ТВ8 телевиз 2006 онд анхны эфирээ нэвтрүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд гадаад дотоодод өрнөж буй үйл явдал болон цэнгээнт танин мэдэхүйн олон төрлийн сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч олондоо хүргэсээр байна. Энэ онд ТВ8 телевизийн найман жилийн ой тохиож, өнгөрсөн дөрөвдүгээр сард найман жилийн турш цуг байсан нийт үзэгчидтэйгээ, нийтийн дууны найман гавъяат, рок попын найман гавъяат, хошин урлагийн шилдэг продакшн, ТВ8 телевизэд ажиллаж уран бүтээлээ туурьвиж байсан үе үеийн уран бүтээлчидтэйгээ хамт төрсөн өдрөө нижгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Уншигч болон үзэгчид сайн мэдэх байх тус телевиз дээр 1900-1952 дугаар 24 цагийн турш ажиллаж иргэдийн санал гомдол мэдээллийн мөрөөр цаг алдалгүй шууд очиж мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэдэг. ТВ8 телевизийн мэдээллийн хөтөлбөр болон нэвтрүүлгүүд хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг. Жишээ дурдахад “Амьдралын өнгө” нэвтрүүлгээр эхнэр нь хүнд өвчин тусаж гар хөл нь хөдлөхөө больсон, Г.Отгонбаатар оролцож байсан юм. Нэвтрүүлгийн дараа олон хүн тус телевиз болоод Г.Отгонбаяртай холбогдож, “Толь” мэдээллийн хөтөлбөр “Ододтой шоппинг хийх үү” нэвтрүүлгээрээ хандив тусламж цуглуулах аян өрнүүлж олон хүн, албан байгууллагын тусламжтайгаар эхнэрийнх нь гадаадад эмчлэгдэх эмчилгээний асуудлыг бүрэн шийдэж, хөл дээрээ босоод эх орондоо эргэн ирж, нэг гэр бүл элэг бүтэн энх тунх үлдлээ.. Төв аймгийн Дэлгэрхаан сумын бага ангийн багш Г.Жадамбааг “Бодит алхам” ТББ-тай хамтран БНСУ-ын нуруу нугас, үе мөчний “Нанүри” эмнэлэгт эмчлүүлээд ирсэн. 34 жил боловсролын салбарт ажилласан Г.Жадамбаа нь 10 жилийн өмнө осолд орж нугасандаа гэмтэл авч таван жилийн өмнөөс тэргэнцэр дээр суух болсон юм. Энэ хүнийг хөл дээр нь босгох сайн үйлсийн аяныг дэмжиж олон нийтэд сурталчлах ажлыг хийж БНСУ-д очин 80 сая төгрөгийн хагалгаа, эмчилгээг үнэ төлбөргүйгээр хийлгээд ирсэн. Одоо 9-р сарын нэгэн болж Г.Жадамбаа багш маань сурагчдынхаа өмнө хоёр хөл дээрээ зогсож байгаа нь үнэхээр сайхан. Үүнээс гадна нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсэн олон ажил, бодит жишээнүүд бий. Ганцхан гэж хэлж болохоор Шөнийн толийн группыг манай үзэгчид сайн мэднэ. Гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар, их хотын шөнийн амьдралын олон өнгийг үзэгчиддээ хүргэдэг. Сайн муу үйл явдал, үл ойлголцол, хүнд суртал, хүндрэлтэй асуудал үүсэхэд хүмүүс ТВ8-ийг дууд гэдэг шүү. Ард түмнийхээ дуу хоолой болж Толь мэдээллийн хамт олон цаг хугацаатай өрсөн ажилласаар байна. Сайн уран бүтээлийг өндөр түвшинд хүргэхэд техник хэрэгсэл их чухал. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж, технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн мэдээ мэдээллийн хөтөлбөр болон бүх контентоо дуу дүрсний өндөр чанар бүхий HD форматаар цацаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Тус телевизийн үзэгчид хамгийн сайн мэдээ, нэвтрүүлгийг хамгийн өндөр чанартайгаар хүлээн авч үзэж байгаадаа талархан урмын үгийг хэлсээр байна.
Шинээр нэвтрүүлж байгаа системийн талаар:
Орчин цагт хүмүүс цаг хугацаагаа хэмнэж интернэт орчноос өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг хурдан шуурхай авахыг илүүд үзэх болсон. Энэхүү хэрэгцээ шаардлаганд тулгуурлан заавал телевизийн өмнө сууж хөтөлбөр үзэлгүйгээр гар утас, таблетнаасаа телевизийн шууд эфир болон архивын нэвтрүүлгийг үзэх үүлэн технологийг tv8 телевиз нэвтрүүлж эхэлснийг дуулгахад таатай байна. Та бүхэн www.tv8.mn сайтаас цаг үеийн мэдээ мэдээллийг авч болохоос гадна, телевизийн шууд эфирийг өөрийн компьютер дээрээ ч үзэж болох юм. Дэлхийн хаана ч интернетэд холбогдсон л бол өөрийн ухаалаг гар утас, таблет, ухаалаг телевизээс ТВ8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөр, “Ододтой шоппинг хийх үү” , “Найзууд” хүүхдийн нэвтрүүлэг, сонирхолтой зочидтой чин сэтгэлийн халуун дотно яриаг өрнүүлдэг “Гольф энд кофе” нэвтрүүлэг, “Чухал сэдэв”, “Цаг үеийн хэлэлцүүлэг”, “Дөрвөн сэтгүүлч-Дөчин хором” зэрэг цаг үе нийгэм, улс төрийн нэвтрүүлгийг шууд болон түрээсэлж, ухрааж үзэх боломжтой болж байгаа юм. Хилийн чанадад амьдран суугаа монголчууд эх орондоо өрнөж буй үйл явдлыг үүлэн технологоор хүлээн авч үзэх нөхцөлийг бүрдүүлсэнд талархаж байгаагаа ТВ8 телевизэд уламжилсаар байна. Тус телевизийн уран бүтээлчид олон шинэ шинэ контентийг үйлдвэрлэн үзэгчиддээ хүргэхээр зорин ажилласаар байна.