Эрчим хүчний салбар Монголын өнөөгийн түвшинд шударга өрсөлдөөний талбар байж чадах уу гэж ШӨХТГ-аас Эрчим хүчний зохицуулах хорооныхон асуулаа.
Учир нь, эрчим хүчний салбар өнөө хүртэл зах зээлийн зарчимдаа бүрэн шилжиж чадаагүй, төрийн хатуу бодлогоор явдаг. Гэтэл ШӨХТГ-ынхан Өрсөлдөөний тухай хуулийн 6.1-ийн хоёр дахь заалтыг / Өрсөлдөөний тухай хууль 6 дугаар зүйл. Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах
6.1.2.бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох/ зөрчсөн гэж үзэж эрчим хүч түгээх төрийн өмчит компаниуд болон ЭХЗХ-ын дарга зохицуулагч нарт торгууль оноосон билээ. Зөвхөн торгууль оноосондоо ч биш хамгийн гол нь ЭХЗХ-ын долдугаар сарын 21-ний өдөр гаргасан тариф батлах тухай тогтоолыг хүчингүй болгосон хэмээн албан ёсны мэдээлэл хийсэн.
Энэ мэдээлэл нэг талдаа ард түмний эрх ашгийг хамгаалсан бас тэр бүр оролдоод байж болохгүй эрчим хүчний тарифыг хэвээр байлгах тухай байсан учраас иргэдийн хувьд тааламжтай хүлээж авсан.
1 Квт.цаг нь 105 төгрөгөөр үнэлэгдэж байснаа 120 болсон нь иргэдэд нэг талаар эрчим хүчээ хэмнэхийг сануулж, нөгөө талаар нуруун дээрх ачааг нэмсэн үйлдэл байсан нь ойлгомжтой. Одоогоор нэмэгдсэн тарифаар мөнгөө төлж эхлээгүй учраас яг хэдий хэмжээний мөнгө цахилгааны төлбөртөө нэмж төлөхөөр болсноо иргэд тэр бүр мэдэрч амжаагүй ч үнэ нэмэхээ больсон шүү гэдэг мэдээлэл эерэгээр туссан нь тодорхой. Харин өчигдөр үүнийг үгүйсгэж ЭХЗХ-ныхон албан ёсоор хэвлэлийнхэнд хандлаа. Хэдийгээр төрийн байгууллагуудынхан эсрэг тэсрэг мэдээлэл хийх бүртээ гэрч болгон хэвлэлийнхнийг дуудаж байгаа нь “хошин” үзэгдэл ч иргэдийн эрх ашгийн үүднээс энэ бол дуулгах ёстой мэдээлэл болчихож байгаа юм.
Учир нь ЭХЗХ-ноос тариф нэмсэн тогтоол хүчингүй болоогүй гэдгийг албан ёсоор дуулгаж байна гэснээр энэ сарын цахилгааны төлбөрөө хэрэглэгчид нэмэгдсэн үнээр буюу Квт.цагийг нь 120 төгрөгөөр төлөх нь бололтой.
Өчигдөр ЭХЗХ-ын ажлын албаны дарга Э.Самдан “ЭХЗХ нь бие даасан хараат бус байдлаар хуульд заасан үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлж ажилладаг. ШӨХТГ-аас мэдэгдсэн эрчим хүчний зохицуулах хороо нь шударга өрсөлдөөний тухай хуулийн 6.1-ийн хоёр дахь заалтыг зөрчсөн байна гэж мэдэгдсэн. Энэ заалт нь эрчим хүчний зохицуулах хороонд хамаарахгүй заалт гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Үнэ тарифын зохицуулалтыг УИХ-аас 2010 онд баталсан 72 дугаар тогтоол, 2014 онд баталсан 34 дүгээр тогтоолын хүрээнд тодорхой үе шаттайгаар зохион байгуулаад ажиллаж байна” гэж мэдэгдэв.
Тэгвэл хуулийн хэлтсийн дарга Б.Энх-Амгалан ярихдаа “ШӨХТГ-аас Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны долдугаар сарын 21-ний өдрийн тариф батлах тухай тогтоолыг хүчингүй болгож байна. Хэрэглэгчид өмнө нь мөрдөж байсан тарифаараа эрчим хүчнийхээ төлбөр тооцоог хийгээрэй гэдэг хууль бус төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтэд цацсан. Тиймээс хуульзүйн үндэслэл бүхий үнэн зөв бодит мэдээллийг хүргэе.
Тарифыг хууль тогтоомжийн хүрээнд баталсан. Эрчим хүчний тухай хуулинд эрчим хүчний үнэ тарифыг хянаж батлах бүрэн эрхийг ЭХЗХ-нд олгосон. Тэгэхээр хуулиар олгогдсон бүрэн эрхээ ЭХЗХ хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, энэ асуудал маань Монгол Улсын Их хурлын 72 болон 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа. УИХ-ын тогтоолд эрчим хүчний үнэ тарифыг бодит өртгөөр тооцох, зах зээлийн зарчимд шилжүүлэх улмаар үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг ЭХЗХ-нд шууд даалгаж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Төрийн эрх барих дээд байгууллагын тогтоол гэдэг бол аливаа байгууллага албан тушаалтан хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх ёстой эрхзүйн акт. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан шийдвэрийг ШӨХТГ-аас хууль бус гэж зарлаж байгаа нь үнэхээр учир дутагдалтай зүйл боллоо. ШӨХТГ-аас ЭХЗХ-ны шийдвэрийг хүчингүй болгож байгаа тухай зарласан. Гэтэл эрчим хүчний болоод өрсөлдөөний тухай хуулинд ч ШӨХТГ нь ЭХЗХ-ны тогтоолыг хүчингүй болгодог субьект биш гэдэг нь нэн тодорхой байгаа. ЭХЗХ-ы тогтоолыг ЭХЗХ өөрөө эсвэл шүүх л хүчингүй болгох эрхзүйн зохицуулалт одоогоор үйлчилж байна. Хэрвээ хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол тухайн шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг дээд шатны байгууллагад эсвэл шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай заасан. Түүнээс ШӨХТГ-ын хэн нэгэн байцаагч тэр шийдвэрийг хүчингүй болголоо гэж зарлах эрхзүйн орчин Монгол улсын хууль тогтоомжинд байхгүй. Ийм бодит эрхзүйн орчин нь байсаар байтал ШӨХТГ-аас хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд ЭХЗХ-ын зүгээс туйлын харамсч байна” гэлээ.
Тус хорооноос гаргасан мэдээгээр эрчим хүчний компаниуд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанаас 2012 онд 66.3 тэрбум, 2013 онд 65.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Мөн Дулааны цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нүүрс нийлүүлж буй томоохон уурхай болох Багануур, Шивээ овоо ХК 2013 онд нийт 16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Одоогоор төвийн бүсийн хэмжээнд 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 2014 оны байдлаар 145 төгрөгт хүрсэн ч хэрэглэгчдэд борлуулж буй дундаж үнэ 105 төгрөг буюу өөрийн өртгөөс 40 төгрөгөөр доогуур байгаа. Мөн дулааны эрчим хүчийг өөрийн өртгөөс нь 2-3 дахин бага үнээр хэрэглэгчдэд хүргэж байгаа гэнэ.