Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Николай Косов: Манай банк Монголд 20 сая еврогийн зээл өглөө


ОХУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын банктай Монгол Улсын Хөгжлийн банк Стратегийн түншлэлийн гэрээ өчигдөр байгууллаа. Тус банк манай талд эхний ээлжинд 20 сая евротой тэнцэх мөнгө байршуулаад байна. Энэ мөнгийг хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлээр олгоно. Жишээлбэл, орон нутагт мах, түүхий эд боловсруулж, экспортлох үйлдвэрлэлд санхүүжилт  хийх аж. Стратегийн түншлэлийн гэрээ­гээр талууд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн шугам нээх, хамтран зээл олгох, экспортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төслүүдэд баталгаа гаргах, экспертизийн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах ажээ. 

Дашрамд дурдахад Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг анх 1979 онд ОХУ, Монгол, Вьетнам, Румын, Чех, Куба зэрэг найман улс хамтарч  үүсгэн байгуулжээ. Гэрээнд гарын үсэг зурах үеэр Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Николай Косов үг хэлэв. Тэрээр  “Манай банкны төлөөлөгчид Монгол Улсад   айлчилсандаа их баяртай байгаа. Цаашдаа манай банк болон Монгол Улс хоорондын харилцаа шинэ шатанд гарна гэдэгт найдаж байна. Манай банк хөгжлийн жинхэнэ олон улсын институт бөгөөд аль нэг улсын харьяалалгүй, НҮБ-д бүртгэлтэй Монгол оролцоод найман улс үүсгэн байгуулсан юм. Үүсгэн байгуулагчийн хувьд Монгол Улс Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас өгдөг бүх хөнгөлөлтийг эдэл­дэг. Тухайлбал, татвараас чөлөө­лөгдсөн, манай банкны данснууд дархлаатай. Монгол Улс нь манай банкны өдөр тутмын үйл ажиллагаанд өндөр түвшинд оролцдог. Ганц жишээ татъя. Шинээр нээсэн зээлийн багцанд Монголд үзүүлж байгаа зээлийн хэмжээ гуравны нэг буюу 34 хувийг эзэлдэг. Сүүлийн хоёр жилийн дотор бид банкны дотоодод үндсэн өөрчлөлт шинэчлэлт ч хийж дууслаа. Жишээлбэл, бүтцийн өөрчлөлт хийсэн, зээлийн багцыг өөрчилсөн, банкийг удаан хугацаанд уналтын байдалд байх үед үүссэн зээлийн үлдэгдлээ цэвэрлэсэн. Ингэснээр сүүлийн хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтын түвшнийх гэсэн рейтингийг хоёр ч удаа авлаа. Хамгийн сүүлд “МУДИС” агентлагаас А3 гэсэн үнэлгээ авсан. Ингэснээр банк олон улсын хөрөнгө оруулалтын зах зээл дээр ажиллах шинэ боломж гарч ирж байгаа юм. Бид Монголд юуны өмнө хөдөө аж ахуйн салбарт, хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтад хөрөнгө оруулалт хийх талаар сонирхож байгаа. Иймд хамгийн ойрын хугацаанд энэ салбарт зориулсан зээлийн багц гарч ирэх байх гэж бодож байна. Харин одоо хэрэгжиж байгаа зээлийн урсгал нь бага ба дунд бизнесийг дэмжихэд чиглэсэн. Бидний мэдэж байгаагаар энэ нь Монголын эдийн засгийн их чухал салбар. Бид өөрийн түнш банкуудын сүлжээгээр дамжин үйл ажиллагаагаа явуулна. Харин эдгээр банк бидний нөөц бололцоог бага ба дунд бизнесийн салбарт шууд хүргэх юм. Манай төлөөлөгчдийг найрсгаар угтан авсан Монголын удирдлага, хамтрагч нартаа талархсанаа дахин илэрхийлье” гэлээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан