Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЛХИЙ НИЙТИЙН ХҮСЭМЖЛЭХ ОРГАНИК ИРЭЭДҮЙ БИДНИЙ ГАРТ БАЙНА

Одоогоос есөн жилийн өмнө “Намрын ногоон өдрүүд” гэсэн арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд ч багагүй өгөөжөө өгсөн үйл ажиллагаа болсоор ирсэн билээ. Үүний нэг нь “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаа юм. Энэ үеэр фермерүүд өөрийн гарган авсан өндөр  ашиг шимтэй малыг бусдад танилцуулж, түгээж ирсэн. Уг үзэсгэлэнгээс  монголчууд хүнсэндээ ямар ямар үүлдэр угсаа, төрлийн малын мах, сүү сүүн бүтээгдэхүүн ашиглаж байна вэ гэдгийг мэдэж буй юм. Нөгөө талаар фермерүүд өөрийн аж ахуйд хэрэгтэй эцэг болон төллөх малаа сонгон авч сүргийнхээ ашиг шим, үүлдэр угсааг сайжруулдаг. Ийм учраас өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн үеэр хагас тэрбум төгрөгийн өндөр ашиг шимтэй мал худалдаалсан байдаг. Өөрөөр хэлбэл  1000 малаас авах ашиг шимийг 500 малаас авах нь чухал юм. Энэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хүн амын хүнсний хэрэгцээг түвэггүй хангахтай холбоотой. Нөгөө талаар байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн даац гээд олон асуудлаас гарах нэгэн арга зам болох билээ.
Монголын эдийн засгийн гол тулгуур нь  эртнээс мал аж ахуй байж ирсэн. Одоо ч нүүдлийн мал аж ахуйгаа хөгжүүлж, адгуулж буй. Өнөөдөр дэлхий нийтээр байгалийн цэвэр хүнс, бүтээгдэхүүнийг амьдрал ахуйдаа хэрэглэхийг хүсэмжлэх болсон. Иймд манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж ч гарч байна. Дэлхий нийтэд байгалийн элемент 95 хувь агуулсан бүтээгдэхүүнийг органик буюу цэвэр бүтээгдэхүүн хэмээн нэрийддэг. Ирэх хоёр гурван жилд ийм бүтээгдэхүүний эрэлт 20-24 хувиар өсөх тооцоо бий. Тэгэхээр манай улс мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийж, ашиг шимийг нь хүртэж эдийн засгаа бэхжүүлэх алтан боломжийг алдах эрхгүй юм.
Энэ жилийн “Шилмэл мал” үзэсэглэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын хүн ам 1.3 саяд хүрсэн. Иймд хүнсний хангамжаа сайжруулах нь тулгамдсан асуудал юм. Энэ намраас Улаанбаатар хотын орчим дахь фермер хөгжүүлэх хүсэлтэй иргэдэд бага хүүтэй,  таван тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байна” гэсэн билээ.
Нүдэнд туссан, нүнжигтэй сайхан мал “Шилмэл мал-2014” үзэсгэлэнд олон байна. “Хишигтэн нүүдэлчин” компани  Төв аймгийн Архуст суманд европ стандартаар бүрэн механикжсан “Нүүдэлчин ферм”  ажиллуулж буй юм. Тус компанийн сүү, махны чиглэлийн үхэр олны сонирхлыг татаж байв. Энэ үхрийг Францаас импортолж,  Монгол нутагт үржүүлж байгаль цаг уурт  дасан зохицсон шинэ үүлдэрийн үхэр гарган авч буй анхны аж ахуйн нэгж бол “Нүүдэлчин ферм”.
Говь-Сүмбэр аймгийн “Сүмбэр хонь” цөм сүргийн үржлийн төв каракуль хонь өсгөж байна. Үүнээс гадна монгол хонины үүлдэр угсааг сайжруулах талаар нэлээд ажиллаж буй аж. Тухайлбал, өнгөрсөн оны “Шилмэл мал” үзэсгэлэнд 301121 дугаартай оролцсон хар нүдэн хуц 98 кг жин татаж тэргүүн байр эзэлж байсан ажээ. Мал сүргээс гадна монголчууд бидний хэлж заншсан тахиа, гахай зэрэг туслах аж ахуйн фермерүүд нэлээд цугласан байв. Жишээлбэл “Түмэн шувуут” компаниас гадна галуу, цацагт хяруул, бээжин нугас үржүүлдэг фермерүүд ч олон байна.   Бээжин нугас л гэхэд амьдын жин нь 7-8 кг, өндөг нь 70-80 гр байдаг аж. Хүнсэнд хэрэглэх туслах аж ахуйгаас гадна гэрийн тэжээвэр амьтдын үзэсгэлэн ч бас гарав.  Туулай, тагтаа зэрэг  гэрийн тэжээмэл амьтан үржүүлэгчид  ч оролцсон юм. Цагаан шаргал өнгөтэй тагтаа хоёр газарт олноор байгаа харагдлаа. Мөн хөх бух хэмээн нэрлэдэг Гандан хийдэд олноор байдаг тагтааг ч гаршуулан тэжээсэн нь харагдаж байлаа. Гэрт тэжээдэг ийм гоёлын тагтаа өнгө, наснаасаа хамаарч нэг хос нь 100-150 мянган төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан юм.
Үзэсгэлэнгийн үеэр малын тэжээл бэлтгэх техник хэрэгсэл олон байлаа. Тухайлбал, монголчууд бидний олон жил ашиглаж дадсан “Беларус” трактор, өвс хадагч, бөөрөнхийлөн боох төхөөрөмжгээд л. Нэг “Беларус” трактор 45 сая төгрөгийн үнэтэй бөгөөд урьдчилгаа төлөөд банкны зээлээр авч болох аж. Мөн өвс хамагч нь долоон сая төгрөгийн үнэтэй. Энэ үзэсгэлэнгээс ажиглаж байхад монголчууд эцэг өвгөдөөс өвөлж ирсэн мал аж ахуйгаа шинэ шатанд гарган хөгжүүлж  жилээс жилд өсөн нэмэгдэж буй хүн амынхаа  хүнсний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадаада экспортолж эдийн засгийн гол тулгуурын нэг болгох боломж бүрэн байгаа юм.

Ц.ТУВААН: ЭНЭ ЖИЛ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙД 60 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН  

ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан “Шилмэл мал-2014” үзэсгэлэнгийн талаар ийн өгүүлэв.


-Энэ жилийн үзэсгэлэнд гаднаас фермер оролцжээ?

-Монгол бол мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон. Манай яам  Хүй долоон худагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч  “Шилмэл мал”-ын үзэсгэлэн, худалдааг сүүлийн хоёр жилд зохион байгуулж байна. Энэ жилээс Франц, Чех зэрэг улсаас оролцож байгаа нь онцлог юм.   Цаашдаа олон улсын хэмжээнд зохион байгуулах зорилт бидэнд  бий.
-Эрчижмсэн мал аж ахуйг дэмжих талаар ямар бодлого баримталж байна вэ?
-ҮХААЯ-наас “Чингис” бондын хөрөнгөөр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хөрөнгө оруулсан. Тэгэхдээ 60 гаруй тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн юм. Жишээлбэл, үзэсгэлэнд “Хишигтэн нүүдэлчин”, “Говь хурах”, “Гацуурт”, “Батос” гэсэн компаниуд оролцож байна. Тэд гадаадаас өндөр ашиг шимтэй мал авч ирсэн. Үүнээс гадна тахиа, гахай, зөгийн аж ахуй эрхлэгчид оролцлоо. Мөн манай салбарын Мал эмнэлгийн хүрээлэн, аймгуудын хөдөө аж ахуйн газар бас оролцож байгаа. Цаашид эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авна. 

Н.ӨНӨР: СҮҮ, МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ШИНЭ ЦАГИЙН МОНГОЛ АДУУ ГАРГАН АВАХААР ЧАРМАЙЖ БАЙНА

“Хишигтэн нүүдэлчин”  компанийн гадаад харилцааны албаны мэргэжилтэн Н.Өнөрөөс үржүүлж буй малынх нь талаар тодрууллаа.

-Шилмэл малын үзэсгэлэнд ямар ямар төрлийн малтай ирэв?

-Манай компани энэ үзэсгэлэнд Монтбейлъярд үүлдрийн бух, тугал тус бүр хоёрыг сонирхуулж  байна. Үүнээс гадна англи, арави цусны нэг нэг адуу, шинэ цагийн даага бас  бий.
-Өндөр ашиг шимтэй малыг хэзээнээс эхлэн үржүүлж байна вэ?
-Манай компани жилийн өмнө Монтбейлъярд үүлдрийн 155 толгой үржүүлж эхэлсэн. Энэ жил бас мөн тооны үнээ импортоор авсан. Тэгэхдээ дандаа хээлтэй үнээ авсан юм. Одоо энэ үзэсгэлэнд авчирсан тугалууд бол дандаа Монголд төрсөн.
-Фермерүүд хэр сонирхож байна, ямар үнэтэй байх бол?
-Маш их сонирхож байна. Ард иргэд малчдад хүртээмжтэй байх үүднээс тугалаа таван сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулах юм.
-Ашиг шимийг нь тодруулж хэлж өгөөч?
-Сүү, махны хосолмол чиглэлээр үржүүлдэг үхэр. Сүүний чиглэлээр үржүүлдэг үнээ их том биетэй, мах бага байдаг. Өөрөөр хэлбэл бүх энергиэ сүү боловсруулхад зарцуулдаг юм. Тэгэхээр мах бэлтгэхэд тохиромжгүй. Гэхдээ сүүний чиглэлээр маллаж болохгүй болсон үед мах бэлтгэлд ашиглаж болно.
-Өдөрт хэдэн литр сүү, дунджаар хэдэн кг мах  гарах бололцоо вэ?
-Нэг үнээнээс өдөрт 25 литр сүү саана.  Одоо дөнгөж нутагшиж байгаа тул хэдэн кг мах гарахыг нь хараахан тогтоож амжаагүй. Судалгааны төвшинд л байна. Ер нь махны гарц нь хангалттай байх болно.
-Адууны аж ахуй бас бий гэсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Бид англи, арави адууг монгол гүүтэй эвцэлдүүлж,  шинэ цагийн монгол адуу гарган авах гэж ажиллаж байна. Энэ ажил маань амжилттай байгаа. Манайхаас авсан даага энэ жилийн улсын наадамд үзүүрлэсэн.
-Энэ үхэрт өдөрт ямар тэжээл хэдий хэмжээтэй өгөх ёстой вэ?
-Ер нь, ямар ч малын тэжээлийн орц нормыг зохимжтой өгч байж ашиг шимийг нь хүртдэг.  Их хэмжээний энерги зарцуулж сүүгээ өгч буй тул эрдэс, уурагтай тэжээл зохимжтой өгөх ёстой. Гадаадын зөвлөх, манай компанийн мэргэжилтнүүдийн хамтарч хийсэн тэжээлийн норм бий. Нэг үхэр өдөрт 8-11 кг орчим өвс, тэжээл иддэг. Гэхдээ олон төрлийн уураг, эрдсийн агуулагатай байна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан