УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон бусад албаны хүмүүс дулаан, цахилгааны эх үүсвэрийн өргөтгөл, шинэчлэлийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн эхэнд нийслэлийн зүүн хэсгийг дулаанаар хангах зорилго тавьсан Амгалан станцын барилга, угсралтын талбайд очив. Нийт 384 МВт хүчин чадлын дулаан үйлдвэрлэх гурван зуухтай станцын цогцолборт үнс барих төхөөрөмж, утаа сорогч, яндан, нүүрсний агуулах болон вагоноос нүүрс буулгах саравч барьж буй. Тэдгээрийг холбосон нүүрс дамжуулах хоолойг ч зэрэг босгож байгаа аж. Эхний хоёр зуух 80-85 хувьтай үргэлжилж байгаа бол үлдсэн зуухны ажил өнгөрсөн долдугаар сард эхэлсэн, 60 хувьтай явна. Энэ сарын 22-ны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт 120 метр өндөр яндангаа ашиглалтад ороход бэлэн болгож, хүлээн авчээ. Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр, түлхүүр гардуулах нөхцөлтэй барьж буй барилгын ажилд жижиг гэлтгүй саад гарч буйг хэлэх хүн байв. Жишээ нь, долоон айл, хоёр албан байгууллагыг нүүлгэх ажил дөрөвдүгээр сард эхэлсэн тул үндсэн бүтээн байгуулалт хойшилсон гэнэ. Мөн нүүрс тээвэрлэх төмөр зам урьд нь 2-3 вагонд зориулагдсан, огцом эргэлттэй байсан учраас өнцгийг дэлгэх шаардлага гарч. Нүүрс ачсан 10 гаруй вагон орж, гарах тул эргэлтийн өнцгийг нэмж, арай алсуур тойруулж шинэчлэх аж. Гэвч үүнийг төмөр замынхантай тохирсон, 45 хоногийн дотор дуусах гэнэ.
Хотын баруун хэсэгт төвлөрсөн дулаан, цахилгаан станцуудаас “ДЦС-3”-ын өргөтгөл дуусчээ. Тус компани өвлийн бэлтгэл хангаж дөрвөн үндсэн тоноглолд их засвар, гуравт нь дунд засвар хийснийг мэдэгдлээ. Мөн 129 туслах тоноглолынхоо найдвартай ажиллагааг хангахын тулд засварлахаар төлөвлөсөн байна. Өвлийн бэлтгэл хангахаар 50 ажил төлөвлөснөөс ихэнх нь дуусч, 83 хувьтай яваа гэнэ. “Эрчим Стандарт” түншлэл тус станцын Есдүгээр зуухыг шинэчилж, сэргээн босгох ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн. Одоогоор 92 хувьтай, ашиглалтад орох дөхсөн гэнэ. Мөн 50 МВт-ын өргөтгөлийн ажлыг Хөгжлийн банкны зээлээр гүйцэтгэсэн. “Hunan Industrial Equipment Installation” компанийн гүйцэтгэсэн өргөтгөлийн ажил нэг жил үргэлжилж, долдугаар сарын 1-нд дуусчээ. Түүнээс хойш гурван сар орчим хугацаанд 1952 цаг ажиллаж, 94.9 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснийг мэргэжилтнүүд хэллээ.
УИХ-ын даргаар ахлуулсан албаныхан төгсгөлд нь “ДЦС-4”-ийн өргөтгөлийн ажлыг станц дотор орж шалгав. Төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулаан хэрэглээний 65 хувийг дангаараа хангадаг тус станц 32 жил ажиллаж буй. Эрчим хүчний хэрэглээний зогсолтгүй өсөлтийг хамгийн богино хугацаанд, бага зардлаар нөхөх оновчтой хувилбар нь тус компанийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт цахилгаан, цагт 188 ККал дулаанаар өргөтгөх төсөл гэж инженерүүд нь хэлж байлаа. Үүний үр дүнд 250 мянган айл өрхийн цахилгаан, 15 мянган өрхийн дулаан нэмж үйлдвэрлэх аж. Ингэснээр жилд 25.82 тэрбум төгрөгийн бодит орлого төвлөрөх тооцоо гарчээ.
С.МӨНХБАТ: ӨРГӨТГӨЛИЙН ЗАРДЛЫГ 6-7 ЖИЛД НӨХНӨ
“ДЦС-3”-ын өргөтгөл хариуцсан төслийн удирдагч С.Мөнхбатаас дараах зүйлийг тодруулав.
-Станцын өргөтгөлийн үр дүнд хэчнээн байгууллага цахилгаан, дулаанаар хангагдах бол. Төсөл эргээд хэдий хугацаанд зардлаа нөхөх тооцоотой вэ?
-Ер нь, долдугаар сарын 1-нээс бид системд залгасан. Үүний үр дүнд цахилгааны ачаалал 50МВт, дулаан хангамж 100 ККал-иор нэмэгдэж байгаа. 100 ККал гэдэг бол 4500 орчим айл өрх буюу 95 барилгын дулааныг хангахуйц хүчин чадал. Түгээлтэд өгч эхэлснээс хойших борлуулалтын орлого миний тооцсоноор 9.5 орчим тэрбум төгрөг хүрсэн. Мэдээж компани учраас дотоод зардал, бусад зарцуулалтаа хасахаар 100 гаруй сая төгрөгийн ашиг байна уу гэж тоймлож байгаа. Эцсийн тайлан дүн гараагүй. Үүгээр тооцож үзэхэд 6-7 жилийн дотор зарцуулсан хөрөнгөө нөхөх боломжтой. Олон улсын түвшинд аливаа төсөл арга хэмжээ 12 жилийн дотор зардлаа нөхөж байвал түүнийг үр ашигтай төсөл гэдэг юм. Тэр утгаараа манай энэ өргөтгөл маш богино хугацаанд өрнөсөн, үр ашгаа өгч богино хугацаанд нөхөх чадвартай. Үндсэндээ нийт ажил маань 11 сарын дотор л дууслаа даа.
М.СОНОМПИЛ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ӨСГӨХ ШААРДЛАГАТАЙ
Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн М.Сономпил.
-“ДЦС-4”-ийн өргөтгөлийн явцтай танилцлаа. Хэдийд дуусах төлөвтэй байна вэ?
-Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжилж байгаа. “ДЦС-4”-ийн 123 МВт-ын турбин генераторыг суурилуулахаар ажиллаж байна. Ирэх сарын 15-ны өдөр турбиныг туршилтын журмаар эргүүлж эхэлнэ. Тохируулгаа 45 хоногийн дотор хийснээр бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.
-Эрчим хүчний үнийг нэмэх тухай та юу хэлэх бол?
-Өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгээд байгаа боловч цахилгааны хэрэглээний үнэ үйлдвэрлэж буй өөрийн өртгөөс доогуур байхаар алдагдал гарах нөхцөл бүрдэнэ. Бид бүх ажлаа зээлээр хийж байгаа шүү дээ. 5-8 жилийн хугацаатай. Тэгэхээр бид тооцохдоо эрчим хүч, дулааны үнийг тодорхой хэмжээнд өсгөсөн. Өнөөдрийн байдлаар өсгөөгүй байгаа учраас эргэн төлөлт дээр хүндрэл учрах юм. Зөвхөн манай систем, эрчим хүчний тогтолцоогоор хязгаарлагдахгүй Засгийн газрын өр төлбөр хугацаандаа төлөгдөхгүй хүнд байдал үүснэ гэж харж байгаа.
-Өнөөдөр дулаан, цахилгааны бүтээн байгуулалттай танилцлаа. Одоо үргэлжилж буй ажлууд нийт хэдий хэмжээний хэрэгцээ хангах вэ?
-Цахилгаан эрчим хүчний хангамж 172 МВт-аар нэмэгдэнэ. Энэ бол “ДЦС-3” болон Дархан, Эрдэнэтийн дулаан, цахилгааны станцыг нэмсэн хэмжээний том өргөтгөл. Өөрөөр хэлбэл, нийт хэрэглээний 30 хувийг хангана. Өнөөдөр суурилагдсан хүчин чадал 815 МВт, түүн дээр нэмж байна гэсэн үг. Хэрэв Салхитын хүчин чадлаа нэмбэл мянган МВт давж байгаа хэрэг. Ингэснээр цахилгааны хэрэглээгээ Монгол Улс өөрөө өөрийгөө хангачихна. Мэдээж хэрэг ОХУ, Хятад улсаас урьдын адилаар эрчим хүч импортолно. Гэхдээ тэр хэмжээ 40-50 хувиар буурах тооцоо гарсан.
Дулааны хувьд 500 МВт хүчин чадал шинээр бий болж байна. Өнөөдрийн байдлаар 1500 МВт дулаан суурилагдсан хүчин чадалтай. Тэгэхээр 30 орчим хувиар нэмэгдлээ гэсэн үг. Одоогийн байдлаар манай яаман дээр шинээр барьсан барилгад дулаан авах хүсэлт ирүүлсэн нийт дүнг харахад 80 орчим МВт байна. Гэхдээ бусад бүх шинэ барилгыг оруулахад өнөөх 500 МВт хүрчихнэ.
З.ЭНХБОЛД: БИДНИЙ СОНГОСОН СТРАТЕГИ ЗӨВ БАЙЖЭЭ
УИХ-ын дарга З.Энхболд.
-Цахилгаан, дулааны станцуудаар орж өргөтгөлийн ажилтай танилцлаа. Эрчим хүчний хэрэгцээг хангах ажил цаашид ямар аргачлалаар үргэлжлэх вэ?
-Манай цахилгаан, дулааны станцууд бүгд хуучирч, эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг гүйцэж, хангаж чадахгүй болоод удаж байна. Өмнөх Засгийн газруудын үед үүнийг ярьдаг хэдий ч бодитоор дулаан нэмэгдэж, цахилгаан үйлдвэрлэл өсөөгүй. Тавдугаар дулаан, цахилгааны станц гэдэг үлгэрийг олон жил ярилаа. Гэвч тэр бол хэтэрхий удах төсөл учраас өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ станцуудаа өргөтгөх замаар хийе гэдэг шийдэлд хүрсэн. Нэг станцын насыг 30 жил гэж үздэг бол манай хамгийн хуучин нь 52 жил ажиллаж. “ДЦС-4” маань хамгийн шинэ буюу 1983 онд ашиглалтад орсон. Үүнээс өмнөх бүх станц 40-өөс илүү жил ажиллачихсан. Уг нь, сольж, шинийг барих ёстой байтал бид хуучин машинаа засаад тордоод л яваад байгаа. Нэгэнт шинэ станц барихад 4-5 жил зарцуулагдах учраас хуучин байшин дотроо шинэ генератор, шинэ зуух, гаднаа шинэ ус хөргүүр бариад хүчин чадлаа өргөтгөх зам сонгосон. Ямар ч байсан тулчихсан цахилгаан, дулааны хэрэглээгээ хангадаг болчихлоо. Үүний араас өндөр хүчин чадлын том станцууд ашиглалтад орох ёстой. Хуучин социализмын үед 800 орчим МВт-аар амьдраад болдог байсан бол өнөөдөр жилдээ 60 МВт-аар хэрэгцээ нэмэгдээд байгаа. Бид хангаж чадахгүй л байсан юм. Тийм учраас бидний сонгосон стратеги зөв байжээ гэдгийг сая очсон “ДЦС-3”-ын хамт олон харууллаа. Мөн Амгалан дулааны станц төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө дуусч, хотын зүүн хэсгийг тэр чигт нь дулаанаар хангахаар ажиллаж байна. Амгалан станц бол “ДЦС-4”-ийн хүчин чадлаас гурав дахин бага боловч 1983 оноос хойш Монгол Улсад шинээр ашиглалтад оруулж буй хамгийн том дулаан хангамжийн эх үүсвэр болж байгаа хэрэг. Ямар ч байсан аюул болж, улаан гэрэл асчихаад байсан цахилгаан, дулааны асуудлыг түр зуур амьсгаа авахуйц болгож чадлаа. Энэ зуур том төслүүдээ, цахилгаан экспортлох зэрэг дараагийн шатны ажлуудаа хийх ёстой. Аравдугаар сард БНХАУ руу албан ёсны айлчлал хйинэ. Тэр үеэр Сономпил сайд ерөнхий гэрээгээ байгуулж Монголд үйлдвэрлэсэн цахилгааны борлуулалтын тухай тохиролцоно. Энэ жил ярьж эхэлнэ гэдэг бол дараагийн таван жилд цахилгааны шинэ эх үүсвэр байгуулж, экспорт хийх ажлын эхлэлийг тавина гэсэн үг. Аливаа зүйл ярьсан даруй ажил болчихдоггүй. Цахилгаан эрчим хүчний систем гэдэг өөрөө их хөрөнгө шаарддаг. Нэг барьчихвал 40-50 жилдээ хөдөлдөггүй тийм л онцлог салбар.