Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 тонн буудай 600 гаруй “чингэлэг” болж, тариаланчид үйлдвэрлэгчдийг бухимдуулав


Дотоодын зах зээлээс буудай авахаа зогсоосон уу? Яг хэдий хэмжээний буудай ямар үнээр аваад байна? За гурилын үйлдвэрийнхэн нэг нэгээрээ асуултанд хариулаарай гэж ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өчигдөр сэтгүүлчийн үүргийг багахан хугацаанд гүйцэтгэлээ. Түүний асуулт үүгээр хязгаарлагдсангүй. Буудайны цавуулаг ямар байна. Үүнээс илүү буудай зах зээлээс авах боломжгүй юу гээд үргэлжиллээ. Ингээд гурил үйлдвэрлэгчид нэг нэгээрээ асуултанд хариулсан юм.

Од групп- Улаанбаатар, Сэлэнгэд буудай авч байна. Одоогоор 7000 тонн буудай аваад байна. Импортоор буудай авсан зүйл байхгүй. Дотоодоосоо л авч байгаа.
Булган аймгийн гурилын үйлдвэр- 200 тонн буудай авсан. Нэмж 600 тонныг авахаар төлөвлөж байна. Цавуулгын хувьд тааруухан байгаа.
Улаанбаатар гурил- Одоогоор дотоодоосоо 16 мянган тонн буудай аваад байна. Дархан, Сэлэнгэ, Төв аймгаас өдөр тутам буудай авч байгаа. Манайх 1000 тонн буудай импортоор олгогдсон квотынхоо дагуу оруулж ирсэн. Бүх бичиг баримт, хяналт шалгалтын дагуу.

Жавхлант гурил-600 гаруй тонн буудай аваад байна. Цаашдаа 6-7 мянган тонныг авах төлөвлөгөөтэй. Одоогоор буудай авахаа түр азнаад байна. Учир нь үнийн хувьд арай л өндөр байна. Тариаланчид маань өөрсдийн эрх ашгаас гадна ард түмнээ үйлдвэрлэгчдээ бодмоор байна.  Тонн буудайг 550 мянган төгрөгөөр авна гэдэг арай л өндөр үнэ.
Өег гурил- 30-40 мянган тонн буудай авахаар төлөвлөсөн. Одоогоор 10 мянган тонныг авсан.  Бүтэн жилийн буудайн хэрэгцээгээ нэг дор татан авахын тулд санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа.  Төлбөрийн нөхцөлөө тохироод тонн буудайгаа 500-550 мянган төгрөгөөр авч байна.
Эрдэнэт фүүдс- Булган Сэлэнгээс 12 мянган тонн буудай аваад байна. Чанар, төлбөрийн нөхцөлөөс шалтгаалж, 500-550 мянган төгрөгөөр тонн буудайгаа авч байна. 550 мянгаар 28-аас дээш хувийн цавуулагтай буудайг, төлбөрийн уян нөхцөлтэйгээр, 500 мянгаар  21-28 хувийн цавуулагтай буудайг шууд төлбөрөөр авч байгаа. Одоогоор ирж байгаа буудайн 30 орчим хувь нь цавуулаг багатай ирж байна. Бид газар дээр нь шинжилгээ хийгээд аль болох өөрсдөө сонгож авч байна. Цавуулаг өндөртэй буудай их хэмжээгээр байвал багатайг бага зэрэг авч хольж болно.
Дорнод гурил- 10-12 мянган тонн буудай авна. Одоогоор 7000 тонныг аваад байна. Тонныг нь 450-550 мянган төгрөгөөр чанар, үнийн хувьд тохиролцож авч байгаа.

Милл хаус-30-40 мянган тонн буудай худалдаж авахаар төлөвлөсөн. Одоогоор 18 мянган тонныг Дархан Сэлэнгэд 5-6 мянган тонныг үлдсэн 12 мянган тонныг Улаанбаатарт худалдаж авсан. Худалдан авалт зогсоогүй. Үйлдвэр 7 хоног засвартай байгаа учраас Улаанбаатар хотод гурав хоног худалдан авалтаа зогсооно. Дархан-Уул аймагт хэвийн байна. Бидний хувьд санхүүгийн дэмжлэг хүсч байна. Бүтэн жилийнхээ нөөцийг нэг дор худалдаж авна гэхээр санхүүгийн хувьд хүндрэл үүснэ. Үүнийг шийдчихвэл худалдан авахад ямар нэгэн хүндрэл алга.
Ийн гурил үйлдвэрлэгчид дотоодын зах зээлээс өөрсдийнхөө боломжоор ҮХААЯ, тариалан эрхлэгчидтэй тохирсны дагуу  аль болох тонн буудайг 550 мянгаар үнэлж худалдаж авч байгаа гэдгээ илэрхийлэв.
Үүнээс харвал Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос буудайгаа үтрэм дээрээ өнжөөх нь гээд дэмий сандарсан аж. Тэгвэл импортоор 40 мянган тонн буудайг “Улаанбаатар гурил”-тай хуйвалдан оруулж ирсэн гэх хэрэгт “унаад” байгаа ҮХААЯ-ын төрийн нарийн Х.Золжаргал сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.


Х.Золжаргал: Л.Цандэлэг заримдаа санаанд багтахгүй зүйл ярих юм

-Таныг хууль бусаар гурил үйлдвэрлэгчидтэй хуйвалдаж, импортоор буудай оруулж ирсэн гэх мэдээлэл байна?
-Энэ оны хоёрдугаар хагаст таван аж ахуйн нэгжид нийт 49 мянган тонн улаан буудай импортлох квот олгосон.  Дөрвөн аж ахуйн нэгж нь тус бүр 10 мянган тонноор, нэг нь есөн мянган тонноор оруулж ирнэ.  Энэ тавын нэг нь АПУ компанийн спиртын үйлдвэр. “Улаанбаатар гурил”, “Од групп”, “Сайхан хүнс”, “Хангайн Миллс” гэсэн дөрвөн үйлдвэр  эрх авсан. Хуйвалдаж нэгэнд нь илүү өгсөн юм байхгүй. Хоёрдугаарт импортоор буудай оруулж ирэх эрхийг  би өөрөө сонгон шалгаруулж өгчихсөн юм биш. Үнэлгээний хороо ажилладаг. Бүх компаниудаас хүсэлтийг нь аваад үнэлгээний хороо хуралдаад, зөвлөмж гаргасны дагуу олгодог. “Улаанбаатар гурил” компаниас та бүхэн асуугаарай. Монгол улсын хил гаалиар зөвшөөрөлгүйгээр улаан буудай орж ирэх ямар ч боломжгүй. Чанар болоод бусад хяналтыг гааль мэргэжлийн хяналтынхан тавьж, дүрэм журмаар нь оруулж ирдэг.

-Таныг 40 мянган тонн улаан буудай импортлож, улсад шахна ч гэсэн байсан?
-Цандэлэг заримдаа са­наанд багтахгүй зүйл ярих юм. 40 мянган тонн улаан буу­дай оруулж ирээд ул­сад шахах гэж байгаа гэж на­майг гүтгэсэн байна лээ.  Тариалан эрхлэлтийг дэм­жих сан энэ жил бэлэн мөнгөөр ямар ч улаанбуудай худалдаж авахгүй. Улс мөн бэлэн мөнгөөр улаан буудай худалдаж авах гээгүй байна. Зөвхөн тариаланчдад өгсөн  хөнгөлөлт зээл тусламжийн авлагаа улаан буудайгаар буцааж авдаг. Нийтдээ атрын гуравдугаар аян эхэлснээс хойш тариаланчид тариалан эрхлэлтийг дэмжих санд 46 тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа. Энэ өглөгийг барагдуулах ёстой. Тариалан эрхлэгчид маань өрөндөө буудайгаа өгч байгаа. Улс өөрөөр хэлбэл өрөндөө энэ жил 26 орчим мянган тонн улаанбуудай авах тооцоотой байна. Үүнийгээ тонныг нь 550 мянгаар тооцож авч байгаа.

-Гурил үйлдвэрлэгчид нийт хэдий хэмжээний хөнгөлөлттэй зээл одоогоор аваад байгаа юм бэ?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гурил үйлдвэрлэгчдэд олгосон зээл нэг жилийн хугацаатай байдаг. 2012 онд 48 тэрбум төгрөгийн зээл 20 гаруй үйлдвэр авсан. Энэ зээлээ жилдээ төлөөд одоогоор гурил үйлдвэрлэгчид 27 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа.  Цаашид хэдий хэмжээний зээл олгох тухайгаа өнөөдөр ч ярилцах гэж байна.

-Үйлдвэрлэгчид түрүүн санхүүгийн асуудлаа ший­дэж чадвал энэ жилийнхээ буудайн нөөцөө бүрдүүлж авах боломж бий гэж байна. Гэхдээ яагаад ч хүссэн хэмжээндээ зээл авах боломж бол байхгүй. Наад зах нь барьцаа бий?
-Гурил үйлдвэрлэгчид үл хөдлөх хөрөнгөө барь­цаа­лаад их хэмжээгээр зээл авах бололцоогүй байдаг. Тариаланчдаас буудайгаа зээлээр аваад гурилаа бор­луулсны дараа төлбөрийг нь төлөх тухай ярьдаг. Тиймээс зээл олгох тогтолцоогоо өөрчлөхөөр ярьж байгаа. Улаанбуудайгаа чанартай найдвартай саванд хадгалж байгаа компанид буудайг нь барь­цаалаад  зээл олгох шинэ тогтолцоог бий болгох гэж байна. Хэрвээ дээрх тогтолцоо нэвтэрчихвэл тариаланчдын мөнгийг ч түгжих шаард­лага­гүй болчихож байгаа юм. Үйлдвэрлэгчид ч бүтэн жи­лийн­хээ буудайг нөөцөлж чадна.

-Тариаланчдын ярьж байгаагаар үйлдвэрлэгчид хямд гэхдээ чанаргүй буудай импортоор оруулж ирж, дотоодынхоо буудайг үнэгүйдүүлэх нь гээд байгаа. Гэтэл үйлдвэрлэгчид буудайн үнээ нэмэх гэсэн шалтгаан гэж байна. Уг нь гурван талт хэлэлцээр хийж тохиролцоонд хүрсэн гэж байсан байх аа?
-Валютын ханш өссөн нь тариаланчдын зардал нэмэгдэхэд ч нөлөөлсөн гэдгийг бид мэднэ. Тийм учраас гурил үйлдвэрлэгчид, тариаланчидтай хамтарсан хурал энэ есөн сард хийсэн. Тариаланчид тариалан эрхлэлтийг дэмжих санд авах буудайн үнээ 550 мянган төгрөг болгооч ээ гэсэн хүсэлт тавьсан. Гурван цаг хэртэй хуралдаад бид тариаланчдын  хүсэлтээр нь шийдвэрт хүрсэн. Харин гурил үйлдвэрлэгчид тариаланч хооронд тохиролцоод буудай авах үнийг манай яам зохицуулдаггүй.

-Гэхдээ тариалан эрх­лэлтийг дэмжих сан тонн буудайг 550 мянгаар тооцож авахаас гадна 100 мянган төгрөгийн урамшууллаа олгож байгаа байх аа?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн хүнсний улаан буудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгох, баруун таван аймагт тарьж нийлүүлсэн бол 150 хүртэл мянган төгрөгийн урамшуулал олгох журам хэвээр байгаа.

-Буудайг тонныг нь 550 мянгаар авч байгаа тохиол­долд гурилын үнийг 850 төгрөгт барина гэсэн шийдвэрт хүрсэн гэж байсан. Гэхдээ “Алтан та­риа” компанийн хувьд нэг кг гурилаа өнөөдөр 780 төг­рөгөөр үнэлж байгаа гэсэн. Тэгэхээр  гурил 850 төгрөгөөс хямд байх боломж байна гэж хэлж болох уу?
-“Алтан тариа”  компани 780 төгрөгөөр гурилаа зарахаар бусад компани мөн энэ хэмжээний үнээр зарах хэрэгтэй. Тэгэхээр буудайн үнээ ч хямдруулах шаардлагатай болно. Тариаланчид , гурил үйлдвэрлэгчид маань одоо яг зах зээлийнхээ жамаар гэрээ хэлэлцээрээ хийж байна.

-Таныг гүтгэлээ гэж байна. Чухам яагаад гүтгэх болсон хэрэг вэ?
-“Гацуурт”-ын Чинбат, “Шим” группын Цандэлэг нар намайг маш хүчтэй шүүмжилж байгаа.  Энэ хүмүүс найман сарын сүүлээр улаан буудайн үнийг 650 мянгаас 700 мянган төгрөг болгоно гэсэн санал тавьж байсан. Үүнийг би  хувьдаа эсэргүүцэж хүлээж авсан. Энэ бол байж болохгүй зүйл. Эцсийн эцэст манай яам ард иргэдээ гурилын үнийн савалгаанд оруулахгүй байх, инфляцад нөлөөлөхгүй байхыг гол зорилгоо  болгож ажилладаг. Бид зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаж ажиллах боломжгүй. Гурван талт хэлэлцээрээр тариалан эрхлэлтийг дэмжих санд тонн буудайг  550 мянган төгрөгөөр  авна гэж хамтарч тохирсон. Энэ тохиролцооныхоо дагуу л  ажиллаж байгаа. Чухам яагаад намайг гүтгэснийг сайн ойлгохгүй байна. Энэ бол зөвхөн гурил улаан буудайтай холбоотой биш байх. Намайг гүтгээд байгаа шалтгаан нь надад дургүй хүмүүс Засгийн газрын бүтэц ид яригдаж байхад Золжаргал гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлүүлэх юмсан гэсэн шалтгаанаар гүтгэлэг явуулж эхэлсэн биз. Миний тухай гарсан мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг би та бүхэнд баримттайгаар тайлбарлаж өгнө.

-Дотоодын буудай хан­галттай байхад заавал им­портоор буудай оруулж ирэх квот тогтоох шаардлага байна уу?
-Импортын гурилыг энэ жил л оруулж ирж байгаа юм биш.Монголын гурилын үйлдвэрүүд цавуулаг багатай буудайгаа өндөр цавуулагтай буудайтай хольж гурил үйлдвэрлэдэг.  Цавуулаг нь 23 хувиас доош улаанбуудайг тээрэмдээд гурил болгочихвол яавч чанарын шаардлага хангахгүй. 26-28-аас дээш хувийн  цавуулагтай улаан буудайтай холих шаардлагатай. Тэгэхээр дотоодод 28-аас дээш хувийн цавуулагтай улаан буудайн хэмжээ бага учраас тодорхой квотоор ОХУ-аас  цавуулаг өндөртэй  буудай оруулж ирж холих зайлшгүй шаардлага гардаг.

-Чанарын хувьд та ямар тайлбар хийх вэ?
-Ямар чанартай улаан буудай оруулж ирж байгааг та бүхэн МХЕГ-аас асуу. Ер нь хувийн компани гадаадаас өчнөөн мөнгөө зарж чанар муутай буудай оруулж ирнэ гэж байхгүй.

-Зургадугаар сарын 1-нээс импортын буудай оруулж ирэхийг хориг­лочихоод байхад өнөөдөр Улаанбаатар гурилынхан буудай оруулж ирлээ гэж буруутгаад байгаа?
-Зургадугаар сарын 24-ний өдөр ҮАБЗ-ийн хурлаар энэ оны хоёрдугаар хагаст импортын буудай оруулж ирэх квотыг тогтоож,  шийдвэр нь гарсан. Ямар нэгэн шийдвэр зөрчиж үйл ажиллагаа явуулахгүй.

-Бас нэг зүйл нь Ерөнхийлөгч тариалан эрх­лэгчдээ дэмжиж, гаднаас буудай оруулахыг хориглох тухай хэлсэн гэх нэг нээнтэг бий?
-Ерөнхийлөгч тодорхой хэмжээний  интервенци хийх улаан буудайгаа авч үлдээд бусдыг нь зах зээлийнхээ жа­маар  борлуулья. Гол нь гурил үйлдвэрлэгчдээ дэм­жиж, урт хугацаанд улаан­буудайн нийлүүлэлт тогтвор­той байлгахад яам анхаарч дэмжиж ажиллах нь зөв гэж хэлсэн. Бид үүгээр л  ажиллаж байна. Ганцхан жилийн дотор нэг компани ашигтай ажиллах биш урт хугацаандаа тариаланчид болон гурил үйлдвэрлэгчид тогтвортой ажиллахыг хүсч байна. Зарим нэг компани зөвхөн энэ жил өндөр ашиг хүсээд гурилын үнэ ямар байх билээ, үйлдвэрлэгчид ямар чанартай буудайгаар ямар гурил үйлдвэрлэх вэ гэдгийг огт хайхрахгүйгээр нэг талыг барьж улайран зүтгэж байгаа. Үүндээ намайг хавчуулж байна.

-Таны хэлээд байгаа ганц нэгхэн тариаланч гэгдэх Шим групп болоод Гацууртынхан хэдий хэмжээний буудай хурааж авсан юм бэ энэ жил?
-Шим групп бол дунд зэргийн тариаланч. Гацуурт бол том тариаланчид ордог. Эргэлтийн 46 мянган га талбайтай. Энэ жил яг хэдий хэмжээний ургац авсныг нь би сайн мэдэхгүй байна.

Ямартаа ч гурил үйлд­вэрлэгчид хийгээд албаны хүмүүсийн ярьж байгаагаар тариалан эрхлэгчид буудайгаа хэрэв боломжийн үнээр зах зээлийнхээ жам ёсоор үйлдвэрүүддээ борлуулж чадвал талбай дээрээ буудайгаа хураагаад өнжих эсвэл гахайн тэжээл болгохгүй гурил болгож чадах нь. Гэвч шунал ихэдвэл шулам болно гэж бас нэг үг бийг санах хэрэгтэй болж. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр тариаланчид өөрсдөө өндөг шиг өөгүй байтал гурил үйлдвэрлэгчид импорт руу зүтгээд байгаа ч юм биш бололтой.

“Улаанбаатар гурил” компанийн хувьд одоогоор 1000 тонн буудай л ОХУ-аас оруулж ирж. Энэ нь 60 тоннын даацтай чингэлгээр тооцвол 16 чингэлэг орчим л байх нь. Гэтэл тариалан эрхлэгчид маань “Улаанбаатар гурил “ 40 мянган тонн буюу 667 чингэлэг болгож эндүүрч, айсан бололтой. Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө гэж 16 чингэлэг буудай 667 бол харагдсан нь ийм учиртай бололтой.
ҮХААЯ-ны төрийн нарийн Х.Золжаргал “Улаанбуудайн  борлуулалтыг сайжруулах, гурил үйлдвэрлэлээ тогтвортой байлгах үүднээс Монголбанк ҮХААЯ-тай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хөтөлбөр явагдаж байгаа. Тариаланчдынхаа төлбөрийг хурдан хийх, гурил үйлдвэрлэгчид тогтвортой ажиллахын тулд эхлээд хөнгөлөлттэй зээлийн асуудлыг урьдчилан хоорондоо ярих гэж байна. Монголын санхүүгийн зах зээл дээр улаан буудай, мах, ноолуур зэрэг Монгол улсын гол нэрийн бүтээгдэхүүнийг эргэлтийн хөрөнгө барьцаалж зээл олгох бололцоог бий болгохоор ажиллаж байгаа” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Ажил хийж буй хүн, хөөрхий муу Золжаргал гадуурхагдаж хавчуулагдаж. гэхдээ яагаад гаднаас улаанбуудай авахыг цээжээрээ хамгаалаад байга аюм бэ? Тэрэнд орвол дотоодын буудайн чанарыг сайжруулах тал дээр ярьж, юм хиймээрсэн...хөөрхий
Хамгийн их уншсан