж болно. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх жил 6.4 хувь болж 2010 оны түвшин рүү буурч болзошгүй аж. Ийнхүү тааруу өсөлт рүү чиглүүлж буй гол буруу нь 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 6.9 хувь хүрэхээр байгаа явдал. Энэ жил төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл төлөвлөснөөс буурсан тул 2015 оны орлогын төлөвлөлтийн суурийг бууруулж буй гэнэ. Судлаачид ирэх жил макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд төсвийн орлогод хэрхэн нөлөөлөхийг хүснэгтэд үзүүлснээр тодорхойлжээ.

Судалгаанаас харахад манай улсын импортын бүтцэд бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжийн эзлэх хувь багассан бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эзлэх хувь төгрөгийн ханш суларснаас үл хамаарч хуучин хэмжээндээ байна. Энэ бол монголчууд өөрсдөө хийж, бүтээж, үйлдвэрлэж, сүндэрлүүлэх ажил төдийлөн амжилттай хэрэгжихгүй байгаа тул хүнс, хувцас, гэр ахуйн хэрэгсэл, цахилгаан бараа зэргийг худалдаж авахаа зогсоохгүй байна гэсэн үг. Улсын төсвийн нийт орлогын 30 орчим хувь нь импортын хэмжээнээс шууд хамааралтай байдаг аж. Гадаадын томоохон хөрөнгө оруулалт саарсан нь шинэ бүтээн байгуулалтын ажил царцахад хүргэснийг олон хүн онцолж буй. Хэрэв ийм байдал цаашид үргэлжлэн буурсаар байвал импортоос хамааралтай орлогын татварын гүйцэтгэлд эрсдэл учирч болзошгүй. Түүнчлэн валютын ханшийн өсөлт  нь төсвийн орлого бүрдүүлэлтэд хүчтэй нөлөөлж буйг анхаарах хэрэгтэй.

Бас нэг “шар гэрэл” Засгийн газрын баталгаа

Дээрх хүснэгтэд дурдсан үзүүлэлтүүдийн аль нэг нь буюу хэд хэд нь зэрэг тохиолдвол яах вэ. Хэрэв сөрөг нөлөөтэй гарвал анх төлөвлөсөн орлого хэмжээндээ хүрэхгүй болж төсвөө тодотгон, зарлагаа бууруулах арга хэмжээ авдаг. Жилийн дундуур зарлагыг хязгаарлах нь тухайн салбарт дутуу ажил үлдэх эрсдэл дагуулдаг. Түүнчлэн хэрэглээний үнийн өсөлт, гадаад валютын төгрөгтэй харьцах ханшийн өсөлт нь төсвийн зарлагад эрсдэл үүсгэдэг. Мөн эдийн засагчдын хэлж байгаагаар төсвөө баталчихсан хойно УИХ, Засгийн газар, Хөгжлийн банк болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан цаг үеийн шийдвэр нь тухайн жилийнхээ батлагдсан төсөвт эрсдэл учруулах нь бий. Жишээ нь, Засгийн газрын баталгаа. Үүнтэй холбоотойгоор учирч болзошгүй эрсдэл 2014 оны байдлаар байдлаар гурван төрөл байна. Нэгдүгээрт, 1.164 тэрбум ам.долларын баталгаа. Үүнд, Хөгжлийн банкинд “Евро” бонд гаргахад зориулж 600 сая ам.доллар, хямд эх үүсвэр бүрдүүлэхийн тулд “Кредит Свисс” банкны 300 сая ам.доллар, “МИАТ” ХХК-д “Чингис хаан Боинг 767” онгоц худалдан авахаар 122 сая ам.доллар, зам, орон сууц барихад зориулж БНХАУ-ын Хөгжлийн банкинд 162 сая ам.долларын баталгаа гаргасан. Хоёрт, “Багануур” хувьцаат компанийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулж Хөгжлийн банкнаас авах зээлд 16.4 тэрбум төгрөгийн баталгаа гаргаад буй. Гуравдугаарх нь, “Самурай” бондод зориулсан 30 тэрбум иенийн баталгаа юм. Эдгээр нь, одоогоор төсвийн болзошгүй өр төлбөрт бүртгэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан