Манай улс төмөр зам засах зориулалт бүхий орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон хоёр вагонтой боллоо. Нэг нь төмөр замыг хэмжих, нөгөө нь сэв шалгах зориулалттай гэнэ. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн бүрэн автомат тоноглол бүхий эдгээр вагон нь төмөр замчдын хувьд олон жилийн мөрөөдөл нь байжээ. Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэх төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар авсан аж. Монголын төмөр замд 1956 оноос эхлэн троссон систем бүхий зам хэмжигч вагон ашиглаж иржээ. Ингэхдээ хоёр ч удаа шинэчлэл хийсэн ч зам шалгах технологи нь шинэчлэгдэлгүй өдий хүрсэн аж. Энэ удаа хүлээн авч байгаа зам хэмжигч вагон нь бүхэлдээ орчин үеийн мэдээллийн технологи дээр суурилагдан бүтээгдсэнээрээ онцлог аж. Зам хэмжих бүрдэл, зам хэмжилтийн систем, замын дээд бүтээцийн хяналтын систем, зам төмрийн уулзварт хийх шалгалтын систем, зам төмрийн хөндлөн огтлолд тавих хяналт, замын төхөөрөмж, байгууламжуудын байдалд дүрс бичлэгээр хяналт тавих систем, өндөр хурдны дуу бичлэгээр замын гэмтлийг илрүүлэх системүүдтэй болохыг мэргэжилтнүүд тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, шалгалтын үр дүнг хүний оролцоогүйгээр шууд автоматаар гаргаж харуулах боломжтой болжээ. 1520 мм-ийн царигтай замд, 120 хүртэл километр цагийн хурдтай ажиллах хүчин чадалтай шинэ зам хэмжигч вагонд дарга, цахилгаан-электроникийн инженер, инженер механик, инженер-оператор, вагоны үйлчлэгч зэрэг 14 хүн ажиллана. Зам хэмжигч “ДЕКАРТ” гэх энэ вагоны дотор тохжилтыг ч манай талаас тавьсан хүслэтийн дагуу гүйцэтгэжээ. Автоматжуулсан ажлын байр, амралт болон ахуйн зориулалттай өрөө тасалгаанууд нь ажилчдад гэртээ байгаа мэт ая тухтай байх боломж олгох аж. Нэг ажилтны өрөө гэхэд зөөлөн орноос гадна хувцасны шүүгээ, ажлын ширээ сандалтай харагдсан.
Сэв шалгагч вагон ч мөн л үүний адил хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж, ая тухтай байдлыг хангасан байна. Манай төмөр замд 1978 онд төмөр замын сэв гэмтлийг илрүүлэх зорилгоор оросын инженерүүдтэй хамтран өөрөө явагч “МДД-1” автомоторисыг зохион бүтээж анх ашиглаж эхэлсэн байна. Өнгөрөгч хугацаанд буюу 1987 онд тухайн үедээ технологийн дэвшил болох цаасан туузан дээр бичлэг үйлддэг сэв шалгагч вагоныг авч ашиглаж байсан бол 1997 онд компютерийн аппарат-тоноглол бүхий цахилгаан соронзонгийн аргаар гэмтэл илрүүлдэг вагонтой болжээ. Үүнийгээ ч үр дүнтэй ажиллуулсаар өнөөдрийг хүрсэн аж. Гэхдээ зөвхөн зам төмрийн толгойн дээд хэсэгт байгаа сэв гэмтлийг л илрүүлдэг байжээ. Тэгвэл, шинээр хүлээн авч байгаа энэхүү сэв шалгагч вагон “ВД-УМТ-1” нь хэт авиа-цахилгаан соронзонгийн хамтарсан аргаар зам төмрийн толгой, хүзүү хүзүүний харалдаах улны хэсэгт орших гэмтлүүдийг ч илрүүлэх бүрэн боломжтой гэнэ.
Тус вагонд сэв шалгуурын бүрдэл, хэт авианы шалгалтын систем, цахилгаан соронзонгийн систем, өндөр хурдтай дүрс бичлэгээр зам төмрийн гэмтлийг илрүүлэх систем, замын төхөөрөмж байгууламжуудын байдалд дүрс бичлэгээр хяналт тавих систем, зам төмрийн уулзварт тавих хяналт, зам төмрийн хөндлөн огтлолд тавих хяналтын системүүдийг суурилуулжээ. Дээрх хоёр вагон нь Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН, ОХУ-ын “Твема” нийгэмлэгтэй хийсэн гэрээний дагуу Монгол Улсад мөрдөж байгаа MNS6312520128 MNS583352010 стандартын шаардлагыг бүрэн хангасан байна. Ийм тохилог, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий вагон Орост ч явдаггүй хэмээн орос мэргэжилтнүүдийн нэг нь хэлсэн юм.
“УБТЗ” нийгэмлэгийн Зам аж ахуйн албаны ерөнхий инженер Г.Зоригтсайханаас цөөн асуултад хариу авлаа.
-Шинээр хүлээж аваад байгаа хоёр вагоны ач холбогдлын тухай товчхон хэлэхгүй юу?
-Манай улс зам хэмжигч вагон ашиглаж байсан л даа. Гэхдээ тросон системтэй. Хэмжилтээ цаасан дээр буулгадаг байсан. Тэгвэл шинээр авсан хэмжигч вагон нь хүний оролцоогүйгээр автоматаар хэмжээд дүн шинжилгээ хийдэг гээд олон давуу талтай. Мөн видеокамеруудаар тоноглогдсон болохоор төмөр зам дагуу байгаа инженерийн байгууламж, түүний овор хэмжээ байрлалыг ч тодорхойлно. Замын гэмтлийг хэмжих хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Бид хойд хилээс урд хил хүртэлх гол зам дээрээ сард хоёр удаа хэмжилт хийдэг юм. Ер нь төмөр зам бол байнгын хяналтанд байдаг. Хэрэв зам гэмтэлгүй байвал онц гэсэн үнэлгээ тавьдаг. Тухайн хэсгийг хариуцсан мастерууд өөрийнхөө зам дээр байнга хяналт тавьдаг л даа. Гэхдээ галт тэрэгний зөрчил гардаггүй ч тухайн зам дээр гарсан жижиг гэмтлийг ч энэ вагон ирүүлнэ.
-Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэсэн шүү дээ. Ажиллах хүн хүч нь бэлэн үү?
-Бид ОХУ-ын “Тема” буюу дээрх вагоныг авсан компани руу мэргэжлийн хүмүүсээ явуулж сургалт зохион байгуулсан. Одоо үйлдвэрлэгч компаниас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд угсралт монтажийн ажлаа хийж байна. Яг энэ үед нь манай инженерүүд хамтарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Орост онолоо мэдээд ирсэн бол одоо практик дээр дадлагажиж байгаа гэсэн үг.
-Өөр шаардлагатай тоног төхөөрөмж бий юу?
-Зам засварын хүнд машин механизмууд нэлээд сайжирч гарч ирээд байна. Илүү хүчин чадалтай, илүү ихээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн байдлаар бүтээгдэж байна. УБТЗ-ын Зам аж ахуйн хэмжээнд төлөвлөгөөтэйгөөр үе шаттай жилд нэгээс хоёр тоног төхөөрөмж авч, зам засварын машин механизмын парк шинэчлэл хийдэг. Тухайлбал гараар зам чигждэг байсан бол автоматаар чигждэг төхөөрөмж гарсан. Бид “ФРБ 1200” маркийн төхөөрөмж авсан ч одоо түүнийг илүү сайжруулсан загвар нь гарч ирээд байна. Богино хугацаанд илүү их ажил гүйцэтгэдэг. Тэгэхээр цаашид техник технологийн шинэчлэл рүү л тэмүүлж ажиллана.