Дэлхий даяар хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн эхэлсэн өдрийг өчигдөр дурслаа. 1939 оны есдүгээр сарын 1-ний 4 цаг 45 минутад нацист Германы цэрэг Польш руу дайрснаас Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Тухайн үед оршин тогтнож байсан 73 улсын 62 нь буюу дэлхийн хүн амын 80 хувь нь гурван тив, дөрвөн далайд хоёр талцан 40 улсын газар нутгийг дамжин байлдсан гэхээр ямар аймшигтай дайн болсон нь ойлгомжтой. Байлдагч талууд өөрийн армид 110 сая гаруй хүн дайчилж, ДНБ-ийхээ 70 хүртэлх хувийг зөвхөн цэрэг дайнд зарцуулж байв. Дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ЗХУ, АНУ, Их Британи, Герман гэсэн дөрөвхөн улс гэхэд л дайн үргэлжилсэн зургаан жилийн дотор 652 мянга гаруй байлдааны онгоц, 286 мянган танк, өөрөө явагч их буу, хуягт машин, сая гаруй их буу, 5 сая гаруй сум шүршигч, 53 сая винтов, карбин, автомат үйлдвэрлэсэн байх юм. Япон, Итали, Франц, Канад гээд үйлдвэрлэл өндөр хөгжсөн бусад улсын үйлдвэрлэсэн үхэл таригч зэвсэг, техникийн тоог нэмвэл бүр ч аймшигтай тоо гарах нь гарцаагүй.
Нэг тал нь хүн төрөлхтөн дээд ба доод үндэстэн гэж хоёр хуваагдана, доод үндэстнүүд боол мэт ажиллаж, дээд үндэстнүүд эздийн эрхээр тэдний бүтээсэн бүх баялгийг эзэмших эрхтэй гэж нөгөө тал нь хүн төрөлхтөнд дээд ба доод үндэстэн гэж байхгүй бүгд адил тэгш эрхтэй, нэг нь нөгөөгөө дарлахгүй, бүгд эрх чөлөөтэй гэж дайтсан гэдгийг заавал онцлох эрхтэй байх. Дарангуйлагч улсуудын эсрэг хийсэн эрх чөлөөний төлөөх энэ дайн үнэхээр аймшигтай. Хэдэн арван мянган хот суурин үнс нурам болж, 70 гаруй сая хүн амиа алдсан.
Ийм дайн эхэлсэн өдөр, эхлэх болсон шалтгаан, үр дагаврыг мартах нь өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудсантай адил. Харин гар буугаар буудуулсан өнгөрсөн үе эргээд их буугаар хариу барьдаг гэдгийг санаж байх хэрэгтэй.
Өчигдөр дайн эхэлсэн өдрийн эмгэнлийн ажиллагаа Польшийн Гданьск хотод болж тус улсын Ерөнхийлөгч Бронислав Комровоский, Ерөнхий сайд Дональд Туск, Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук нар оролцон үг хэлж, дурсгалын лаа асаалаа. Ёслолын үеэр Ерөнхий сайд Туск үг хэлэхдээ бага насаа дурсан сургуульд явж байхдаа Гданьск хотын байшингууд дээр “Дайн ахин хэзээ ч гарах ёсгүй” гэж бичсэн байхыг хардаг байснаа дурссан байна. Цааш нь Украины зүүн мужуудад болж байгаа үйл явдалтай холбоотойгоор “Дайн ахин хэзээ ч гарах ёсгүй ” гэсэн уриа нь сул доройчуудын уриа байх ёсгүй. Өнөөдөр гэнэн өөдрөг занд итгэх цаг биш. Бид Украинд болж байгаа эмгэнэлт үйл явдлыг хараад 1939 оны есдүгээр сард болсон шиг зүйл дахин давтагдахгүй гэдгийг мэдэж байна. Бидэнд төөрөгдсөн зүйл үгүй хэдий ч дэлхийн шударга тогтолцоо ба аюулгүй байдлыг хангах бодит үр дүнтэй үйлдлийг шаардаж байна. Бид энх тайвны төлөө “Дайн ахин хэзээ ч гарах ёсгүй” гэсэн уриаг хүлээн авахад бэлэн” гэжээ.
Польшийн Ерөнхий сайдыг үнэхээр цагаа олсон сайхан үг хэлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч уриалгыг үнэхээр хүлээж авахын тулд Украинд сөргөлдөж байгаа талууд цэрэг зэвсгийн хүчээ нэмэгдүүлэн нэгнээ сүрдүүлэх бус харин энх тайвныг тогтоохын тулд гал зогсоон хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Гэвч зарим улстөрчдийн мэдэгдэл энхтайвны төлөө хэлэлцээрийн ширээний ард суух ямар ч боломжгүй болгож байна. Америк тэргүүтэй өрнөдийн орнууд өөрсдийн шууд дэмжлэгээр Засгийн эрхэнд гарсан Порошенкогийн хэлж байгаад итгэх нь ойлгомжтой. Харин Порошенкогийн мэдэгдэл босогчдыг ялалт байгуулахын хэрээр улам л түгшүүртэй болсоор. Европын холбооны удирдагчдын уулзалтаар тэрээр Оростой шууд байлдахаас өөр аргагүй болох эцсийн шугаманд тулж ирээд байна, Оросын хэдэн зуун танк, хэдэн мянган цэргийн албан хаагч манай нутагт цөмрөн орж ирээд байлдаж байна гээд Украиныг яаралтай НАТО-д элсүүлэх, зэвсэг, цэргээр дэмжихийг уриалав. Европын холбоо ч дуу нэгтэйгээр Оросын талд хандан Украинаас цэргээ гаргахыг уриалсан.
Хариуд нь Москва зэвсэгт мөргөлдөөний үеэр хохирсон энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа, босогчдыг дэмжээгүй, зэвсгээр туслаагүй, зэвсэг ба цэргээ Украинд огт оруулаагүй, ер нь Украины эсрэг цэргийн хүч хэрэглэхгүй гэж мэдэгдэж байгаа юм.
Оросын эсрэг өдөр болгон шахуу хориг арга хэмжээ авч, Украинаас цэргээ гарга гээд эсвэл хилээс цэргээ холдуул гээд байгаа өрнөдийн тал Оросын цэрэг, танк байлдаж байгаа гэдгийг нотлох хөдлөшгүй баримтыг олон улсад үзүүлж чадахгүй байгаад хамаг бэрхшээл байна гэж болно. Сансраас авсан зураг гээд баахан зүйл үзүүлэх ч компьютерийн технологи өндөр хөгжсөн орчин үед сургуулийн хүүхэд ч иймэрхүү зүйлийг нүд ирмэх зуур бэлдэж чадна. Интернэтээс, кино дэлгэцээс үнэхээр бодит мэт харагдах гайхамшигтай хиймэл зүйлс харсаар байгаад дасчихсан хүн төрөлхтөнд илүү бодит, материаллаг зүйл л хэрэгтэй. Олон зуун орос танк, хэдэн мянган орос цэрэг байна л гээд байгаа.
Тэгвэл тусгай ажиллагаа явуулаад ядаж таван танкийг багийн хамт, шархадсан цэргүүдийг даргатай нь хамт байлдаан хамгийн ширүүн болж байгаа газраас олзлоод авч чадахгүй байна вэ? Ийм нотолгоо хүлээж байх зуур хоёр тал зэвсэглэлээ улам нэмэгдүүлж, тулаан ширүүссээр үр дүнд нь ямар ч гэмгүй олон мянган энгийн иргэн, хүүхэд хохирч байна. Америкийн ширүүхэн улстөрчид Украинд шууд зэвсгээр туслахыг шахамдуулж эхэллээ. Ингээд байвал нэг мэдэхэд энэ асуудал Украины эрх баригчид ба салан тусгаарлагчид хоорондын мөргөлдөөн байхаа болиод цөмийн зэвсэгтэй хоёр том гүрэн, НАТО оролцсон ноцтой асуудал болж хувирахыг үгүйсгэх аргагүй. Маргалдагч талуудын зэвсэгт мөргөлдөөнийг нэг мөр зогсоож, энхийн хэлэлцээр хийлгүүлэхийн тулд бүр том дайн дэгдээнэ гэдэг яавч ухаантай хэрэг биш байх.
Тэгээд ч Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд цөмийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг мартах хэрэггүй. Ялангуяа Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 69 жилийн ой болж байгааг өнөөдөр үүнийг мартаж болохгүй. 1945 оны есдүгээр сарын 2-нд миллитарист Японы төлөөлөгчид Америкийн “Миссури” байлдааны онгоц дээр үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар 70 сая хүний аминд хүрсэн аймшигт дайн албан ёсоор дууссан. Гэхдээ дайн дуусна гэдэг том асуудал дуусч байгаа хэрэг ч залгуулаад бүр ээдрээтэй өөр нэг том асуудал эхэлдэг гэдэг үг ортой.
Иймд Дэлхийн хоёрдугаар дайны үр дагаврын талаар дурдалгүй өнгөрч болохгүй биз. Дайны улмаас дэлхийн тавцан дээрх Өрнөд Европын нөлөө буурсан. Үүнийг дагаад Ази ба Африк дахь тэдний колони орнууд үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэл өрнүүлэн богино хугацаанд Вьетнамаас эхлээд Сири, Индонези, Энэтхэг гээд олон улс тусгаар тогтнолоо олсон юм. Суларсан Өрнөд Европын оронд АНУ ба ЗХУ гэсэн хоёр их гүрэн гарч ирж хүйтэн дайн эхэлсэн. Талууд цөмийн зэвсэгтэй болсноор өчүүхэн төдий маргаан нь бүр аймшигтай дайн, сүйрлээр дуусч магадгүй болж хувирсан юм. Иймд олон улсын асуудлыг сая сая хүний аминд хүрсэн дайн болголгүй дипломат аргаар, хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэж байхын тулд НҮБ бий болсон. Товчхондоо дэлхий, хүн төрөлхтөн танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн.
Одоо Украинд болж байгаа үйл явдлыг нэн даруй энх тайвны замаар шийдэхгүй бол Европ, Оросын хувьд байдал тун ч таагүйгээр эргэж магадгүй боллоо. Эхний ээлжинд шинэ хүйтэн дайн дэгдэнэ. Өрнөдийн зарим улстөрч хүйтэн дайн шинээр эхэлснийг хэдийнэ тунхагласан. НАТО Оросын хилийн орчим таван шинэ цэргийн бааз байгуулахаа мэдэгдсэн нь үүний нэг тод жишээ гэнэ. Европын орнууд батлан хамгаалах зардлаа нэмж магадгүй болсон. Оросын шатдаг хий, газрын тосыг худалдан авахаас татгалзаад бүгдийг Америкаас худалдан авахыг санал болгож байгаа нь мөн л үүний жишээ аж. Өрнөд Европ ээлжит удаагаа өөрийн мэдлийн бүс нутагт болсон улс төрийн ээдрээг энхийн замаар шийдэх чадваргүй гэдгээ харуулснаар нэр хүнд, нөлөө нь ахин суларч АНУ, Орос гэсэн гол хоёр тоглогч сөргөлдөн бүгдийг шийдэж эхэлнэ. Үүнийг дагаад богино хугацаанд хүчирхэг гүрэн болж хувирсан Хятадын нөлөө нэмэгдэнэ. Хятадын нөлөө нэмэгдэхийн хэрээр Филиппин, Вьетнам, Япон гээд цөөнгүй улстай явуулж байгаа газар нутгийн маргаан нь хурцдана. Тэр болгонд улс гүрнүүд талцах байх. Хятад нь Америкийг ил цагаан эсэргүүцэхгүй ч Оросоос нүүр буруулахгүй, өөрт ашигтай байдлаар дэмжих нь гарцаагүй.
Украины асуудлыг богино хугацаанд шийдэж чадаагүй НҮБ-ын нэр хүнд ч бүр унаж, яваандаа бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай тулгарч магадгүй гээд хүн төрөлхтнийг ээлжит удаагаа танигдахгүй болтол нь өөрчлөн шинэ, бүр адармаатай байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.
Энэ чухал хоёр үйл явдлын ой тохиож байгаа өдрүүдэд их гүрнүүд энэ дайнаас сургамж авалгүй дайтаж байлдсаар байгаа нь харамсалтай.