Дэлхийн анхны тусламжийн өдрийг 2000 оноос эхлэн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо жил бүрийн есдүгээр сарын хоёрдахь долоо хоногийн Бямба гарагт тэмдэглэдэг болсон. Энэ жил 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Маргааш буюу 13-ны өдөр тохиох Дэлхийн анхны тусламжийн өдрийг “Өдөр тутмын анхны тусламж ба гамшгийн эрсдэл” уриатай тэмдэглэх аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр осол гэмтлийн улмаас жил бүр дэлхий дахинд таван сая гаруй хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог гэнэ. Энэ хэвээр үргэлжилбэл 2020 он гэхэд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. Осол гэмтэл, хүчирхийлэл нь дэлхийн хүн амын нас барах шалтгаанд эхнээсээ есдүгээрт, 15-44 насны хүн амын нас барах шалтгааны долдугаарт тэмдэглэгддэг. Түүнчлэн дэлхий дахинд жил бүр зам тээврийн ослоор 1.2 сая хүн нас барж, 20-50 сая хүн гэмтэж бэртдэг. Зөвхөн зам тээврийн ослын хохирол нь улс орны эдийн засагт үндэсний нийт бүтээгдэхүүний 1-4 хувьтай тэнцэх хэмжээнд нөлөөлдөг гэнэ. Эдгээр гэмтэл ослоор нас барагсдын 90 хувь нь буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад тохиолдож байна. Хэрвээ энэ талаар дорвитой арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн чанарыг сайжруулахгүй бол нас барах хүний тоо 2020 онд 1.9 сая хүрэх төлөвтэй аж.
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээллээс харахад осол гэмтлээс шалтгаалж нас барах тохиолдол нь хүн амын амь эрсдэх шалтгааны гуравдугаарт, осол гэмтлийн өвчлөл нь хүн амын өвчлөлийн тавдугаарт бичигдэж байна. Манай улсад осол гэмтлийн шалтгаант хүн амын өвчлөл жилээс жилд өсч байгаа нь анхны тусламжид улам илүү анхаарах шаардлагатайг илтгэж буй юм. Хүн амын нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзэхэд нийгмийн бүрдэлд ноцтой хохиролтой гэдэг нь анзаарагдана. Тодруулбал, ид хөдөлмөрлөх чадвартай 20-44 насны эрчүүдийн нас барах тэргүүлэх шалтгаан нь осол гэмтэл байгаа нь хөдөлмөрийн насны залуучууд ослоор хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болж, нас барж буйг илтгэж байна.
Аливаа осол, гамшиг тохиолдсон үед гэмтэж бэртсэн иргэдийн 90 гаруй хувьд хөрш юм уу гэр бүлийнхэн нь аврах, анхны тусламж үзүүлэх явцыг гүйцэтгэдэг гэнэ. Үлдсэн 10 хүрэхгүй хувьд нь мэргэжлийн байгууллагууд ирж, тусалж чаддаг гэх баримт бий. Тиймээс анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг иргэн бүр эзэмшиж, түүнийг сургаж, сурталчлах ажлыг эрчимжүүлэх нь чухал байгаа юм. Иргэн бүр анхны тусламж үзүүлж сурвал гэмтэж бэртсэн болон ямар нэгэн өвчинд шаналж буй хүмүүсийн амьд үлдэх магадлал эрс нэмэгддэг. Мөн зөв аргачлалтай анхны тусламж нь бэртэл, гэмтлийн эдгэрэх хугацааг наашлуулдаг тул тухайн иргэн, гэр бүл төдийгүй улс орны эдийн засагт ч өгөөжтэй зүйл ажээ. Хэрэв та бүхэн анхны тусламжийн сургалт авахыг хүсвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллагууд дундаас хамгийн өргөн цар хүрээ хамардаг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 93-120-120 дугаарын утсанд хандах нь зүйтэй юм.