Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэрэмжит галт тэрэг хөдөлж, вагон үзэгчид ур чадвараараа өрсөлдлөө


“УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэг төрийн дээд шагнал болох Сүхбаатарын одонг бүх нэгжээрээ аялуулаад байна. Замын-Үүд зангилаанаас түүчээлэн хөдөлсөн одонт туг хойд хил хүртэл аялж өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарын Толгойт зангилаад саатжээ. Одонт тугаа хүндэтгэн төмөр замын харьяа аж  ахуйн нэгж бүр бүтээлч ажил өрнүүлж, түүнийгээ дүгнэн шаггүй амжилтаар мялаасан юм. Үүнийх нь зах зухаас ч бид өмнөх дугаарууддаа хүргэсэн. 1970 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан “УБТЗ” нийгэмлэг 34 жилийн дараа төрийн дээд одон хүртсэн нь энэ.  Одонт туг Толгойт зангилаа дахь аж ахуйн нэгжээр аялаад арваннэгдүгээр сарын 7 буюу Монгол улсад анхны галт тэрэг ирсэн өдөр “УБТЗ”-д ирж хүндэтгэлийн байрандаа залрах юм байна. Төрийн дээд шагналаа хүндэтгэн төмөр замчид “Туг дагаж бүтээл өрнөнө” хэмээх уриан дор өрсөлдөж, их ч зүйл бүтээжээ.

Өнгөрсөн баасан гаригт Одонт туг Толгойт зангилаа дахь Техник үйлчилгээний газарт залраад байхад нь очиж сурвалжиллаа. Тус хамт олон замынхаа хэмжээнд сургалтын тренажор /төхөөрөмж/ бүтээх уралдаан зарлаж, түүнийгээ дүгнэх, вагон үзэгч нарын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулах, хүнд даацын урт бүрэлдэхүүнтэй нэрэмжит галт тэрэг аялуулах гээд тун ч завгүй байсан юм.

Энэ үеэр “УБТЗ” ХНН-ийн Вагон ашиглалтын депогийн дарга Б.Наранбаттай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө та байгуул­лагынхаа талаар танилцуулаач. Төмөр замын харьяа бай­гуул­лагууд өөр өөрийн гэсэн онцлог чиг үүрэгтэй байдаг юм билээ?
-Манай вагон ашиглалтын депо нь УБТЗ-даа харьцангуй шинэ залуу байгууллага. Таван жилийн өмнө Замын даргын тушаалаар шинээр байгуулагдсан. Нийтдээ 15 аж ахуйн нэгжтэй.  Өөрөөр хэлбэл, урд хилийн Замын-Үүдээс хойд хил болох Сүхбаатар хүртэлх төмөр замын техник үйлчилгээний газрууд манай харьяанд байдаг гэсэн үг. Нийтдээ 570 орчим ажилтантай хамгийн урт баталгаат мөртэй хөдөлгөөнт байгууллага. Үндсэндээ галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Өнөөдөр манай харьяа “Толгойт” техник үйлчилгээний газар одонт туг маань хүрч ирээд байна.

-Өмнөө таних тэмдэг, самбар бүхий гат тэрэг замд гарах гэж байна. Одонт тугаа хүндэтгэн зохион байгуулж буй ажлын нэг нь энэ үү?
-Одонт тугаа угтаж вагон ашиглалтын депогийн Техник үйлчилгээний газар бүр төлөвлөгөө гаргаад их зүйл хийсэн. Тухайлбал, техник үйлчилгээний газар бүр өөрийн нэрэмжит галт тэргийг аялуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүнд даацын урт бүрэлдэхүүнтэй галт тэрэгний бүх техник үйлчилгээг нь хийгээд аялуулж байна. Бүх үйлчилгээг замд гарахаас нь өмнө хийсэн болохоор зам зуур ямар нэг засвар шаардагдахгүй. Мөн вагон ашиглалтын депогийн хүрээнд зохион байгуулсан нэг том арга хэмжээ нь Техник үйлчилгээний газруудынхаа дунд сургалтын тренажор бүтээх уралдаан зарлаж, ажилчид маань маш идэвхитэй оролцлоо. Энэ төхөөрөмж нь вагон үзэгчдийн ажлын дадлагыг сайжруулахад чухал үүрэгтэй. Мэдлэг сорьсон “АХА” тэмцээнийг төмөр замын түүхийн сэдвээр зохион байгууллаа. Газар бүрт ажлын байрны нөхцөлийг сайжруулах, орчноо тохижуулах гэхчлэн олон ажил хийсэн.

-Тухайлбал?
-Мэдээж бүх техник үйлчилгээний газрынхаа хийсэн ажлыг нэг бүрчлэн яривал цаг их орно. Тухайлбал “Дархан” гэхэд өөрийн хашааг өргөтгөн шинэчилсэн байна. Өрөө тасалгаагаа засч, будаад ажлын байрныхаа нөхцөлийг сайжруулсан. Сургалтын тренажор хийсэн гэхчлэн дурдаж болно.

-Зөвхөн одонт тугаа угтаад гэлтгүй энэ онд хийсэн томоохон ажлаас тань сонирхож болох уу?
-Техник үйлчилгээний газруудын технологиудаа энэ жил шинэчиллээ. 15 аж ахуйн нэгжийнхээ ажлыг уялдуулсан нэгдсэн технологи боловсруулж гаргасан. Ирэх жил галт тэрэгний хөдөлгөөн техникийн байдлыг найдвартай хангах зорилгоор тормоз турших төхөөрөмжийг техник үйлчилгээний газрууддаа авч суурилуулах зорилготой байгаа. Мөн техник тоноглолыг сайжруулах төлөвлөгөөгөө ойрын үед хэрэгжүүлнэ. Тухайлбал, вагоны явах эд ангийн гэмтлийг галт тэрэг өртөөнд ирэхээс нь өмнө компьютероор илрүүлдэг  төхөөрөмж гадны улсуудад нэвтрээд байгаа. Үүнийг нэвтрүүлэх зорилт бий. Саналаа удирдлагууддаа тавьсан. Ирэх онд түрүүчээс нь суурилуулах байх. Мөн вагоны засвар хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх санал ч судлагдаж байгаа. Урд хойд хоёр хөршид гэхэд л галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах орчин үеийн хяналтын төхөөрөмж байдаг. Харин манайд ийм төхөөрөмж хараахан гараагүй, хүний хүчээр л ажилладаг. Тэгэхээр цаашид энэ шинэ технологиудыг нэвтрүүлж, хүний хөдөлмөрийг багасгаж, бүтээмжийг дээшлүүлэх том зорилт тавиад байгаа гэж ойлгож болно.
Бидний нэн яаралтай шийдвэрлэх нэг асуудал нь ажлын байр. Эхний техник үйлчилгээний газрын байшин 65 жил ашиглагдаад байна шүү дээ. Айлын хажуу өрөөнд байрладаг техник үйлчилгээний газар ч бий. Сүүлийн арван жил Салхит, Багануур хоёрт л шинэ байр барьсан. Тэгэхээр техник үйлчилгээний газруудынхаа ажлын байрыг шинэчлэх шаардлага бидэнд бий. Төлөвлөгөөтэйгээр шинэчлээд явна. Ажлын байрны нөхцөл сайжрахаас гадна ажилчид сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэнэ.


Замын-Үүдийнхний  бүтээл шалгарав

Вагон ашиглалтын депогоос одонт тугаа угтан өрнүүлсэн томхон ажлын нэг нь сургалтын тренажор бүтээх уралдаан юм. Энэ арга хэмжээнд төмөр замын техник үйлчилгээний газрууд идэвхитэй оролцож, өөрийн гэсэн сургалтын тренажортой болоод авчээ. Одонт туг Толгойт зангилааны ТҮГ-т залраад байх үед эл тэмцээний шилдгүүд шагналаа гардсан юм. Нэгдүгээр байрт “Замын-Үүд” ТҮГ шалгарч 300 мянган төгрөг өргөмжлөл, хоёрдугаар байрт “Эрдэнэт- ТҮГ шалгарч 250 мянган төгрөг өргөмжлөл, гуравдугаар байрт “Чойр” ТҮГ шалгарч 200 мянган төгрөг өргөмжлөл тус тус гардсан юм.  Идэвхитэй сайн оролцсон “Вагончид” сонин “Толгойт” ТҮГ,  “Сүхбаатар” ТҮГ-ын багийг тусгай байрт шалгаруулан урамшууллаа. Сургалтын тренажорыг газар бүр өөр өөр онцлог давуу талтай бүтээсэн гэдгийг вагон ашиглалтын депогийн дарга хэлж байсан юм. Вагон үзэгчид энэ тренажор дээрээ сургуулилт хийж дадлагажих бүрэн боломжтой гэдгийг ч онцолсон. 

Тодруулбал, эл төхөөрөмж дээр технологит бүх ажилбарыг хийх боломжтой аж.  Тормозны эд ангиуд нь бүрэн ажиллагаатай, дугуй нь өнхөрдөг гээд яг л вагон гэнэ.  Өөрөөр хэлбэл, вагонд байдаг бүхий л эд ангиуд тавигдсан сургалтын томхон бааз аж. Тус уралдаанд гуравдугаар байрт орсон “Чойр” ТҮГ-ын дарга Д.Мэндээгээс хийсэн бүтээлийнх нь талаар тодруулахад, “Манай ТҮГ битүү вагоны арал дээр тэвшнээс бусад бүх эд ангийг суурилуулж  хөдөлгөөнт тренажор бүтээсэн. Өөрсдийнхөө хөрөнгөөр компрессор авч тавьсан болохоор вагон үзэгч яг галт тэрэгний бүрэн бүтэн байдлыг шалгаж байгаад дадлага хийх боломжтой болж байгаа юм. Техникийн кабинетийг томруулахаас эхлээд цаг хугацаа зардал мөнгө их орсон. Ээлжийн ажилчдаа ажлаас нь чөлөөлөөд хийлгэсэн. Гэхдээ алхах вагон үзэгч Батхүрэл маань маш их үүрэг гүйцэтгэж ажилласан гэдгийг энд дурдах нь зүйтэй. Бүтээл маань гуравдугаар байрт шалгарсан нь бидний ажлын үнэлгээ юм даа” гэв. Шагнал гардуулах арга хэмжээний үеэр УБ, Багануур, Багахангай, Толгойт зангилааны вагон үзэгчид  бүтээсэн сургалтын тренажор дээрээ ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан