Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАМРЫН УЯНГАТАЙ АЛТАЙ ХОТООР

Модод нь навчсаараа цацал өргөн шувуудаа алс замд үдэх намар цаг цаанаа л нэг уянгатай. Хавартаа элсээр шуурч, өвөл зундаа хэтэрхий халуун бас хэтэрхий жиндүү байдаг нутгийн намар цаг хүүхдээ аргадах гэсэн аав хүн шиг налгар аж.
Тиймдээ ч аавынхаа энгэрт эрхлэх шиг найр хурим энэ л улиралд өрнөх. Нутгийн хөгшид залуу насаа аньсгандаа нуун гэгэлзэж, “Эр бор харцага”-аар шинэхэн хосын гэрийн жаврыг үргээх, нярай цагаа үдэн сэвлэгээ үргээх бяцхан үрсийн гэгээн хийморьтой энэ л цагаар Говь-Алтай аймагт ажиллалаа.

1000 км алс аймагт тэр бүр ажиллаад байх боломж цөөн учраас аль болох аяны богцоо дүүргээд буцах гэсэн сэтгэлээ тээсээр “Aero Mongolia”-гийн мөнгөн цагаан хөлгөөр нэг цаг 40-хөн минут нисээд л зорьсон газраа хүрлээ. Газраар явсан бол бүтэн 24 цагийг туулах байснаа бодон хожсон цаг хугацаа, эрч энергиэрээ Алтай нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн мэдээг нийслэлийнхэнд сонирхуулахыг зорив.
Явахдаа нислэгийн авиа компанийн зуны хуваариар хүрэх газраа хүрсэн ч ирэх үед өвлийн хуваарьт шилжчихсэн байна гэдгийг билетийн кассны ажилтан анхааруулж байсан нь өвөл ганцхан алхмын дараа хаалга тогшихыг сануулах аж. Тийм ч учраас Алтайд цаг агаар ямар байгаа бол гэж бодсоор л явлаа. Уулын оройд цас унажээ. Яах аргагүй л сануулга. Хаалганы цаана ирсэн өвлийн улирлыг алтайчуудад байгаль ээж нь аль эрт сануулжээ. Өглөөний жавар тачигнан суурин газрын мань мэтийг Алтай нутаг сэрүүн салхиараа угтан авав.

Говь-Алтай аймаг нисэх онгоцны шинэ буудалтай болжээ. Хуучин буудлыг бодвол эмх цэгцтэй, цэвэрхэн, өнгөлөг. Биднийг тосох хүн яг л цагтаа. Буух буудалдаа ачаа бараагаа тавиад л гарав. Ажлын сүүлийн өдөр учраас уулзах хүмүүстэйгээ эртхэн уулзахыг зорьсон нь тэр. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар эзгүй. Тэрээр Ховд аймагт зохион байгуулагдсан Баруун бүсийн хөгжлийн бодлогыг хэлэлцэх чуулганд явсан аж. Ингээд биднийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Золжаргал хүлээн авч уулзлаа.
Хэдийгээр орон нутгийн сонгуулиар МАН ялалт байгуулж, эрхийг авсан ч сонгогдсон Засаг дарга хууль бусаар хувьдаа ашиг олсон нь шүүхээр тогтоогдсон. Тиймээс энэ оны нэгдүгээр сард Говь-Алтай аймагт орон нутгийн дахин сонгууль болж, АН ялалт байгуулж, аймгийн Засаг даргаар Ардчилсан намын дарга О.Амгаланбаатар, ИТХ-ын даргаар А.Дэлгэржаргал нар сонгогдсон. Нэг талаар тус аймагт анх удаа эрх баригч болсон намынхан найман сарын дотор юу хийснийг тандах, нөгөө талаар аймгийн бүтээн байгуулалт хөгжих цэцэглэлт хэр явааг харахаар очсон учраас Тамгын газрын дарга П.Золжаргалаар газарчлуулан аймгийн төв болох Алтай хотыг бүтэн тойрлоо.

ТООСОН ДУНДАХ АЛТАЙ ХОТ БАЯРТАЙ


Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга П.Золжаргал

Арав гаруй жилийн өмнөх Алтай хотыг мэдэх хэдий ч тэр үеийнхтэй одоог харьцуулах нь өрөөсгөл боловч Алтай хот өнгө засчээ. Гэхдээ миний мэдэх дүр зураг үе үе харагдана. Гэр хорооллын айлууд усны саваа гаднаа тавьж, усны машиныг хүлээдэг нь хэвээр аж. Гэхдээ аймгийн удирдлага солигдсон учраас усны асуудал дээр анхаарч, олон ажил эхлүүлсэн гэдгийг П.Золжаргал дарга дуулгалаа.
Аймгийн төв замын хашлагыг  засч, солиод цагаан, шараар өнгө алаглуулан будсан нь хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Учрыг асуувал архины тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдийг уриалж хийлгэсэн ажил гэнэ. Өнгө үзэмж талаасаа ч, замын хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа ч бага ажил гэж санагдсангүй.
Говь-Алтай аймаг түүхэндээ аймгийн төвдөө 15 км л хатуу хучилттай зам л тавьж байж. Тийм ч учраас гэр хороолол голдуу хотын хөдөлгөөн бүр нь тоос шороо босгодог байсан нь багасчээ. Учир нь, найман сарын хугацаанд дээрх замыг орон нутгийн сангийн хөрөнгө болон Есөнбулаг сумын орон нутгийн хөгжлийн сан, концессын гэрээгээр найман км-ээр уртасгажээ. Ингэхдээ явган хүний зам төдийгүй дугуйн зам, гэрэлтүүлгийг цуг шийдсэн нь аймгийн оршин суугчдын сэтгэлд нийцэж байгааг ч хэд хэдэн хүнтэй уулзахад хэлж байв. Ая тухтай амьдрах орчин Алтай хотынхонд л ач тусаа өгөх учраас тэдний сэтгэл санаанд нийцүүлэх нь хамгаас чухал байх нь дамжиггүй.

Гэр хорооллын Жаргалантын хороо Алтай хотын төвөөс зайдуу. Тэнд сургууль, цэцэрлэг байхгүй учраас өглөө оройдоо хүүхдүүд, иргэд аймгийн төв орохын тулд харанхуй хадтай замаар явдаг байсан бол одоо гэр хороолол дундуур тавигдаж байгаа замаар зорчдог болж. Энэ бас л иргэдийн амьдрах орчны төлөө хийсэн том ажил. Өмнө Говь-Алтай аймгийн төвд 1000 м.кв авто зогсоол байсан бол энэ жил зургаа дахин нэмэгджээ.

ӨНГӨ ЗАССАН ОРОН СУУЦНУУД

Гурван давхар орон сууцны барилгуудаас өөр “орчин үеийн” гээд хэлчихмээр барилга байшин харагддаггүй Алтайд өнгө өнгийн барилга олноор сүндэрлэжээ. Газар хөдлөлтийн онцгой бүс учраас өндөр, бэхэлгээ муутай барилга барих нь эрсдэлтэй. Гэсэн хэдий ч таван давхар барилга олноор баригдсаны дотор “Алтай” чуулгын шинэ барилга орчин үеийн өнгө загварыг илтгэн дүнхийх аж. Мөн өмч хувьчлалаас хойш гар хүрээгүй хоёр давхраас дээш арав гаруй орон сууцанд орон нутгийн сангаас 280 гаруй сая төгрөг төсөвлөж, гадна өнгийг сэргээжээ. Алтай хотын төвийн өнгө төрхийг бүрдүүлэх нэг хэсэг нь хуучны орон сууцнууд. Хэдийгээр хуучирч муудсан ч тэд аймгийн төвийн нэг л хэсэг. Тийм ч учраас аймгийн өнгө төрхийг өөд татахдаа хуучирч муудсан орон сууцнуудын гадуур хашаа хийж, гадна талбайг нь цементлээд, тоглоомын талбай, авто зогсоол, гэрэлтүүлэг зэргийг байгуулж, хотхон болгожээ. Энэ нь ч иргэдэд амьдрах орчиндоо санаа тавих сэдлийг бий болгосон гэдгийг П.Золжаргал дарга ярьж байсан юм. Орон сууцныхаа гадна модоор янз бүрийн амбаар барьсан, шороон дээр хүүхдүүд тоглосон, нурж унах шахсан байшингийн дүр төрх аль хэдийнэ үгүй болсон нь сэтгэлд өег байв.

МОД ТАРИХ ТУХАЙ ДУРСДАГ Ч ҮГҮЙ БАЙСАН, ОДОО БОЛ.....

Говь-Алтай аймагт байгалийн бүхий л бүс бий. Гэхдээ Алтай хотыг босгосон Хантайшир хайрханы ар бэл бол хадархаг, хатуу хөрстэй, ус муутай тийм л газар. Тийм ч учраас хэзээний л аль ч улиралдаа шороогоор шуурдаг Алтай хотод хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Өмнө нь бол хатуу хөрстэй, ус муутайгаас мод тарих тухай хэн ч бодож байгаагүй биз гээд  хэлчихэд буруудахгүй. Гэтэл залуухан ч гэсэн олон модтой цэцэрлэгт хүрээлэн хоёр, гурав байгуулагдаж, байгууллага бүр ногоон байгууламжтой болохоор эрмэлзэж байгаа нь нь элсэн цөлийг ч ногоон ой болгож чаддаг урд хөршийн эрчимтэй хөгжлийг санагдуулна. Аливаа зүйл багаасаа эхэлдэг. Эхлэл нь тавигдсан л бол цааш хөгжих нь цаг хугацааны асуудал учраас Алтай хот тун удахгүй эко хот болно гэдэгт итгэх л үлдэж.

1000 АЙЛЫН ОРОН СУУЦ

Говь-Алтай аймгийн­хан банкин дахь хадга­ламжийнхаа хэмжээгээр аймгуудыг тэргүүлдэг.
Банкинд хийсэн мөн­гө чанаргүй хөрөнгөд тооцогддог учраас нутаг орны зүгээс тэр их хөрөнгийг эргэлтэд оруулахаар олон ажил санаачилж байгаа аж. Үүний нэг нь 1000 айлын орон сууц хөтөлбөр.

Орон нутгийн хөгжлийн сангаас 2.4 тэрбум  төгрөг гаргаж, дэд бүтцийг нь шийдээд энэ намартай уралдан дуусах нь. Ирэх жил тендер зарлаад барилгаа бариулж эхлэх гэнэ. Орон нутгийн зүгээс орон сууцжуулах ажилд оролцож байгаа нь иргэдэд хямд байранд орох нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Бүтээн байгуулалтыг дагаад иргэдийн амьжиргаа дээшлэх учиртай гэж П.Золжаргал дарга олзуурхан ярьж байлаа. Барилга барихад хэрэгцээт үйлдвэрлэлүүдийг байгуулснаар ажлын байр нэмэгдэх нь гарцаагүй биз ээ.

 НҮД ИРМЭХИЙН ЗУУРТ НҮҮР УЛАЙХААРГҮЙ ХОТ

Баруун бүсийн аймгуудаас хөгжлөөрөө хамгийн сүүлд бичигддэг байсан Алтай хотыг Ховд, Увсынхан ёжилж, “Гэрэл ч үгүй сумын төвөөр дайраад гарлаа гэтэл Алтай хот байжээ” хэмээх яриатай нутгийн иргэд ч эвлэрсэн. Гэтэл наймхан сарын дотор Алтай хотын ямар ч хүн энэ яриаг үгүйсгээд хэлэх үгтэй, үзүүлээд явах бүтээн байгуулалттай болж чаджээ. Хүн сэтгэл гаргавал хийж чаддаг гэдгийг хурдацтай хөгжлөөс харж болохоор.
Говь-Алтай аймагт орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө мөнгө өгдөггүй байсан хэрэг биш. Жил бүрийн төсөв хаашаа урссан нь тодорхойгүй, нөгөө л янзаараа ёжлуулж суусаар дассан иргэд ч үүнийг шалгаадаггүй байсан бол одоо цаг өөр болж.
Нутагтаа арав гаруй жил очоогүй учраас яажшуухан угтах бол доо хэмээн зовиносон сэтгэлийг бүтээн байгуулалт, орон нутгийн маань эрхийг гартаа авсан хүмүүсийн хичээл зүтгэл амраасан юм. Энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөж, хөдөлгөөнд орсон нь сэтгэлд өег. Нутагтаа ирэв үү гэх шиг налайх намрын сүүлийнх ч байж мэдэх өдрүүдэд үзсэн харсан зүйл, дуулсан сонссон сураг чимээ үүгээр дуусахгүй ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан