Иргэдийн дундаж цалин 786 мянган төгрөгт хүрсэн гэдгийг 33.5 мянган аж, ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ.
Харин дундаж цалингийн хэмжээг бүсчлэн авч үзвэл, Улаанбаатар хотод иргэдийн цалин хамгийн өндөр буюу 849 мянган төгрөг байгаа бол баруун бүсэд 583 мянган төгрөгийн цалин олгож байгаа нь хамгийн бага үзүүлэлт аж. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт буурах нь байтугай тогтвортой ч байж чадахгүй байгаа сүүлийн гурван жилтэй дээрх цалингийн дундаж тоог харьцуулан харвал, иргэдийн амьжиргааны түвшинд төдийлэн ахиц гараагүй нь илэрхий. Түүнчлэн Дэлхийн банк, ҮСХ зэрэг байгууллагаас гаргасан судалгаанд тулгуурлан харвал, иргэдийн өр зузаарч, банкны чанаргүй зээлийн хэмжээ буурахгүй байдал ажиглагдаж эхэллээ. Тиймээс дээрх байгууллагуудын судалгаанд тулгуурлан иргэд хэрхэн амьдарч байгаа талаарх баримтыг сийрүүлэн хүргэе.
Улирлын чанартай үнэ өссөн
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан өнгөрсөн наймдугаар сард бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь хэрэглээний үнийн улсын индексэд голлон нөлөөлсөн гэдийг ҮСХ хороо мэдээллээ. Тухайлбал, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар өссөн бол хувцас, бөс бараа, бүх төрлийн гутлын үнэ 1.6 хувиар, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 1.5 хувиар тус, тус өсчээ. Ингээд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд наймдугаар сард өнгөрсөн сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 7.7 хувь, өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсөхөд нөлөөлжээ.
Үүнийг ҮСХ-ны өмнөх судалгаануудын дүнтэй харьцуулж, нарийвчлан харвал энэ оны хамгийн өндөр өсөлтөд бичигдэж байна. Мөн нэг болон хоёрдугаар сард гаргасан үнийн индекс нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.1 хувиар өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ бараг нэмэгдээгүй. Гэтэл тавдугаар сараас эхлэн наймдугаар сар хүртэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөөр иржээ.
Харамсалтай нь 51.3 хувь цалингаараа амьдардаг манай улсын хувьд дээрх үнийн өсөлт нь сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд орлогын 61.1 хувийг хувцас, бараа үйлчилгээнд, 25.9 хувийг өргөн хэрэглээний бараанд зарцуулж байгаа нь цалингийн хүртээмжийг улам бүр багасгаж байгаа гэх тоо баримтыг харуулж байна.
Чанаргүй зээлийн хэмжээ буурахгүй байна
Манай улсад өрхийн өр, санхүүгийн байдлыг тооцон гаргадаггүй ч ҮСХ нь арилжааны банкны олгосон зээл, түүнээс төлөөгүй хэсгийг нарийвчлан гаргаж байна. Мөн чанаргүй зээлийн тоо баримтыг гаргаж байгаа нь иргэдийн зээлээ төлөх чадвар ямар байгааг шууд харуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар аж, ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь долдугаар сарынхаас 113 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 их наяд төгрөгөөр илүү буюу 26.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 527.1 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал, 340.7 тэрбум төгрөгөөр өссөн байгаа юм. Банкны системийнх нь хувьд чанаргүй зээлийн хэмжээг харвал, өнгөрсөн сарын эцэст 620 тэрбум төгрөг болж, нэг жилийн хугацаанд 33.4 буюу 155.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг Дэлхийн банкны статистик судалгаатай холбон тайлбарлавал, нэг өрхөд дунджаар зургаан сая төгрөгийн өр ногдож байгаа юм. Тэдний хийсэн судалгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо өсч байгаатай холбоотой байсан бөгөөд манай улсын эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан иргэдийн бодит орлого буурч байгааг тоон судалгаанд харуулсан юм.
Нийт зээлийн 42 хувийг ипотекийн зээл бүрдүүлжээ
ҮСХ-ны гаргасан судалгаанд чанаргүй зээлийн хэмжээ өссөн байгаа нь иргэдийн өр нэмэгдэж байгааг илтгэсэн. Тэгвэл Дэлхийн банк иргэдийн өр ихэссэнээр ямар үр дагаварт хүргэж болох тухай анхааруулсан байдаг. Тэд “Өрхийн өр эрчимтэй өсөх нь хэрэглээг бууруулж, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа учраас өрхийн зээлийн чанар муудах магадлалтай. Тиймээс өрхийн өрийг цаашид анхааралтай ажиглах шаардлагатай” гэсэн байдаг. Гэвч жил тойрсон хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ өсч, иргэдэд ногдох өрийн хэмжээ өндөрссөөр байгаад хяналт тавих, эдийн засгийн чадварыг сайжруулах талаар Засгийн газраас ямар нэг ажил хийгээгүй нь өрхийн өр жилийн орлогоо давж болзошгүй байдалд хүргэж буй аж. Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд ипотекийн зээл 129 хувиар нэмэгдсэн ч нийт зээлийн 42 хувийг эзэлж байна.