Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨНӨР БҮЛ

Аз жаргал гэж юу вэ. Хэнээс асууж байгаагаас хамаарч  ямар ч хариулт сонсч болно. Урьд миний ухаж ойлгодоггүй бай­сан аз жаргал угтаа их эн­гийн зүйл болохыг өчигдөр ойл­голоо. Аз жаргал гэж 100 айлын гэр хороололд 6х4 хэм­жээ­тэй жижигхэн байшинд, ам бүл арвуул аж төрөн суухыг хэлдэг аж. Ийм нэгэн өнөр бүлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар гурван өрөө байр бэлэглэлээ. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 375 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөрийн гэр бүлд 81 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий  байр бэлэглэсэн нь энэ.

Спортын төв ордон болон Улсын драмын эрдмийн театрт сантехникчээр давхар ажилладаг Д.Энхтөр гэргий Ц.Ундралтайгаа 2002 онд танилцаж өрх тусгаарлажээ. Заяа холбосон залуу хос дараа жил нь ихэр охинтой болсон аж. Одоогоос 11 жилийн өмнө анхны ихрээ өлгийдсөн гэр бүлийн хоёр өдгөө дөрвөн ихэр буюу найман хүүхдийн эцэг эх болоод байна. Төрөх болгондоо ихэрлэж дөрвөн удаа амаржихдаа найман ихэр хүүхэдтэй болсон залуусыг төр, түмэн мялааж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны “Чухаг” хотхонд гурван өрөө байр өгсөн юм.
Байрны эрхийн бичиг гардуулах үеэр хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Дөрвөн удаа амаржихдаа найман хүүхэдтэй болох нь нэн ховор үйл явдал. Ийм гайхалтай, ховор тохиолдлын гэрч болсон бид азтай хүмүүс шүү. Энэ өнөр өтгөн гэр бүлд Монгол Улсын хүн амын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархах нь зүйтэй” хэмээн онцолсон юм.

Ц.УНДРАЛ: Хүмүүс дөрөв төрөөд найман хүүхэдтэй болсон гэхээр толгой нь эргэж орхидог

Байрны түлхүүрээ гардсаны дараа ЭХЭМҮТ-д сувилагчаар ажилладаг эхнэр Ц.Ундралтай цөөн хором яриа дэлгэсэн юм.

-Юуны өмнө байраар мялаалгасанд баяр хүргэе. Шинэ байранд орох гээд догдолж байгаа байх?

-Тэгэлгүй яахав, хөл газар хүрэхгүй л гүйж байна.

-Сонирхолтой санагдаад байна л даа. Ийм явдал зэрлэг байгальд ч тохиодоггүй гэж хотын дарга хэлж байна?

-Харин тиймээ, хүмүүс дөрөв төрөөд найман хүүхэдтэй болсон гэхээр толгой нь эргэж орхидог юм. Анх хоёр охин маань төрсний дараа ихэр байсанд нь баярлаж байлаа. Дараагийн ихэр гарахад харин үнэхээр гайхсан. Тэгээд нөхөр бид хоёр өөрсдийн хамаатан саднуудад ихрийн удам байдаг үгүйг судалтал хоёулаа байж таарсан. Байх байхдаа бүүр цөөнгүй ихэрлэж байсан тохиолдол бий.

-100 айлд амьдардаг гэсэн байх аа?


-Бид хоёр айл болж өрх тусгаарлаад аав ээжийнхээ хашаанд 6х4 хэмжээтэй жижигхэн шавар байшин босгосон юм. 100 айлын Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс холгүй, гэр хорооллын захад байдаг юм л даа. Одоо тэр байшиндаа л амьдарч байна. Эхний ихрээ гарахад хүн л болсон хойно байшин саваа томруулна гэж бодож байсан ч хоёр дахь удаа төрөхөд мөн л ихэр байж таарсан. Юу юугүй дөрвөн хүүхэдтэй болсон болохоор нөгөө байшин саваа томсгоно гэдэг амаргүй ажил болсон доо. Дараа нь дахиад л ихэрлэсэн. Зургаан хүүхдийн эцэг эх болсон хүмүүст орон байрны асуудал улам бүр хүнд болж эхэлэн.

-Хамгийн бага ихрүүд төрөөд удаагүй гэсэн. Эх хүүхдүүд бүгд сайн биз дээ?

-Бага хоёр маань одоо дөрвөн сартай. Миний бие гайгүй ээ. Би ер нь зовлон багатай төрчихдөг юм. Эмнэлэгт ажилладаг болохоор ч тэр үү хүндрэл багатай төрчихдөг.

-Нөхөр тань давхар ажил хийдэг гэсэн?

-Тиймээ, манай хүн Спортын төв ордон, УДЭТ-т сантехникчээр давхар ажилладаг юм. 20 гаруй жил ажиллаж байгаа байх шүү. Харин би улсад 21 жил ажиллаж байна.

-Найман хүүхэд тэр тусмаа дөрвөн ихрийг хайрлан халамжилж, хүний зэрэгт хүргэнэ гэдэг хүнд ажил шүү?

-Эхний ихрээ гаргачихаад учраа олохгүй жаахан хүнд байсан. Гэхдээ дараа дараагийнх нь гарт орчихдог юм билээ.

0 Сэтгэгдэл
Onor bulde ene delhiin xamgiin sain saixan bugdiig husie!xamgiin gol ni eruul enh baigaarai.
Onor bulde ene delhiin xamgiin sain saixan bugdiig husie!xamgiin gol ni eruul enh baigaarai.
Хамгийн их уншсан