Нас барсан нэгнээ оршуулах нь шоргоолжнуудын хувьд үхэл, амьдрал шийдэх асуудал болдог гэнэ. “Biology Letters” сэтгүүлд нийтэлсэн судалгааны материалаас үзвэл нэг үүрэнд амьдардаг шоргоолж нь үхэж үрэгдвэл бусад нь түүнийг зөөж гаргадаг байна. Үүний учрыг үүрэндээ элдэв өвчин тархахаас сэргийлэх үүднээс гэдгийг судлаачид эртнээс таамаглаж байсан ч судалгааны баримтаар нотолж чадахгүй байжээ. Харин саяхан хийсэн судалгаагаар тэд шоргоолжны үүрэнд үхсэн 10 шоргоолжийг хөлдөөгөөд хийж, тэнд ямар үйл явц болж байгааг ажигласан байна. Гэтэл үхсэн шоргоолжнуудыг үүрнээс гаргаж булаагүйн улмаас үүрэнд өвчин дэлгэрч, шоргоолжнууд олноороо үхэж эхэлсэн байна. Улаан шоргоолжны нүхэнд хийсэн энэ судалгааны дүнд шоргоолж шиг олноороо нэг дор амьдардаг амьтад ариун цэврийг сайтар сахихгүй бол ямар нэг өвчин дэлгэрэхэд маш хурдан тархаж, тахлын хэмжээнд хүрдэг гэдгийг мэддэг болохоор амьтад зөнгөөрөө үхсэн нэгнээ үүрнээсээ гаргаж, “оршуулдаг” гэдгийг баталжээ. Ажилчин шоргоолжнууд ийнхүү бөөгнөрөн амьдардаг нь хүнс тэжээл олох, хатан шоргоолжоо халамжлах, үүрээ хамгаалах гээд олон давуу талтай ч элдэв өвчин хурдан тархах аюултай байдаг аж.