Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ, 71 СМ ЗУЗААН ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Нийслэлийн авто замын газрын захиалгын дагуу “Бээжин констракшн инженеринг” групп Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 метр урт гүүрийг бүрэн шинэчилж өчигдөр нээлээ. Өөрөөр хэлбэл Сансарын тунелиэс Монгол Улсын их сургууль хүртэлх зам, Сэлбийн гүүрийг шинэчилж ашиглалтад өгч буй юм. Энэ замын анхны төсөвт өртөг нь 59.9 сая юань байв. Уг замыг өргөтгөн шинэчилснээр нэг талдаа гурван эгнээ зургаан урсгалтай боллоо. Зузаан нь 71 см болсон нь манай улсад хамгийн зузаан тавьсан зам болж буй юм. Ийм ч учраас уг ажлыг гүйцэтгэгчид 100 жилийн баталгаа өгч байна. Мөн борооны ус зайлуулах систем, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэргийг иж бүрнээр нь хийнэ. Одоогоор явган хүний зам, ногоон байгууламжийг нь хийж дуусаагүй байна. Хүлээлгэж өгөх хугацаа нь арваннэгдүгээр сарын 31. Гэвч Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтаж авто замын хөдөлгөөнийг нээлээ.
Үүнээс гадна газар доорх инженерийн шугам сүлжээг гурван хэсэгт замын өргөний дагуу тунелийн системтэй хийжээ. Ингэснээр цэвэр бохир усны хоолой, цахилгаан, холбооны шугам солихдоо замыг сэтэлж эвдэхгүйгээр засвар үйлчилгээ хийх юм. Энэ ажлыг манай улсын “Дүүрэн трейд” компани гүйцэтгэжээ. Тус компанийн захирал С.Ренчинханд “Энэ замын ажлыг тавдугаар сараас эхэлсэн.

Манайхан авто зам барихдаа хонгилын систем, ус зайлуулах шугам тэр бүр хийдэггүй. Ийм систем, байгууламжтай авто зам барих нь хот төлөвлөлтийн шилдэг технологи. Цаашид ийм зам олныг барих ёстой гэж бодож байна. Тэгвэл нэгнийхээ хийсэн ажлыг нөгөөх нь эвдэхгүй. Авто замаа ч чанартай эдэлгээтэй болгоно гэсэн үг” гэлээ.  Урьд нь энэ замыг 1961 онд барьсан бөгөөд их засвар хийгээгүй байв. Тэгэхдээ хоёр усгалтай дөрвөн эгнээ зам, гүүр байсан билээ. Бээжингийн гудамжны зам, тохижилтын нээлтийн үеэр хотын мэр С.Бат-Үүл “БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд Улаанбаатар хотын иргэдийн өмнөөс болон өөрийн зүгээс талархалаа илэрхийлье. Цаашид хоёр орны эрх тэгш хамтын ажиллагаа улам өргөжиж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хүсэлтийг хүлээн авч Улаанбаатар хотын 375 жилийн ойн өмнө амжуулж ажлаа шуурхай, чанартай гүйцэтгэсэн “Бээжин констракшн инженеринг” групп, “Дүүрэн трейд”  компанийн хамт олонд талархаж байна” гэв. Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чин Дун “БНХАУ нь Монгол Улсад их хэмжээний зээл чадах хэрээр олгосон. Зам тээвэр болон барилгын салбарт томоохон санхүүжилт хийлээ. Энэ нь эдийн засаг болоод иргэдийн амьжиргаанд тус дэм болж байгаа гэж үзэж буй юм. Цаашдаа эв найрамдалтай хамтран ажиллана гэж найдаж байна” гэв.
 Дашрамд дурдахад Улаанбаатар хотын хатуу хучилттай нийт авто зам 629.9 км гэдэг. Үүний 132.3 км гол, 216.6 км нь туслах зам байна. Үлдсэн нь орон сууцны хороолол дундах зам гэдэг. Үүнээс гадна нийслэлд 3500 гаруй метр урт гүүрэн байгууламж байгаа. Нийслэлийн авто замын газраас гаргасан судалгаагаар нийт авто замын 34 хувь нь 20-25 жил ашиглаж хуучирсан ажээ. Өнгөрсөн онд Улаанбаатарт 29.1 км авто зам шинээр барьж 77.4 км замыг засч өргөтгөсөн. Тэгвэл энэ онд 51 км зам шинээр барьж 67.3 км зам засч өргөтгөсөн мэдээлэл бий.

    Д.Нанзаддорж: Шинэ замууд ашиглалтад орсноор ачаалал хэдэн хувиар буурахыг  тооцож байна

Бээжингийн гудамжны бүтээн байгуулалтын нээлтийн үеэр Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодруулга авснаа хүргэе.

-Энэ замыг нэлээд зузаан тавьсаныг иргэд харлаа. Гүйцэтгэгч компаниуд хэдэн жил ашиглах баталгаа өгч байна вэ?

-Энэ зам хотын түгжрэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, Энхтайвны өргөн чөлөөний ачааллыг бууруулах гол зам нь Бага тойруу буюу Бээжингийн зам.  Нийт 70 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Ийм хэмжээний хөрөнгөөр бид   зам тавилаа гэхэд үүнээс арав дахин уртыг  барина. Энэ замыг барьсан компани гадна талаас нь механикаар эвдэхгүй бол 100 жилийн баталгаатай гэсэн. Ер нь Монгол Улсын стандарт, дэлхийн жишигтэй харьцуулбал 71 см зузаан нь маш бат бэх гэсэн үг юм.

-Тэгэхээр замын ачааллыг хэдэн хувиар бууруулах судалгаа тооцоо байгаа вэ?

-Урьд нь энэ зам нэг талдаа хоёр урсгалтай дөрвөн эгнээ байсан. Сэлбэ голын гүүр нь хоёр урсгалтай нарийхан байлаа. Мөн ашиглалтын хугацаа нь дууссан байсан. Энэ замыг өргөтгөж гүүрийг шинэчилж барьсан явдал нь маш том бүтээн байгуулалт боллоо. Одоогоор шинэ замууд ашиглалтад орсноор нийслэлийн замын ачаалал хэдэн хувиар буурах  тооцоо судалгаа хийж байна. Өөрөөр хэлбэл Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй шинэ замуудад  тээврийн хэрэгсэлийг гэрлээр  хэрхэн зохицуулж явуулах тооцоо хийж байна. Энэ сард багтаж Дүнжингаравын замыг нээнэ. Төмөр замын гармын хаалт хийж буй тул нээлт нь  хойшлоод байгаа. Бээжингийн гудамж, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Дүнжингарав гэсэн параллель таван зам ашиглалтад орж байгаа учир аль замаар ачааны, суудлын авто машин, автобус явуулах вэ гэсэн зохион байгуулалт хийх шаардлага гарч байгаа. Ийм зохицуулалт хийснээр нийслэлийн авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна.

-Авто замын хажуугийн тохижилтын ажил хэзээ дуусах вэ?


-Хүлээлгэж өгөх гэрээний хугацаа дуусаагүй. Нэг сар дөрөв хоногийн өмнө хөдөлгөөнийг нээж чадлаа. Ногоон байгууламжийн тохижилт энэ онд хийж чадахгүй. Өвөл болж буй учраас ирэх тав, зургадугаар сард хийхээр болсон. Одоо цэвэрлэгээ хийх, үлдсэн ажлаа амжуулах юм.

0 Сэтгэгдэл
Ireh zun dulaanii shugam solino geed uhna biz
manai umch yy, eswel hyaatadiin elchin saidiin yamnii hurungu yy
Хамгийн их уншсан