Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДҮҮЖИН ӨРГҮҮРТ СУУСАН НЬ” ГЭХ ЭМГЭНЭЛТ ХУВЬ ТАВИЛАН ХЭЗЭЭ ЭЦЭСЛЭХ ВЭ

Таагүй өдөр тохиовол өглөө буруу хөл дээрээ босчээ гэлцдэг. Тэгвэл барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн чухамдаа буруу хөл дээрээ боссон мэт энэ оныг таагүй эхлүүлсэн шигээ муу мэдээгээр  үдэх нь. Он гараад хэдхэн хонож байхад л барилгынхны балгаар мөрөөрөө машинаа жолоодож явсан залуу алтан амиа алдсан. Гэтэл албаныхан барилгын осол аваарыг 50 хүртэл хувиар бууруулж чадлаа хэмээн цээжээ дэлдэж суусан нь саяхных. Харамсалтай нь, өнгөрсөн онд эдгэх талдаа ороод байсан шарх энэ онд дахин сэдрэх шиг л болов. Он гарснаас хойш барилгын 40 шахам осол гарч, 20 хүн амь насаа алдаад байна. Анхаарал татсан нэг зүйл нь эдгээр ослын гурав нь барилгын дүүжин өргүүрээс үүдэлтэй. Барилга хот байгуулалтын яам 2010 онд “Өргүүрийг аюулгүй ашиглах дүрэм” гэгчийг боловсруулж, түүнээс хойш мөрдсөөр дөрөв дэх жилтэйгээ золгоод буй ч осол гарсаар, хүний амь эрсэдсээр л ...  
Энэ сарын 22, 23-нд гарсан хоёр осол мөн л дүүжин өргүүртэй холбоотой. Уг нь дүүжин өргүүрийг дүрмийн дагуу ашиглах юм бол ямар ч осол авааргүй ажиллах боломжтой гэдгийг албаныхан хэлдэг. Хүний аминд хүрсээр байгаа дүүжин өргүүрт хэрхэн хяналт тавьдаг, ямар учраас ослын шалтгаан болоод байгааг МХЕГ-ын өргөх механизмын хяналтын ахлах байцаагч Н.Буйдангаас тодруулахад, “Бүрэн бус өргүүр ашиглах, мэргэжлийн бус хүмүүс угсрах, өргүүр дээр мэргэжлийн үнэмлэхгүй хүн ажиллах зэргээс үүдэн осол гарч байна. Барилгын дүүжин өргүүрийг МХЕГ бүртгэж ашиглах зөвшөөрөл өгдөг. Сүүлийн дөрвөн жилд 1000 орчим өргүүрийг улсын бүртгэлд бүртгэж ашиглах зөвшөөрөл олгосон. Гэхдээ огт бүртгүүлж, баталгаажуулаагүй 200 орчим дүүжин өргүүр ашиглагдаж байна гэсэн мэдээ бий. Тэгэхээр эрсдэл дагуулсан аюул оршсоор байна гэсэн үг. Дүрмээрээ манайхаас ашиглах зөвшөөрөл авч мэргэжлийн байгууллагаар угсруулах ёстой ч гүйцэтгэгч компаниуд зардал мөнгөө хэмнэх үүднээс өөрсдөө угсардаг. Энэ алдаагаа даруй засах хэрэгтэй.  Өргүүрээ улсад бүртгүүлж баталгаажуулах, баталгаажсан өргүүр дээр мэргэжлийн хүн ажиллуулах ёстой.
Дүүжин өргүүрээс гадна долоон төрлийн өргөх төхөөрөмж байдаг. Он гарснаас хойш лифтэнд хоёр, кранд нэг осол гарсныг өргөх механизмтай холбоотой гэж үзвэл нийт зургаан осол гараад байна” гэв.  
Албаны хүн ийн тайлбарлаж байгаа ч хамгийн сүүлд осол гарсан дүүжин өргүүрийг улсад бүртгүүлж баталгаажуулсан байжээ. Баянзүрх дүүрэгт баригдаж буй орон сууцны хотхоны барилгад дүүжин өргүүрийн ган татлага тасарч, дээр нь ажиллаж байсан хоёр эмэгтэйн нэг нь амь насаа алдсан. Тэрхүү өргүүрийг 2012 онд ашиглах зөвшөөрлийг МХЕГ-аас авсан. Өмнө нь хэд хэдэн барилга дээр ажиллуулахдаа мэргэжлийн байгууллагаар угсруулсан байж. Харамсалтай нь яг осол гарсан барилга дээр ажиллуулахдаа мэргэжилтнээр бус өөрсдөө угсарчихсан бололтой. Мэргэжлийн байгууллагын акт лав байгаагүй гэнэ. Юутай ч энэ хэргийг дүүргийн цагдаагийнхан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шалгаж эхэлжээ.
Газар дээр нь очиж ажилласан мэргэжлийн хяналт­ын байцаагч, “Өргүү­рийн ган татлага нь хуучирч муудаагүй хэвийн байсан. Гол нь осолдсон ажилчид мэргэжлийн бус, ямар нэг сургалтад хамрагдаагүй хүмүүс байж. Өргүүр доош буух явцад ган татлага гогцоорсон байгаа юм. Мэргэжлийн хүн байсан бол ийм гэмтлийн үед гогцоог гаргаад доош буух боломжтой. Нэг минут л зарцуулах энгийн ажил. Гэтэл туршлага, мэдлэггүйгээс өргүүрийг доош буулгах гэж товчлуурыг хүчээр удаан дарснаас татлага тасарсан байсан” гэв. Эцэстээ барилга бариулж байсан, барьж байсан нь биш, өргүүр угсарсан, түрээсэлсэн нь ч бус хөөрхий хохирогчдын буруу болж таарах нь. Мэргэжлийн бус хүн ажиллуулсан “Зуншин” компани гол буруутан нь гэсэн байр суурийг мэргэжлийн хяналтынхан хэлж байгаа ч ажилтан нь туршлагагүй хүн байсан ч ган татлага тасарч болзошгүй гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлага, инженерүүд урьдчилж анхааруулах боломжтой байсан нь тодорхой. Осол гарах үед хамгаалах хоёр дахь ган татлага ажиллаагүй гэнэ.
Ийн дүүжин өргүүртэй холбоотой осол удаа дараа гарч хүний амь эрсэдсээр байгаад компанийн удирдлага гарцаагүй буруутай, мөн хяналт шалгалт тавьдаг төрийн байгууллагууд ч буруутай. Энэ асуудалд МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал, “Бид хүн хүчнийхээ хүрээнд бололцоотой бүхий л арга хэмжээг авч байгаа. Гол нь хяналт гэдэг нь ганц мэргэжлийн хяналтын байгууллагын ажил биш. Зураг зохиогчийн хяналт,талбайн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт, захиалагчийн, гүйцэтгэгчийн, дотоодын хяналт  гэж байдаг. Эдгээр хяналт нэгдэж нэг цогц болж байж өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал техникийн аюулгүй байдал, барилгын чанар аюулгүй байдал хангагдана. Энэ онд гэхэд улсын хэмжээнд 1000 шахам барилга дээр гүйцэтгэлийн хяналт хийсэн.  Гэвч шалгасан тухай Улсын байцаагчийн дүгнэлт шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр уялдаагүй ажилладаг, учир дутагдалтай зүйл бий. Хууль дүрэм, норм стандарт зөрчсөн тохиолдолд хүлээлгэх эрх зүйн хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай” гэв. Гээндээ ч, гоондоо ч гэдэгчлэн хохирогч мэргэжлийн бус байсан гэхийнхээ оронд хэн хэн нь алдаа дутагдлаа ухамсарлаж, хүний амь нас хохироосныхоо өмнөөс хариуцлага үүрдэг хууль дүрмийг барилгын салбарт нэвтрүүлэх цаг нэгэнт болж.  Хүйтэрч байгаа энэ үед барилгаа маш хурдан дуусгах, цутгалтаа амжиж хийх гээд барилгынхан өдөр шөнөгүй шаргуу ажилладаг. Барилгаа дуусгахад гол анхаарлаа хандуулаад хөдөлмөрийн аюулгүй байдлыг үл тоомсорлох хандлага энэ үед улам нэмэгддэг. Тэр хэрээр хүний амь эрсдэх эрсдэл ч нэмэгдсээр...

Г.Болортунгалаг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан